Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2018.11.07/ гэмт этгээдүүдийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай А охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон. Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төв зочид буудал руу дагуулан орж, маргааш нь охин амь насаа алдсан байдалтайгаар олдсон юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Тэд хэргийн ул мөрөө баллахын тулд талийгаачийн биеийг цэвэрлэх, арчих зэрэг үйлдлийг хийсэн байдаг.