Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өчигдөр “Номин Холдинг” ХХК-ийн Эрх зүйн газартай хамтран хувийн хэвшлийн таван компаний 150 гаруй удирдах албан тушаалтанд “Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” уриан дор өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөр тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав нээлтийн үг хэлснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн.
Тус өдөрлөгөөр Иргэдийн төлөөлөгчөөр ямар хүн шүүх хуралдаанд оролцох, түүний эдлэх эрх, үүргийн талаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын талаар мэдээлэл олгов. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын товч дүн мэдээ, Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага холбогдох материал тараан сурталчилжээ.
Үүнээс гадна дээрх сургалт, өдөрлөгийг хүрээнд иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, өөрт тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн хүнээс асууж тодруулан зөвлөгөө авсан аж.