Categories
мэдээ нийгэм

Сүрьеэтэй өвчтөний гэр бүл санхүүгийн дарамтад өртөж буй нь судалгаагаар гарчээ

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцууллаа.

Сүрьеэгийн эмчилгээг зургаан сараас хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд сүрьеэ өвчтнүүдийн 1/3 нь ноцтой болон маш ноцтой санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтнүүдийн дунд ажилгүйдэл 11-37 хувь, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4-30 хүртэл нэмэгджээ. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11-43 хувь хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-10 хүртэл өсжээ. Сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтний 39 хувь нь зээл авахад хүрч, 45,5 хувь нь ажилгүй болжээ. Сүрьеэ өвчлөлийн өндөртэй долоон орны нэгд нь манай улс багтаж байна.

Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *