Categories
мэдээ цаг-үе

Атрын гурван аяныг үзсэн буурал тариаланч Д.Батаагийнх

Д.Батаа “Өгөөж сүмбэр” компанийн захирал, охин Б.Пүрэвжаргалын хамт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Өвгөн ах нь газар тариалантай амьдралаа холбоод нэгэн жаранг туулжээ. Цэл залуухан насандаа энэ нутагт ирж, атрын анхны шанг татаж байлаа. Би шинэхэн трактороор энэ нутгийн зөөлөн, шимт хөрсийг хөндөж, загон татаж байсан түүхтэй. Хавар атрын хөндий талд улаанбуудайн нялх соёо бор хөрснөөс цухуйчихсан байх эсвэл намрын хонгор шаргал өдрүүдэд болц нь гүйцсэн тариа хээрийн салхины аясаар найган давалгаалан шаргихад их дуртай. Газар эх хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнд үр шимээ харамгүй өгдөг юм даа. Түүний үр шимийг хүртэж явна даа өвгөн ах нь” хэмээн Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай хэлсэн юм. Өдгөө 90 нас хүрч байгаа өвгөн тариаланч энэ жил арвин их ургац хураан авч байна лээ. Га-гаас 20 гаруй центнер улаанбуудай хураан авч байгаа гэнэ. Өнгөрсөн улсын баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Гавьяат механикжуулагч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Д.Батаа гуайнд очиж тариан талбай дунд өнжлөө. Д.Батаа гуай Октябрын Сангийн аж ахуй буюу одоогийн Төв аймгийн Сүмбэр сумандаа 60 гаруй жил улаанбуудай тариалан амьдарч байгаа анхны атарчин юм.

Биднийг Д.Батаа тариаланчийн гэрт очтол гэрийн эзэн эзгүй байв. Сумын эмнэлгийн ахмад ажилтнууд уулзалдаж байгаа гэнэ. Тэр уулзалтад хүндэт зочин болон уригджээ. Түүний гар утас руу залгаж, сумын төвд ирчихсэн байгаа гэдгээ хэлтэл өөдөөс “Ах нь одоохон очно. Манай үтрэмийн хашаанд очиж бай. Тэнд манай охин байгаа” гэж хэлээд утсаа салгачихлаа.Бид түүний хэлснээр “Өгөөж сүмбэр” компанийн үтрэмийн талбайд очлоо. Цементэн талбай дээр улаанбуудайг хөл гишгэх зайгүй шахам нуруулдаад асгачихсан байв. Компанийн ажилтнууд борви бохисхийлгүй л ажиллаж байгаа харагдлаа. “Өгөөж сүмбэр” компанийн захирал Б.Пүрэвжав гэх эмэгтэй биднийг тосч авч уулзлаа. Тэрбээр “Цас орохоос өмнө тариа хураалтаа дуусгачих гээд л зүтгэж байна. Бороо, цас орсоор байгаад улаанбуудайн болц жаахан удааширсан. Саяхан манай талбайгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээд явлаа. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ жил улаанбуудай өндөр үнээр худалдаж авна гэсэн. Бид хурааж авсан улаанбуудайгаа зарах асуудалд санаа зовохгүй байгаа” гээд ярилаа. Биднийг ийн ярилцаж байтал Д.Батаа гуай хүрээд ирлээ. Тэрбээр гавьяатынхаа тэмдгийг зүүчихсэн, тод ногоон өнгийн дурдан бүс бүсэлж, бүрх малгай духдуулан тавьжээ.

90 нас хүрч байгаа хөгшин гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн юм. Бидэнтэй мэнд мэдэлцэж, хөөрөглөв. Тэгснээ “Хэдүүлээ тариан талбай дээр очиж байгаад ярилцах уу. Надад бас тэнд очих ажил байна. Нас хөгширсөн болохоор хэдэн хүүхдүүддээ заавар зөвлөгөө л өгөх юм. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан тариа тарихдаа овоо туршлагатай болоод байгаа шүү” гэв. Ингээд сумын төвөөс гарч, баруун хойшоо давхилаа. Загдалын гол захаасаа зайрмагтан хөлджээ. Замд өвс навсайтал ачсан машинууд зөрнө. Намар цагийн хөдөөд малчид өвөлдөө бэлдэж байгаа нь энэ билээ.

Намар хоёр ч удаа тариалангийн бүс нутагт цас орсон. Энэ талаар өвгөн тариаланч “Зурагт, телевизээр тариа цасанд дарагдаж унаад сүйд болоод байгаа гэх мэдээлэл гарч байна лээ. Яахав тариа унасан нь үнэн. Гэхдээ комбайнаар хадаж байгаа болохоор давгүй. Сая хэд хоног цаг агаар тун чиг сайхан байлаа шүү дээ. Энэ үеэр манайхан тариагаа овоо хураачихлаа. Одоо хэдхэн хоночихвол ургац хураалт дуусна. Энэ жилийн буудайны чанар сайн байгаа. Цавуулаг чанар, хог хаягдал бага гарч байна. Бусад айлын талбайд ямар байгааг мэдсэнгүй” гэв. Бид Жавхлант толгойн зүүн дор, Бор өндөрийн өвөрт очлоо. Тариа хураалт ид өрнөж, комбайны дуу хөндий талаар нүргэлэн сонсогдох ажээ.

АЙЛД ӨРГӨГДСӨН НЬ

Д.Батаа гуай Увс аймгийн Ховд сумынх гэнэ. Түүнтэй удам судрынх нь талаар яриа дэлгэв. Тэрбээр 1929 онд Хижиг гэх хүний ууган хүү болон мэндэлсэн байна. Тэрбээр төрөөд долоо ч хонолгүй айлд өргөгджээ. Сонин нь түүний төрүүлсэн аав, ээж болон өргөж авсан аав нь эхийнхээ хэвлийд байхад нь өргөж авах талаар хэдийнэ тохиролцсон байсан гэнэ. Түүнийг өргөж авсан аав Доржийнх зургаан охин ганц хүүтэй айл байж. Гэтэл ганц хүүг нь өвчин ээрээд байсан аж. Ингээд нутгийнхаа мэргэн хүнд үзүүлтэл “Их ядуу тарчиг амьдралтай айлаас могой жилтэй хүүхэд өргөж ав. Тэгвэл танай энэ хүүхэд хүн болно” гэж хэлсэн гэнэ. Арга чарга нь барагдсан Дорж нутгийнхаа айлуудаар бууж, өргөж авах хүүхдийн эрэлд гарчээ. Тэгсэн нутгийн урд хэсэгт орших Бор хад хэмээх газарт их ядарсан амьдралтай айл нүүж чадалгүй хар нутагт хаягдаж үлдсэн, эхнэр нь тогоон чинээ гэдэстэй байсан гэж нутгийн хүнээс сонсчээ. Үүнийг сонссон даруйдаа нөгөө айлаа зорин очсон гэнэ. Нар, сар гэрэлтсэн гэртэй, гэрийнхээ гадаа ганц бор морь, хэдхэн ямаатай залуухан хосууд хар нутагт үлдсэн нь үнэн байжээ. Гэрийн эзэгтэйг нь харсан эрэгтэй хүүхэд тээж байгаа нь илтэд мэдрэгдсэн байна. Тэгэхээр нь шууд л хүүхдийг нь өргөж авах талаар гэрийн эздэд хэлж, хадаг барьжээ. Ингэж л эхийнхээ хэвлийд бүрэлдэн байгаа хүүг өргөж авахаар тохиролцож, гэрийнхээ ойр буулгахаар болж, ачаа хөсөг зөөх тэмээ өгсөн байна. Д.Батааг өргөж авсан аав нь сумандаа мал хөрөнгө ихтэй нэгэн байсан гэнэ. Мөн феодалуудын малыг хурааж авах үед төрсөн аав, ээжид нь 100 гаруй мал тасдан өгч байсан түүхтэй аж. Түүнийг таван настай байхад өргөж авсан аав нь 73 насандаа өөд болсон байна. Удалгүй ах нь цэрэгт явж, ээжтэйгээ үлджээ. Мичин жилийн зуднаар хонь, ямаа, адуу, тэмээгээ нутгийн хүмүүст өгч, отроор явуулсан байна. Харин Д.Батаа ээжийнхээ хамт 30 гаруй тооны үхрээ аваад нутагтаа үлдсэн гэнэ. Мичин жилийн зудны талаар “Би амьдралдаа тийм хүйтэн өвөл болж байхыг үзээгүй. Үхрийн сүүл хөлдөөд тасраад ойчсон. Болжмор шувуу харганы нөмөрт бөөн бөөнөөрөө шавааралдаад тас хөлдчихсөн. Туулай бас хөлдөөд үхчихсэн байдаг байж билээ. Шүлсээ хаяхад агаар дээр хөлдөж байсан юм шүү дээ” гэв. Мичин жилийн зуднаар малаа барж, цөөхөн малтай үлдсэн байна. Гэтэл ах нь цэргээс ирж, дүүдээ монгол бичиг зааж өгчээ. Монгол бичиг сураад удаагүй байтал бүх нийтийг кирилл бичиг үсэг сургах аян улс даяар өрнөсөн байна. Д.Батаа ч кирилл үсэг амархан сурчээ. Бүр шинэ үсгийн багш болж нутгийнхаа арван хөгшинд шинэ үсэг заасан байна. Сар гаруй хугацаанд өдөр бүр хичээл заасан ч нэг ч хүнийг бичиг үсэгтэй болгож чадаагүйгээ ярин хөхөрч зогсов. Настай хүмүүс бичиг үсэг сурах гэж бөөн хөгжилтэй зүйл болдог байсан гэнэ. Ингээд шинэ үсгийн багш хийж байгаад сумын салбар агент хийж, тэндээсээ Баян-Өлгий аймгийн Даянгийн заставт цэргийн алба хаажээ.

Д.Батаагийн гэр бүл

АНХНЫ АТАРЧИН БОЛСОН НЬ

Цэргээс халагдаж ирсэн Д.Батаа нутгийнхаа бүсгүйтэй ханилан суусан байна. Нэгдэлд элсэж, тугал хариулах болж, нэгдлийн даргын тушаалаар Ховд аймагт мал зохиомол хээлтүүлэх курст суусан гэнэ. Нэгдэлдээ хоёр жил орчим ажиллаж байтал “Залуучуудын үнэн” сонин дээр “Барилгын ажилтан элсүүлж авна” гэсэн зар байхыг уншаад нэгдлээс гарах өргөдлөө өгөөд, эхнэр, том охин Б.Нямсүрэнгээ дагуулаад аймгийн төв рүү гараад давхичихсан аж. Түүнд нутгаасаа явж олны газар ажиллах хүсэл сонирхол байнга л төрдөг байснаа ийн эхлүүлсэн байна. Дээр нь тухайн үед гэр бүлийнхэн нь ээлжилж өвдөөд байж. Нутгийн мэргэн хүнд үзүүлтэл “Хүний нутагт очиж амьдарвал сайн сайхан явна” гэж хэлжээ. Ингээд барилгачин болохоор эхнэр, хүүхдээ дагуулан явж байгаа нь энэ аж. Аймгийн төвд иртэл барилгын ажилтан аваад дуусчихсан байжээ. Харин Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуй шинээр байгуулагдаж байгаа. Атрын анхны аян эхлэх гэж байгаа болохоор залуусыг ажилд авч байгаа. Бүр сангийн аж ахуйн хүн нь ирчихсэн бүртгэж байгааг нутгийнхаа хүнээс сонсчээ. Ингээд САА-н хүнтэй уулзаад удалгүй Жаргалант суманд анх хөл тавьсан байна.

Шинэ суурин суурьшсан Д.Батаа үүрэгт ажлынхаа дагуу трактор, комбайны жолооч болсон байна. Ингээд 1958 онд одоогийн Сүмбэр сумын нутагт, Хар эргийн тасаг буюу Улаан чулууны дөрөвдүгээр бригадыг анх байгуулж ажиллахаар анхны атарчин болон иржээ. Хар эргийн тасагт долоон хүн хуваарилагдаж ирсний нэг нь Д.Батаа тариаланч юм байна. Тэд шинэ газрыг анх хагалж, атрын анхны шанг энэ нутагт татжээ. Тэр тусмаа Д.Батаа гуай хамгийн анхны загоныг татаж, пооль дөрвөлжилж байсан гэнэ. Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд л шилдгүүдтэй нэг бригад болон хамтран ажиллаж, анхны атрын шанг Сүмбэр нутагт татсан түүхтэй ажээ. Д.Батаа Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд газар тариалангийн “бурхад”-тай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднээс дутахааргүй ажиллаж байжээ. Тэр ид ажиллаж байхдаа гурван ч удаа БНМАУ-ын хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолны болзол хангаж байсан гэнэ. Гэхдээ Загдалын голын хойд эргийг хагалж, төлөвлөгөөт эдийн засгийг биелүүлнэ гэсэн дарга нарын шийдвэрийг эсэргүүцэж, “Чулуутай газар хагалаад хэрэггүй. Ямар ч тариа ургахгүй” гэж эсэргүү зан гаргасан. Өөрийнхөө үзэл бодлыг сумын хурал болгон дээр шүүмжилж ярьсан гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн баатар болж чадаагүй хоцорчээ. Түүнийг анх энэ нутагт ирж байхад сумын төв байгаа газарт гурван казах, нэг урианхай айл байсан гэнэ. Энэ ч үүднээс тэр Сүмбэр сумыг анх байгуулалцсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр 265 га газраас тогтмол 428-440 тонн тариа хурааж гарамгай амжилт үзүүлэн БНМАУ-ын өндөр ургацын аварга хэмээх цолыг 1967, 1969, 1973 онуудад гурван удаа хүртсэн гэнэ. Мөн Төв аймгийн “Өндөр ургацын аварга” таван удаа, сумын долоон удаагийн аварга тариланч болж 1967 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 онд Жаргалантын САА-н хүндэт дэвтэрт бичигдэж байсан гэнэ. Эгэл жирийн тракторын жолоочоос сангийн аж ахуй тоо бүртгэгч, орлогч дарга хүртлээ дэвшин ажилласан байна. Тэр ингэж л анх Октябрын САА-г, Сүмбэр сумыг анх байгуулалцаж байсан түүхтэй ажээ.

ХҮҮХДҮҮД НЬ ААВЫГАА ӨРГӨЖ ЯВНА

Д.Батаа нутгийн бүсгүй Бадамтай ханилан сууж зургаан хүүхдийн ээж, аав болсон байна. Тэдний тав нь Сүмбэр суманд төржээ. Ууган охин Б.Нямсүрэн нь сумын сургуулийн багш, захирлаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Харин дараахь охин Б.Нямжав нь сангийн аж ахуйн нягтлангаар олон жил ажиллаж байсан бол одоо “Өгөөж сүмбэр” компанийн нягтлангаар ажиллаж байгаа юм. Гурав дахь охин Б.Пүрэвжаргал аавынхаа ажлыг өвлөн авч, “Өгөөж сүмбэр” компанийн захирлын албыг хашиж байгаа ажээ. Харин хүү Б.Даваажав нь Ражив гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежийн захирлаар ажиллаж байгаа бол Б.Даваасүрэн хүү нь Дархан хотын гаалийн дарга гэнэ. Харин бага хүү Давааням нь “Өгөөж сүмбэр” компанийн менежерээр ажиллаж байгаа юм байна. Д.Батаа гуайн эхнэр олон жилийн өмнө бурхан болжээ. Гэхдээ үр хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй хүмүүжилтэй, хөдөлмөрч болгосон тэрбээр өдгөө ач, зээ нараа тойруулан суусан өвөө болжээ. Хүүхдүүд нь аавыгаа байнга эргэж тойрч, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаа юм билээ.

Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай бид намрын салхинд үелзэн найгасан тариан талбай дундуур алхаж явахдаа түүний өсч торнисон нутаг, өдий зэрэгтээ авч яваа Сүмбэрийн уул, усны талаар хөөрөлдсөөр байв. Тэр атрын анхны шанг татахаас эхлээд амьдралынхаа нэгэн жарныг газар тариалангийн амьдралтай холбосон нэгэн. Монгол Улсад өрнөсөн гурван атрын аяны гэрч, тод төлөөлөгч юм. Тэрээр “Тариа тарих тийм амархан ажил биш. Одоо манай улс Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлэх цаг нь болсон. Хөрсөө сайжруулах хэрэгтэй байна. 60 жил огт сэлгээ хийлгүй тариа тарилаа шүү дээ. Одоо дараагийн халаа болсон хүмүүсийг төр бодлоготойгоор дэмжих хэрэгтэй байна. Шинэ боловсон хүчин байхгүй болчихлоо. Улаанбуудай сайн ургах нь тракторын жолоочоос хүртэл хамаарна. Одоо газрын хөрсний чийг хэрхэн хадгалах талаар ч тариаланчид анхаарах хэрэгтэй байгаа” хэмээн онцлон ярьж байв.

“Өгөөж Сүмбэр” компани 2000 га талбайгаас улаанбуудай, гурвалжин будаа хураан авч байгаа юм билээ. Өвгөн тариаланч маань намар намрын шаргал наран дор алтан тариа халиуран найгасан талдаа сэтгэл тэнэгэр алхаж явна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *