Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сармагчингуудын паян

Сармагчингийн сельфи

МАКАКИ

Японы макаки сармагчингууд рашаан усанд орохдоо нэгнийхээ нурууг маажиж өгч, навчаар нүүрэндээ маск тавина. Мөн нэгнийхээ нүүрэнд иллэг хийж өгч алжаалыг нь тайлна. Энэ бүхнийг харж зогссон жуулчид өхөөрдөм агшныг нь алдахгүй гэж зургийн аппаратаа бариад гэтэж байх хойгуур хадны цаана нуугдаж байсан ганц хоёр этгээд нь сэм ирээд жуулчдын цүнх, түрийвчийг хулгайлаад талийж өгнө. Сармагчингууд зоосон мөнгийг шигшиж дуугаргаж тоглоно. Жуулчид яахав “Эднүүс хөөрхийс зоосон мөнгөөр тоглож байгаа юм байна” гээд өхөөрдөөд л газарт хаясан цүнх, түрийвчээ дуугүй аваад явна. Жуулчдыг явангуут өнөө их алжаал массаж хийлгэж хэвтээд нүүрэндээ навчаар маск тавьж байсан “амрагчид” год үсрээд бөөнөөрөө тосгоны төв рүү жирийлгэнэ. Замд тааралдсан моддыг дамжиж, хашаан дээгүүр гүйлдээд цардмал замаар алхуулсаар амттан гаргадаг автомат машин дээр ирнэ. Зоосоо нэг нэгээр нь хийгээд хүссэн амттанаа кноп дараад л гаргаад ирнэ. Нэг удаа сармагчингууд автомат машинаар ийнхүү “үйлчлүүлж” зогсохыг харсан долоон настай хүүд нэг нь чийпс буюу шар төмс гаргаж ирж дайлсан байгаа юм. Автомат машинтай сайн харьцдаг, техник, компьютерийн “мэдлэг”-тэй болохоор нь ч тэгсэн юм уу, манай хойд хөршийн эрдэмтэн судлаачид макаки сармагчныг сансрын хөлөгт суулгаад 2030 оноос өмнө Ангараг дээр буулгахаар ажиллаж байгаа юм байна. Энэ зорилгоор хоёр сармагчныг сургасан нь маш амжилттай болж байгаа бөгөөд робот дотор суугаад хөдөлгөх, эргүүлэх, газраас хөөрөх үйлдлүүдийг товчлуураар удирдаж байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй компьютерийн зарим программын үйлдлийг хялбархан хийж чаддаг бөгөөд өөр хүнийг тэдгээр товчлуурууд дээрээ хүргэдэггүй аж.

ТОГ ТАСАЛСАН ХЭРЭГТЭН

Өнгөрсөн сарын 15-нд Улаанбаатар хот, зарим аймгуудад тог тасарсан. Гэтэл дараахан нь нэгэн хэрээ үүрээ засах гэж хошуундаа төмөр зууж яваад тогны эх үүсвэр дээр унагаж тог тасалсан гэх инээдтэй ч гэмээр яриа гараагүй билүү. Яг тэр үйл явдал Кени улсад болж байжээ. Гэхдээ хэргийн эзэн нь нэг муу жижигхээн сармагчин. Гитару дахь усан цахилгаан станцын трансформатор руу сармагчин унаж 180 мегаватт эрчим хүчний дутуу түгээлт үүсч Кени улс даяар дөрвөн цагийн турш гэрэл цахилгаангүй болжээ. Тог юунаас болж тасрав гэж инженерүүд судалж шинжлээд тог тасалдсан газарт очиход өнөөх хэргийн эзэн ингээд “хэргийн газар” дээрээ байж байсан гэнэ. Азаар сармагчин амьд байжээ.

САРМАГЧИНГУУД ЗУЛ САРААР ЮУ БЭЛГЭНД АВАХ ДУРТАЙ БОЛ?

Америкийн Флорида мужийн Локсахатчи хэмээх суурингийн нутаг дэвсгэрт орших “Lion Country Safari” нэртэй паркт амьдардаг шимпанзе сармагчингуудад Зул сарын баяраар Санта Клаус ирж бэлэг гардуулдаг уламжлалтай. Өвлийн өвгөнөөс бэлэг авангуутаа тээр дор нь задалж, идэхийг нь идэж, өмсч болохыг нь өөртөө барьж үзнэ. Зул сар дөхөхөөр сармагчингуудаас юу бэлгэнд авах вэ гээд асуух маягаар судалгаа явуулж тусгайлан бэлдсэн самбарт олон нэр төрлийн эд зүйлсийн зургийг байршуулжээ. Тэгтэл эм сармагчингууд нь хөхөвч рүү заагаад өөрсдийнхөө цээж рүү заажээ. Ингээд хүслийг нь биелүүлж Зул сараар өнөөх бэлгийг нь боож өгөхөд ихэд тааламжтайгаар хүлээж авчээ.

Таеквондоч сармагчин багшийгаа зодсон нь

ТАЕКВОНДОЧ САРМАГЧИН БАГШИЙГАА ЗОДСОН НЬ

Хятадын Хубэй мужийн бие хамгаалах урлагийн багш 42 настай Ло Вун “шавь” сармагчингууддаа зодуулсан явдал бий. Тэрээр гудамжинд сармагчинтай үзүүлбэр үзүүлэхийн тулд сармагчингуудыг сургаж, зодооны урлагаасаа харамгүй заажээ. Сургалтын явцад багш нь “шавь” нараа маш хатуу гараар зангидаж, өдөрт олон цагаар бэлтгэл хийлгэдэг байжээ. Тэгээд үзүүлбэр нь бэлэн болж гудамжинд олон хүний өмнө үзүүлбэрээ үзүүлэх болов. Ниши хотын худалдааны төвийн гадна талбайд тоглолтоо үзүүлж байтал багш нь санамсаргүйгээр халтирч унатал “шавь” нарынх нь нэг нь эзнээ яг л Брюс Лигийн өшиглөлтөөр тийрснийхээ дараа чих, хамраас нь зулгааж гарчээ. Балмагдсан багш нь “Надад өс хонзон санаж л явж дээ. Яах вэ гэртээ очоод хатуу шийтгэнэ” гэж. Өнөөх зодоонч “нөхөр” багшдаа хөтлүүлээд алхаж байхдаа үзэгчид рүү эрхий хуруугаа гозойлгоод нүдээ ирмэж байжээ. Орой нь таваг дүүрэн “таван салаа боов” идсэн нь ойлгомжтой, ойлгомжтой.

САРМАГЧИНГИЙН ВАНТУЛС ДАХЬ САРМАГЧНЫ ШОРОН

Хайнан арал руу манайхан их аялдаг. Аяллын маршрутын нэг хэсэг бол Сармагчингийн вант улс. Жуулчдын сонирхлыг татах, сармагчинтай холбоотой бүх юм энд бий. Сармагчингийн циркийн үзүүлбэр, тоглолт үзэж, ахуй амьдралтай нь танилцаж, хэрхэн аж төрдгийг нь дэргэдээс нь харна. Мөн тэдэнтэй зургаа татуулна. Гэхдээ сармагчин болгон хүнтэй зураг авахуулахгүй. Сургаж бэлдсэн сармагчингууд эзнийхээ дохиог чанд сахина. Та сармагчингуудтай зураг авахуулъя гээд суулаа. Тэгэхэд хоёр талаас чинь хаанаас ч юм сармагчин гарч ирээд мөрийг тань түшиж, хөлөө солбиж, шүдээ ярзайлган аальгүйтнэ. Тантай толгойгоо нийлүүлж элгэмсүү сэтгэгдэл төрүүлнэ. Энэ чинь яасан сайхан зантай амьтад вэ гэж бодож амжаагүй байхад л өнөөх зураг авахуулж байсан сармагчингууд чинь дэгдээд алга болно. Танд тэдэнтэй хамт зураг авахуулах хугацаа 10-аадхан секунд. Ийм үйлчилгээ авахад чамгүй үнэтэй. Сармагчингийн цирк бол хүмүүсийг хамгийн их инээлгэнэ. Унадаг дугуй, ямаа, морь гээд зүсэн зүйлийн юм унаж, давхилдаж эргэлдэнэ. Галаар ч наадаж чадна. Циркчид юу үзүүлдэг билээ. Тэр бүгдийг сургачихсан. Орон орны далбааг барьсан сармагчингууд талбайд гарч ирэхэд үзэгчид алга ташин баярлаж, өөр өөрсдийн орныхоо далбааг олж харж зургийг нь дарах гэж хичээнэ. Энэ үзүүлбэр бас хугацаатай. 30-аадхан секунд болов уу, үгүй юу өнөөх сармагчингууд барьж явсан далбаа сэлтээ шидэх нь шийдээд, чирэх нь чирээд утгыг нь алдуулна.

Энд сармагчингуудын унтаж амардаг байр, тоглож зугаалах орчин, хооллох газар гээд бүгд бий. Бас “Сармагчингийн шорон” бий. Байлгахаас өөр аргагүй болоод л сармагчинд зориулсан шорон босгосон нь мэдээж. Шорон гэсэн пайзтай нэг том камертай. Тэнд хүнд, хөнгөн, давтан бай ямар ч гэмт хэрэгтэнг бөөнөөр нь хорино. Сармагчингууд урт гартай учир ихэнх нь хулгайн хэргээр баривчлагдана. Зарим нь жуулчдаас туусан эдээ аваад мод дамжаад зугтана. Урт шилбүүр барьсан цагдаа нар ёстой байя аа гэтэл нь тэднийг ороолгоно. Шилбүүр, ташуурын “амтан” дор номхорсон сармагчингууд аав ээждээ зэмлүүлж, жавтгий хүртсэн хүүхэд шиг л нүд нь гүйлгэнээд тогтохгүй. Айсан нь нүднээ ил. Ингээд түүнийг Шүүхээр оруулж энэ хэргийг анх удаа үйлдсэн үү, юу хулгайлсан, зугтсан уу гээд бүгдийг цагдаа нараас асууж лавлаад шийдвэрээ гаргана. Хэрэг нь хөнгөн, хүндээсээ хамаарч 14-21 хоногийн “ял” авч камер руу чирүүлнэ. Камер дотор том жижиг, хөгшин залуу гээд элдэв сармагчингууд ялаа эдэлж, торны гаднах бүгдийг гунигтай нүдээр харна. Камерын үүдэнд хоёр хянагч байнга манаастай. “Гэмт этгээд”-үүд гэмшиж байгаа нь илт. Толгойгоо барьж, шанаагаа тулж, хумсаараа шал маажиж цагийг барах гэж хичээнэ. Сармагчингууд 3-4 удаа баривчилгаанд орж байж сая нэг номхрох тал руу орно.

МАЙ, МАЙ АВЦГАА!

Нэгэн сармагчин айлаас 10 мянган рупи хулгайлаад түүнийгээ гудмаар явж байсан хүмүүс рүү тэрбумтан шиг л “Май, май авцгаа” гэж цацсан хэрэг Энэтхэгт гарч байжээ. Айлын гэрийг “ухаад” боодолтой рупи олж аваад түүнийгээ ойр байх өндөр байшингийн дээвэр дээрээс нь ийнхүү цацжээ. Мөнгө тэнгэрээс хуйлран буухад хүмүүс бие биетэйгээ уралдан бөөн л хөл хөдөлгөөн болж. Шимла хотод ийм буяны мөнгө “тараалт” анх удаа болсон нь энэ биш. Өмнө нь бас нэг “өглөгч” сармагчин хүний гараас рупи шүүрч зугтаагаад тэрийгээ хотын хамгийн ачаалал, түгжрэл ихтэй зам дээр цацаж байжээ. Мөнгөн дэвсгэрт унаад ирэхээр машин тэрэгтэй, унадаг дугуйтай, явган явж байсан хүмүүс бужигналдан мөнгө булаацалдаж замын хөдөлгөөнийг таг зогсоосноос цагдаагийн ажилтнууд ирж зохицуулалт хийж хөдөлгөөнийг хэвийн болгосон бөгөөд “гэмт этгээд”-ийг хайсан боловч олон нийт сармагчингийн талд байсан учир эрэн хайх ажиллагааг зогсоож байжээ.

САРМАГЧИН БА ГӨЛӨГ

Нэгэн сармагчин моншоо алдаад сэтгэл гутралд ороод хоолноос хүртэл гарчээ. Түүнийг аврах гэж тосгоныхон хичээсэн ч өдөр ирэх тусам “нүднээс гарч” байлаа. Гэтэл гашуудал зовлондоо шаналж байсан сармагчин нэг гөлөг тэвэрчихсэн, өвөр дээрээ суулгаад илж байхыг тосгоны иргэд харжээ. Сармагчин гөлгийг өөрийн үр мэт хайрлаж сүү, жимсээр тэжээж, модноос мод руу дүүлэхдээ гөлгөө цээжиндээ наана. Гөлөг нь мах бараг идэж чадахгүй, “эх”-ийнхээ өгсөн сүү, жимс, жимсгэнээр л хооллож алхам ч түүнээсээ холддоггүй. Гөлөг рүү нь хүн амьтан дөхөхөд цааргалдаггүй ч бусад нохойг сармагчин нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй аж.

САРМАГЧИНГИЙН СЕЛЬФИ

Ан амьтдын гэрэл зурагчин Дэвид Слейтэр зураг авч явтал Наруто гэх нэртэй сармагчин аппаратыг нь авч зугтаад өөрийнхөө зургийг дарчихаж. Слейтэр сармагчингийн сельфиг олон нийтэд цацаж, гэрэл зургийн үзэсгэлэнгүүдэд өрсөлдүүлж овоо шагнал урамшуулал авч. Энэ явдал 2011 оны үед болсон. Тэгтэл амьтан хамгаалагч гэгдэх хэдэн нөхөд зурагчныг буруутган Нарутогийн зургийг ашиглаж олсон мөнгөнөөсөө нөхөн төлбөр өг. Бид амьтан хамгаалахад зарцуулна гэж бөөн шуугиан дэгдээж байлаа. Гэвч хууль зурагчны талд шийдвэр гаргаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ сельфи бол дэлхийн хамгийн алдартай фото зурагнуудын нэг юм.

УЛААН БОЙТОГ

Сармагчингууд хулгай зэлгий, дээрэм, шүүрэлт хийсэн хэрэг тоймгүй. Тэрэн дунд азаарны гэмээр нэг үйл явдал бий. Ширэнгэд хайгуул, эрэл хийж явсан эрдэмтэн, хайгуулчдаас бүрдсэн багийнхан отгоо орхиод ажилдаа гарчээ. Буцаад ирэхэд нь отог нь “халдлага”-д өртөж, тогоо шанага, хөнжил гудас, багаж зэвсэг гээд бүхнийг нь орвонгоор нь эргүүлээд хаячихаж. Эд материалаа бүртгэвэл дутсан юм их, алга болсон зүйл ч олон. Бодвол зэрлэг омгийнхон л энүүгээр юм шиншилж дээ ухааны юм ярилцаад тэр явдлыг тоосонгүй. Тэгээд ажлаа үргэлжлүүлээд ширэнгээр алхаж байтал нэгэн хайгуулч нь гэрээсээ гарахдаа охиноо санаад байвал бойтгийг нь үнэрлэж байя гээд авч гарсан улаан бойтгон гутлыг нь нэг монш өмсчихсөн гүйж байна гэнэ. Ээж нь бололтой эх сармагчин нь шинэ, дажгүй даашинз углачихсан их зантай нь аргагүй дээгүүр хараад улаан бойтогт моншоо хөтөлчихсөн өнгөрөв гэнэ. Багийнхан отогт нь ямар “хүмүүс” ирснийг ингэж мэджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *