Нэг ангийнхан” буландаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпийн медалийн тавцнаас тив дэлхийд сонсгож чадсан эрхэм тамирчдыг оролцуулж байна. Нэг танхимд хамтдаа сууж, эрдэм номын дуу сонссон удаагүйг нэг зорилгын төлөө зүтгэж, түүнийхээ үр шимийг хүртсэн зовлон, жаргал нэгтэй эдгээр эрхмүүд яахын аргагүй “Нэг анги”.
Одоогоос арван жилийн өмнө буюу 2008 онд олимпийн медальт тамирчид “Олимпийн медальтнуудын холбоо”-г байгуулсан түүхтэй. Өдгөө 25 тамирчин олимпийн 26 медалийг хүртсэн байдаг. Энэ тоо дөрвөн жилд нэг удаа нэмэгддэг билээ. Эдний ангийнхан Токиогийн олимпоор шинэ гишүүнээ өлгийдөн авна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Анх 1968 оны Мехикогийн олимпт Жигжидийн Мөнхбат, Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар медаль хүртсэнээр энэхүү “Нэг анги”-ийн түүх эхэлсэн юм. Тус ангийн 50 жилийн ой маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байна. Эл өдөр Монголын тамирчид анхны олимпийн медалийг хүртсэн юм.
2008 онд “Олимпийн медальтнуудын холбоо” анги албан ёсоор байгуулагдаж, ангийн даргаар Жигжидийн Мөнхбатыг томилж байжээ. Энэ талаар олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Н.Баярсайхан “Олимпийн медаль гэдэг маш их үнэ цэнээр олддог. Хагас зуун жил өнгөрч байхад олимпийн 26 медальтай л байна. Гэхдээ нөгөө талаасаа боломжийн тоо. Энэ холбоо байгуулагдсан шалтгаан нь олимпийн медальтай тамирчдынхаа эрх ашгийг нэгдсэн хэлбэрээр хамгаалах зүйтэй гэж үзсэнтэй холбоотой. Олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай ах анх холбоог санаачилсан юм. Бид үүнийг нь дэмжээд 2008 оны олимпийн өмнө энэ холбоог байгуулсан. Холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбатыг томилж, нарийн бичгийн даргаар би ажиллаж эхэлсэн” хэмээн ярив. Мөн холбоо байгуулсан нь эх орондоо олимпизмыг сурталчилах, тамирчидаа олон нийтэд таниулах зорилготой хэмээлээ. Тэрбээр “Сүүлийн үеийн бага залуу хүүхдүүд олимпоос медаль хүртсэн ахмад тамирчдыг мэдэхгүй байх тохиолдол гардаг. Энэ үүднээс олимпийн тамирчдын таниулах үүргийг манай холбоо хүлээдэг. Мөн тамирчдынхаа нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг” гэж ярилаа.
Тамирчид хоорондоо уулзахаараа жин хаясан талаараа хамгийн их ярьдаг гэнэ. Гадаад, дотоодод тэмцээнд явахдаа пакталж хөглөсөн, төөрч байсан гээд янз бүрийн юмаа ярьж нэгнээ цаашлуулдаг аж. Энэ дунд хөгтэй хэрнээ цаанаа нэгийг бодогдуулам явдлууд өчнөөн бий гэнэ. Тамирчид маань мэдээж бие биенийгээ хүндэлнэ. Хэдийгээр медальтнууд маань хоорондоо насны зөрүү ихтэй хэдий ч ангийн нөхөд шиг л байдаг ажээ. Таны тэр мэх чинь яадаг, ийдэг юм гээд уулзах бүртээ спортоо л ярьцгаадаг гэнэ. Жишээ нь, Монгол Улсын түүхэнд хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Чимидбазарын Дамдиншарав гуай олон сонин зүйлс ярьдаг байна. Нэг удаа Дамдиншарав гуай олимт явсан үеийнхээ сониноос хуучилжээ. Тэрбээр “1968 оны олимпийн нээлтэд цэрэг алхаагаар алхсаныг хүн бүр мэдэж байгаа. Тэр алхаагаа спортын бэлтгэлийнхээ цагаас хороож өдөр бүр бэлдсэн юм. Тухайн үед хувцас хунар байхгүй. Сансар хорооллын орос дэлгүүрээс Биеийн тамир спортын хороо костьюм авч өгсөн юм. Тэгж л олимпт оролцож байлаа. Одоо эргээд харахаар бид заримдаа ичдэг юм”гэж олимпт оролцсон сониноо ярьж байжээ. Цэрэг алхаагаар алхсан нь социализмын үеийн чанга хатуу сахилга баттай холбоотой гэнэ.
Мөөеө аварга амьд сэрүүндээ “Тухайн үед Mongolia гэж англиар бичдэггүй. Кириллээр Монгол гээд биччихдэг байсан. Тэгэхээр бусад орныхон “Энэ хаанахын улс вэ” гэж гайхдаг. “Монгол” гээд хариулахаар нөгөө хэд “Аан. Чингисийн Монгол” гээд таньдаг. Тэр үед Чингис гэдэг нэрийг цээрлэдэг, айдаг байсан үе. Гадныхан Чингис гэж хэлэхээр тамирчид айдаг байсан. Нууцхан дотроо Чингисийн Монгол гэсэнд нь баярладаг байлаа” гэж дүү нартаа ярьж байжээ. Үнэхээр тэр үед бүх юм хаалттай байж дээ. Гадны зарим тамирчид “Оросын Монгол уу, Хятадын Монгол уу” гэж Мөөеө аваргаас асууж л дээ. Тэгэхээр нь “Бид Чингисийн Монгол” уурлаж хариулсан талаараа Мөөеө аварга ярьж байжээ.
Социализмын үед эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл, малчид, уурхайчдынхаа мөнгөөр гадагшаа явж байгаа гэдгээ ямагт санаж явдаг байснаа ахмад тамирчид хэлж байв. Энэ утгаараа мөнгө төгрөгөө ч хэмнэнэ. Гэвч заримдаа бүр хэтрүүлчихсэн юмс байдаг гэнэ. Харин одоо тамирчдын хөдөлмөрийг төр үнэлж, гадаад, дотоодын зардлыг даах болжээ. Тэд XX зуун, XXI зуун хоорондоо их ялгаатай гэж байв. Тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон манай “Нэг анги”-ийнхан талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Тэмцээнд оролцохоор гадагшаа явахад хоолны мөнгөө хэмнэж, буудлын нэг орон дээр гурвуулаа унтаж явсан үе өдгөө ард хоцорчээ. Ард түмэн биднийг олимп, дэлхийн медальтай, улсаас мөнгө авдаг, гавьяа шагнал хүртсэн талаас нь сонирхдог. Түүнээс биш бид энэ медалийг авахын тулд ямар хүч хөдөлмөр гаргасан юм бэ гэдгийг мэддэггүй. Үүнийг спортын хүрээнийхэн л мэддэг хэмээн бидэнд ярилаа. Хүмүүсийн нүдэнд харагддаггүй өөр нэг зүйл нь том, жижиг улсын ялгаа аж. Тэдний ярьж буйгаар Оросын тамирчинг луйвардах, Монголын тамирчинг луйвардах хоёрт асар их ялгаа бий. Ийм олон бэрхшээлүүдийг даван туулаад Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулаад, алтан соёмбот төрийн далбаа олимпийн тэнгэрт мандуулна гэдэг хэн хүний чадах зүйл биш гэцгээж байв. Олимпийн тэмцээнийг телевизээр дамжуулан дэлхий даяар түгээхэд гурван тэрбум хүн үздэг гэсэн судалгаа байдаг гэнэ. Ингээд үзэхээр медаль хүртлээ гэхэд төдий хэмжээний хүмүүст эх орныхоо нэрийг таниулж чаддаг байна. Энэ бол олимпийн медалийн үнэ цэнийг харуулсан нэг зүйл юм.
Нэг ангийн 25 олимпийн тамирчдын маань С.Ням-Очир, Н.Төгсцогт нар гадаадад ажиллаж, амьдарч байна. Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж байгаа бол С.Ням-Очир АНУ-д дасгалжуулагч хийж байгаа гэнэ. Эдний ангийнхан үе үе уулзацгаана. Өчигдөр гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон спортын зөвлөгөөний үеэр “анги”-аараа уулзжээ. Энэ хүрээнд олимпийн анхын медаль хүртсэн дөрвөн тамирчинд Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлэг гардуулж, дурсгалын зоосон мөнгө гардуулжээ.
Энэ онд олимпоос медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буйг дээр дурдсан билээ. Ойг угтан Д.Сэрээтэр гуайг Төв аймгийнхан хүлээн авч, нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулжээ. Мөн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум Ч.Дамдиншарав гуайг нутгийн зөвлөл нь хүлээж авчээ. Түүнчлэн Арвайхээр хотын нэг гудамжийг Ч.Дамдиншарав гуайн нэрэмжит болгохоор төлөвлөжээ.
Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав ахмадууд маань өнөөг хүртэл хойчийн залгамжаа дасгалжуулж, долоо хоногт хоёр удаа Спортын төв ордон очиж бэлтгэл хийдэг аж. Ахмад тамирчин боллоо гээд спортоосоо холдолгүй. Спортынхоо бэлтгэлийн өрөөнд байсаар байгаад дуусна гэж боддог байна. Маш их хүч хөдөлмөр гаргаж жин хассан тамирчид байнгын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай ажээ. Тэд хөгширч биш, хөшиж үхнэ гэдгийг хамгийн сайн ухамсарласан гэнэ. Энэ утгаараа цаг үргэлж бэлтгэл хийж, нийтийн биеийн тамираар хичээллэдэг гэдгийг тэдний ярианаас ойлгосон юм.
Тамирчид маань олонд ил гаргадаггүй ч гэсэн бусдад тусалж дэмжих сэтгэлээр харамгүй явдаг юм байна. Тэд спортынхондоо дэмжлэг үзүүлэхээс гадна тусламж гуйсан нэгнийг орхидоггүй гэнэ. Олимпийн медальт тамирчид олон нийтэд хүртээмжтэй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан “Тамирчидыг төрөөс мөнгө авч идсэн, уусан улс байдаг гэж ард түмэн ойлгодог. Тийм биш үү гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд нийгэмд тустай ажил эхлүүлэхээр бид шийдсэн” гэж байв.
Олимпийн медаль хүртсэн ангийнхны тав нь тэнгэрийн оронд заларсан. Энэ үед ангийн нөхөд нь Ж.Даваажав, Д.Оюунболд, Т.Артаг, Ц.Дамдин, Ж.Мөнхбат нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байсан юм. Эдгээр бурхан болоочдын төрсөн нутаг усанд нь хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлэх ажлыг тус ангийнхан эхлүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн харьяат Д.Оюунболд агсны хөшөөг босгох санаачилгыг нутгийн зон олон дэмжиж, тус аймгийн төв Сүхбаатар суманд дурсгалын хөшөөг сүндэрлүүлжээ. Увс аймагт Т.Артагийн хөшөөг барих саналыг хүргүүлээд байгаа гэнэ. Ямар ч байсан энэ сардаа багтаан Т.Артаг агсны хөшөөг барих төлөвлөгөөтэй байгаа аж. Ирэх жил Ж.Даваажав агсны хөшөөг барихаар болжээ.
Эдний ангид Үндэсний түүхийн музейд өөрсдийнхөө үзвэрийг байрлуулах хэсэг гаргаж өгчээ. Ирэх жилээс тус музейд олимпоос медаль хүртсэн тамирчдын түүхэн үзвэрүүд байрших гэнэ.
Э.ЯНЖМАА