Categories
мэдээ цаг-үе

Б.Хатанбаатар: Хатиг олон гарах нь буруу эмчилснээс болдог

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Хатанбаатартай ярилцлаа.


-Хатиг юунаас болж үүсдэг вэ?

-Хатиг буглаа өөрийн гэсэн үүсгэгчтэй вирусийн гаралтай өвчин. Хүний биед маш олон тооны үсний хүүдий байдаг. Үсний хүүдийн хөлс тосны булчирхайн идээт үрэвсэл үүсгэдэг эмгэгийг хатиг гэдэг. Энэ вирус нь хүний хамар, залгиур, биеийн арьсны гадаргуу дээр ихэвчлэн байрлана. Биеийн дархлаанаас шалтгаалж хатиг буглаа үүсдэг. Дархлаа суларсан үед хүний биед ороод биеийн тодорхой хэсэгт очиж үрэвсэл үүсгэдэг. Дархлааны өөрчлөлттэй холбоотой үүсдэг хэсэг газрын идээт үрэвсэл буюу вирусийн гаралтай өвчин гэж хэлж болно. Энэ өвчинд нөлөөлөх дархлаанаас өөр хэд, хэдэн хүчин зүйл байдаг. Орчны таагүй нөхцөл байдал, агаарын бохирдол, нийгэм экологийн хүчин зүйл, амьдралын түвшин доогуураас шалтгаалж ахуйн ариун цэвэр муу сахих, мөн бичил гэмтлүүд байж болно. Ер нь хүйтэн сэрүүний улиралд вирусийн халдвартай өвчин ихэсдэг. Энэ нь сэрүүний улиралд улам идэвхждэг. Хатиг буглааны үүсч байгаа гол шалтгаан нь дархлаа сулрахаас гадна хүний ажил хөдөлмөрийн онцлог, чанаргүй хоол хүнс, амин дэмийн дутагдлаас болж байна. Манай амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хатиг буглаанаас болж ирж байна. Энэ дунд бага насны хүүхэд ч ирж байгаа.

-Хатигийг хүмүүс дур мэдэж эмчлэх тохиолдол их байдаг. Толгойг нь хурдан гаргах гээд исгэгч, пиво уух гэх мэт арга хэрэглэх юм?

-Дур мэдэн эмчилснээс олон сөрөг үр дагаварт хүрч болно. Заавал эмчид хандаж зөвлөгөө авах ёстой. Үрэвслийн голомтыг устгах хэрэгтэй. Голомтыг нь устгахгүй байснаас ахидаг. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээр эмчилж болохгүй. Эмчээс зөвлөгөө аваад эхэн үед гэрийн үед эмчилгээ хийж болно. Өвчин даамжирсан тохиолдолд заавал зүслэг хийж эмчийн хяналттай байх хэрэгтэй. Дур мэдэн эмчилснээр хүндрэх аюултай.

-Цаашаа харсан буюу буруу толгойтой хатигийн шинж тэмдэг нь өөр байдаг уу?

-Буруу толгойтой хатиг нь арьсны гүнийг гэмтээж байгаа давхраасаа хамаардаг. Арьсны гүн давхарга гэмтэж болно. Үрэвсэлт өвчний шалтгаан нөхцөл бүрдээд вирус биед орчихсон үед судас өргөсдөг. Судас өргөсөөд ирэхээр цагаан эс агуулсан хэсэг цаашаа цар хүрээгээ нэмж бүх биеийг хамарч идээт өвчин болдог. Тухайн үед судасны хананы нэвчимтгий чанар ихсээд судас өргөссөнөөр тухайн хэсэгт үрэвслийн эсүүд цуглараад үрэвсэл үүсгэдэг. Цаашаа толгойтой хатигийн үрэвслийн үндсэн хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Ил толгойтой хатиг чинэрсэн улайсан байдаг. Голдоо идээрхэг, тойроод улайж үрэвссэн хатуувтар байдаг. Цаашаа толгойтой хатиг буглаа арьсны гүн давхаргыг хамарсан тохиолдолд нүдэнд харагдах толгойтой зүйл байдаггүй. Цаашаа толгойтой хатиг улайх, хавдах, өвдөх, халуурах, үрэвсэлтэй хэсэг дээр халуу оргих, бамбалзах шинж тэмдгээр илэрдэг. Сүүлийн шатандаа орчихсон тохиолдолд гараар дараад үзэхэд зах ирмэг нь хатуу голдоо бэлбэлзсэн зүйл гарт тэмтрэгддэг. Энэ үед зүслэг хийдэг. Үрэвслийн таван шинж тэмдэг илэрсэн үед мэс ажилбар хийгдэж байж эдгэдэг. Цар хүрээ нь нэмэгдээд арьсны гүн давхаргыг идээд явчихдаг учраас хатиг буглаа нь аюултай өвчинд тооцогддог.

-Ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Хатигийн эхэн үед эмийн эмчилгээ хийж болдог. Хүмүүс өчигдөр, уржигдархан бие дээр улайгаад юм гарчихлаа гэж ирдэг. Тэрхүү үед буглаа үүсээгүй, хатуу нэвчистэй, үрэвслийн шинж тэмдэг дөнгөж илэрчихсэн байдаг. Хатуу боловч голдоо бэмбэлзэх шинж тэмдэг үүсээгүй тохиолдолд эмийн эмчилгээ хийж болдог. Хавдаад ирэхээр нь давстай усаар боодог байсан. Одоо энэ аргыг хэрэглэхээ больсон. Натрийн хлоридын уусмалыг бинтэнд шингээж тухайн үрэвссэн хэсэг дээр тавьдаг. Өдөрт 2-3 удаа сольж хэрэглэнэ. Мөн антебиотиктой тосон түрхлэг түрхдэг. Лент наах нь үрэвслийн процессыг тухайн хэсэгт хязгаарлаж өгдөг. Татаж байна гэдэг цааш дамжихаас сэргийлж байна гэсэн үг л дээ. Зовиур эхэлсэн л бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хөдөө орон нутагт байгаа хүмүүс шархны лент нааж болно. Яагаад гэхээр эмнэлгийн байгууллагаас хол үед үрэвсэл даамжрахаас сэргийлж өгдөг. Лент нааснаар арьсыг нимгэлж толгойг нь гаргаж өгдөг.

-Хүмүүс хатигийг нэг гарвал 7, 21 гардаг гэдэг?

-Хатиг дотроо ялгаатай. Үсний хүүдийг хамарч байгаа хэсэг бол хатиг. Олон дахин гараад байгаа нь хатигшил. Хатигшил буюу олон дахин гарах нь дутуу, буруу эмчилснээс болдог. Үрэвсэл арьсны гадаргуу дээр байж байдаг. Дархлаа суларсан үед үргэлжлээд гараад байдаг. Долоо байтугай хэд ч гарч болно. Хүний биед хатиг буглаа үүсдэггүй хоёрхон газар байдаг. Нэг нь гарын алга, нөгөө нь хөлийн ул. Энэ хоёроос бусад биеийн хэсэгт хаана ч гарж болно.

-Хатигаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Ахуй, ариун цэврийн дэглэм барих хэрэгтэй. Гараа байнга угааж байх, арьс салстаа гэмтээхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах, түүнчлэн амин дэмээр баялаг уураг, витаминуудыг тогтмол хугацаагаар хэрэглэж байх шаардлагатай. Улиралд нэг удаа, жилд 3-4 удаа өөрийгөө витаминжуулж амин дэм эрдэс бодисийг хэрэглэж байх хэрэгтэй. Мөн төмрийн бэлдмэлийг витаминуудтай хавсарч хэрэглэснээр дархлаа сайжирдаг. Хатиг түлхүү гараад байдаг хүмүүс бугын цусан эвэртэй төмрийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Хатиг үрэвсэлт өвчин учраас тухайн эд эсийг гэмтээгээд бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтөд оруулдаг. Ингээд ирэхээр тэнд очих тэжээл дутагдаж, үрэвсэл бий болдог. Тэр хэсэгт артер вений судасны эргэлт өөрчлөгдөөд зогсонгишилд ордог. Үрэвсэл байгаа газар судас бөглөрдөг. Ингэснээр тэжээл, хүчилтөрөгчөөр дутагдаад эхэлж байгаа юм. Тэрхүү хэсгийн тэжээлийг сайжруулах зорилгоор төмрийн бэлдмэл, бугын цусан эвэртэй бэлдмэлүүд хэрэглэх шаардлагатай.

-Хатиг хэдий хугацаанд бүрэн эдгэрдэг вэ?

-Удаж эдгэрдэг. Шархыг нээлттэй орхидог учраас ангархай шарх эдгэх гэж цар хүрээнээсээ хамаараад 14-21 хоног үргэлжилдэг.

-Хатиг сорви үлдээдэг. Сорвигүй үлдэх боломж бий юу?

-Хатигны толгой гарсан тохиолдолд лент тавьж байгаад хөхүүлээд татчихдаг. Энэ нь тэр хэсэгхэн газар бариад цааш тараахгүй байх арга юм. Энэхүү тохиолдолд сорви үүсгэхгүй эдгээж болдог. Жижигхэн толгойтой хатиг хагарсан үед сорви үлдэхгүй. Эсвэл тэр хэсэгт нь мэдээ алдуулж байгаад мэс ажилбар, зүслэг хийхгүйгээр нарийхан багажаар тэлж цэвэрлэдэг. Мохоо аргаар тэлж, угааж цэвэрлэсэн тохиолдолд сорви үүсдэггүй. Цээж, нуруу, гуя, шилбээр гарсан томоохон хэмжээний хатиг буглаанд заавал мэс ажилбар хийдэг учраас сорви үүсч эдгэдэг.

-Арьсны бусад өвчнүүдтэй ижил шинж тэмдэг байх боломжтой юу?

-Хатиг буглааг арьсны өвчнүүдээс ялгаж оношлох хэрэгтэй байдаг. Арьсан дээр үүсдэг зөөлөн эдийн хавдар гэж байдаг. Тэр нь буглаа шиг өвдөлт байдаггүй. Хэлбэр адил боловч үрэвслийн шинж тэмдгээр ялгаатай. Хатиг бол байрлал хэлбэрээсээ шалтгаалаад хүнд байх нь бий. Хүзүү, толгойнд ойрхон гарсан хатиг маш аюултай. Тархинд маш олон тооны нүх, хөндий, сувгууд байдаг. Тэдгээрээр үрэвсэл дамжих аюултай. Жишээлбэл, хүзүүнд таван хальс бий. Тэдгээр нь хоорондоо цээжний хөндийтэй харьцдаг маш олон тооны сувгуудтай. Тэр хэсгээрээ цээжний хөндийд идээ тархах, эсвэл цар хүрээ нь томроод хамар залгиурын буглаа үүсгэх гэх мэт олон тооны хүндрэлүүд үүсч болдог. Мөн гар, хөлийн шөрмөстэй ойрхон хэсгүүд байна. Гарын сарвуу, шуу, үетэй ойролцоо хэсгүүдэд буглаа үүссэн тохиолдолд мөн аюултай. Шөрмөсний үрэвсэл гэж бий. Шөрмөсөө дагаад үрэвсэл үүсчихвэл гар, хуруу, мөчүүд тайрагдах аюулд ордог. Ясандаа ч орох магадлалтай.

-Хатиг халдварладаг уу?

-Хатиг вирусийн шалтгаантай өвчин. Хүн болгонд үүсэх боломжтой. Дархлаатай холбоотой үүсдэг учраас халдварт өвчин биш. Тэгэхээр халдварлана гэдэг ташаа ойлголт.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *