Categories
мэдээ улс-төр

Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл хийгээд шалгаж байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангаас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй.

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Энэ хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Оффшорын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ. 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3,758 машин буюу 340 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудалд хэрэг үүсгээд шалгахад прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ тодорхой хэрэг байсан. Гарсан машинуудынх нь тоо дугаар, нүүрсний хэмжээ нь тогтоогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байж байна. Нүүрсний хэргийн асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонконгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонконг өөрөө оффшор бүс. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү.

Ерөнхий Прокурорын М.Энх-Амгалан: Оффшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг оффшорт байрлуулж байгаа нь буруу болохоос оффшороос орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй. Нуусан мөнгөө оффшорт аваачиж хийж байгаа нь татвараас зугтаж байгаа л асуудал шүү дээ.

Гишүүдийг асуулт асуусны дараа УИХ-ын гишүүн Л.Болд Улсын Ерөнхий Прокурорын мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд сонсоё гэсэн санал гаргав. Энэхүү саналаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *