Categories
мэдээ улс-төр

МАН-ын залуу гишүүд фракц байгуулжээ

Эрх баригч МАН-д нэгэн шинэ фракц мэндэлсэн байна. Тус фракцийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүсгэн байгуулсан гэдгээ өнгөрсөн амралтын өдөр зарлалаа. Фракцийн албан ёсны нэр нь Монгол Ардын Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо. Энэ нь холбоо нэртэй ч МАН дахь залуу гишүүдийн нэгдэл аж.

Уг фракцид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, О.Содбилэг, Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын 32-ын бүлгийн залуус багтсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус фракцид У.Хүрэлсүхийн тэргүүлдэг 33-ын бүлгийн залуус ч орсон сурагтай. Цаашлаад бага хурлын болон дунд шатны гишүүд, дэмжигчдийг холбоондоо элсүүлж, үйл ажиллагаандаа татан оролцуулж байгаа аж. МАН-ын 32-ын бүлгийн залуус ийнхүү нэгдэх болсон нь 2020 оны сонгуультай холбоотой юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд хэдийнэ бэлдээд эхэлсэн. Тэрбээр “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” нэртэй холбоо үүсгэн байгуулж, намынхаа гишүүд, дэмжигчдийг мянгатын системийн загварт оруулан ажиллаж эхэлсэн гэдэг. Тэрбээр энэ зохион байгуулалтын дагуу 2020 оны сонгуульд ажиллах аж.

Тиймээс МАН-ын 32-ын бүлгийн гишүүд ч мөн 2020 оны сонгуульд бэлдэж, энэхүү холбоог үүсгэн байгуулсан байна. Уг холбооны үйл ажиллагаа бүхэлдээ 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил руу чиглэнэ гэж эх сурвалжууд хэлж байна.

Нөгөөтэйгүүр ил, далдаар мөнхийн өрсөлдөж буй 32/33-ын бүлгийн өрсөлдөөн идэвхжиж эхэлснийг энэхүү үйл явдал харуулж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. М.Энхболд нам дахь өөрийн байр суурь, эрх мэдлийг авч үлдэхийн тулд залуусаа нэгтгэх, цаашлаад У.Хүрэлсийн бүлгээс гишүүд “урвуулах” үйл ажиллагааг энэ фракциараа дамжуулан хийж мэдэх юм. Цаашлаад У.Хүрэлсүхийг Засгийн газартай нь тонгорохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр МАН дахь нэр цэвэр залуусыг нэгтгэж чадвал олон нийтийн дэмжлэг авч, 2020 оны сонгуульд амжилттай оролцож чадна гэж үзэж буй бололтой.

Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан Монгол Ардын Намын Гишүүд Дэмжигчдийн холбоо нь үүсгэн байгуулагдсаныхаа нээлтийг хийж, өнгөрсөн бямба гаригт Спортын төв ордонд бөх барилдуулав. Уг бөхийн барилдааныг Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд зохион байгуулсан байна. Тэрбээр холбооныхоо нээлтийг Тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсны 73 жилийн ойтой хамтатган хийжээ. Нээлтэд УИХ-ын гишүүд болон МАН-ын удирдлагууд оролцсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо, “Бөх билэгт” дэвжээ хамтран зохион байгуулж буй Үндэсний хүчит бөхийн барилдаан сайхан болж байна. Монголын бүх ард түмний санал асуулгаар эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсаны түүхт 73 жилийн ойгоор энэхүү түүхэн үйл хэргийг удирдсан маршал Х.Чойбалсан гуайн зээ охин, Ю.Цэдэнбал гуайн төрсөн дүү, Г.Бумцэнд гуайн зээ нарын үр хойчист нь хүндэтгэл үзүүлж, Хотын Засаг даргын олгохоор шийдвэрлэсэн орон сууцны эрхийн батламжийг гардуулж өглөө.
ТУЛГАНД ДҮРЭЛЗЭХ ГАЛ АРИУН БАЙГ ТУСГААР ТОГТНОЛ МӨНХ БАЙГ

Монгол Ардын Намын Гишүүд дэмжигчдийн холбоо
Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээ

Жамъянгийн МӨНХБАТ

УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч” хэмээн бичжээ. Улс төр цаашид хэрхэн өрнөж, Ж.Мөнхбат яаж ажиллахыг олон нийт анхааралтай ажиглаж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *