– “ТЭНГЭРИЙН ЦАГ”-Т БИЧСЭН ҮЙЛ ЯВДЛУУД ТЭР ЧИГЭЭРЭЭ КИНО ЗУРАГ ШИГ БУУЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ –
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Саяхан анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг” номын англи хэл дээрх хувилбарын нээлт болсон. Та хоёр нэгэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж байсны хувьд номын тухай, тэр үеийн сонин хачин, бас анхны Ерөнхийлөгчийн тухай хуучлах зүйл олон байгаа болов уу гээд зорьж ирлээ?
-“Тэнгэрийн цаг” ном гарсанаас хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Уншигч олон түмэнд өргөн хүрсэн байх гэж бодож байна. Энэ ном Монголын төрт ёс, төрийн түүхийн талаас чухал ач холбогдолтой бүтээл юм. Монгол төр Чингис хаанаас хойш 38 хаадын үе дамжаад, дараа нь нэг богд хаантай, түүний хойно хэдэн дарга нартай байж байгаад, 1990 онд улсынхаа анхны Ерөнхийлөгчийг сонгож, Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь сэргээсэн үе эхэлсэн л дээ. “Тэнгэрийн цаг” бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн ажил үйлс, түүх, нүдээр харж, биеэр туулж амссанаа бичсэн ном. “Тэнгэрийн цаг” гэж нэрлэснийг нь зарим хүмүүс гайхдаг л даа. Тэнгэрийн цаг гэдэг нь Монголын гүн ухааны том ойлголт. 1990 он бол Монголын түүхийн огцом эргэлтийн үе байсан. Монголчуудын хувь заяаг шийдэх, амьдралын зохион байгуулалтыг эрс өөрчлөх үе байсан учраас “Тэнгэрийн цаг” гэдэг ойлголтыг хэрэглэсэн нь зөв. Урьд нь 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах үед Богд хаан “Тэнгэрийн цаг ирлээ. Монголчууд биеэ даах цаг боллоо” гэж хэлсэн удаатай. Түүнээс хойш наяад жилийн турш монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь олж авахын тулд зүтгэж явсаар ерэн онд энэ үйл хэрэг бүтсэн юм шүү дээ.
Монгол Төрийн тэргүүн гэдэг албан тушаал их учир утгатай. Уг нь Монгол төр анхлан байгуулагдах үеэс эхлээд монголчуудын төрт ёсондоо баримталж ирсэн гол алтан сургаал, зарчим бол Чингис хааны гэрээслэл. Чингис хаан “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж, улсыг барин хатуужсуу” гэж андгайлсан юм. Тэгэхээр Төрийн тэргүүн гэдэг төрөө бэхлэх, төрөө бүтээх, улсаа жолоодох гол үүрэгтэй юм шүү дээ. Энэ үүргийг яаж хэрэгжүүлсэнээс улс орны хувь заяа бас хамаарна. 1990 онд монголчууд анхны Ерөнхийлөгчөө сонгоод, шинэ нийгмийнхээ гарааг эхэлсэн. Энэ цагийн Төрийн тэргүүний үүрэг маш хүнд, хэцүү байв. Тэр үед социалист нийгмийн зохион байгуулалтын орчинд амьдарч байсан улс орон чөлөөт иргэний нийгэм рүү шилжиж эхэлсэн. Энэ үеийн төр, Төрийн тэргүүн ямар байх вэ гэдэг зүгээр нэг хүн дураараа шийдэх асуудал биш. Монголчууд социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэлд амьдарч байгаад, тэр нь задарч нурсаны дараа Монгол орноо дэлхийн тавцанд шинэ дүрээр гаргах, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улс гэж таниулах нь төрийн тэргүүний хариуцаж байсан маш том үүрэг. Ер нь бид Ерөнхийлөгчөө сонгодог болсоноос хойш тав дахь Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Мэдээж үе үеийн Ерөнхийлөгчид цаг цагийнхаа асуудлыг шийдэж л явсан. Гэхдээ П.Очирбат Ерөнхийлөгчийнх шиг ийм зорилтыг өмнөө тавьж шийдэх шаардлага бусад Ерөнхийлөгч нарт мэдээж тохиолдоогүй. Энэ утгаараа Монголын шинэ түүхэн үеийн жолоодогч гэж хэлж болох юм. Түүний үед монголчууд Үндсэн хуулиа өөрчилсөн шүү дээ.
Шинэ Монголыг бүтээх үндэс суурь Үндсэн хуулиараа тавигдсан. Үндсэн хуулийн комиссыг П.Очирбат Ерөнхийлөгч өөрөө толгойлж байв. Ерөнхийлөгчийн ажил одоогийнхоос өөр байсан л даа. Тэр үед нийгмийн тал хэсэг нь хуучин нийгмээ мөрөөдөж, шинэ нийгмийн үзэл санаа зорилтуудыг хүлээж авахад хэцүү үе байсан. 1990 онд шинэ төрийн тогтолцооны эсрэг 13 холбоо тэмцэж байсан юм шүү дээ. Жагсаал цуглаан болохгүй өдөр гэж байгаагүй, элдэв өнгийн хэрүүл зарга дэгдэж, Гандан хийд нь хүртэл дотроо хагарчихсан байлаа. Энэ үед Төрийн тэргүүн үндэснийхээ эв нэгдлийг хамгаалж, хангах үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Энэ үүргээ П.Очирбат нэр төртэйгөөр биелүүлж чадсан. Манайхан П.Очирбат Ерөнхийлөгчийг хээгүй Ерөнхийлөгч гэдэг. Хээгүй гэдгийн цаана монгол хүний гүндүүгүй чанар ханхалдаг. Тэр чанараараа олон түмнийхээ итгэлийг хүлээж байсан.
-Хувь хүний зан чанар нь ороо бусгаа цаг үед төрийн тэргүүнээр тодроход нь үүрэг гүйцэтгэсэн болов уу?
-Инженер хүн л дээ. Бага залуугаасаа Шарын голын уурхайд ажиллаж байгаад, олон жил сайдын ажил хийсэн. 1976 онд бид нэг үе Засгийн газрын гишүүн байлаа. Хоёр гол асуудалд “Тэнгэрийн цаг” номондоо хариу өгсөн гэж би боддог. П.Очирбат Ерөнхийлөгч бол туйлширдаггүй. Аливаа юмыг бодит утгаар нь ойлгож хүлээж авдаг. Тэр чанараараа 1989 оны үеэс эхлээд ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөж эхлэхэд, ардчилсан үзэл санааг дэмждэг хүмүүсийн талд зогсч, тэднийг ойлгож хандаж байсан учраас шинэ хүчнийхэн П.Очирбат Ерөнхийлөгчид итгэж байсан л даа. Тийм ч учраас 1993 оны сонгууль болоход П.Очирбат Ерөнхийлөгчийг хувьсгалт нам нэр дэвшүүлээгүй байхад ардчилсан хүчнийхэн нэр дэвшүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ. Туйлшрахгүйгээр улс орныхоо эрх ашгийн үүднээс нөхцөл байдлыг үнэлж, зохицуулж чаддаг чанар нь голчлон нөлөөлсөн байх. Мэдээж хувь хүний боловсрол, оюун ухааны чадавх бас чухал шүү дээ.
-Та ч бас шинэ түүхийг бүтээгчдийн нэг шүү дээ. Тэр цаг үед хамт явсан хүний хувьд энэ номыг уншаад яаж хүлээж авч байв?
-Бид бүх үйл явдалд биеэрээ оролцож явлаа. Жагсаал цуглаан, зөвшилцөх, тохиролцох юманд бүгд хамт явсан болохоор “Тэнгэрийн цаг”-т бичсэн үйл явдлууд тэр чигээрээ кино зураг шиг бууж байгаа юм чинь.
-Даваадуулсан юм харагдаж байв уу?
-Үгүй ээ дээ. Цаадах чинь өөрийн биеийг магтаж, түүхийг гуйвуулах хүн биш л дээ. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдлаас болоод “Тэнгэрийн цаг”-т хэлээгүй зарим зүйлүүд бий. П.Очирбат Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон итгэл хүлээсэн хүн гээд амар тайван суугаагүй. Хувьсгалт намынхан 1991 оны долдугаар сарын 27-нд бүгд хурал хийж, тусгаар тогтнолоос урвасан гээд П.Очирбат Ерөнхийлөгч бид хоёрыг огцруулах, унагах илтгэл бэлдүүлчихсэн байсан юм шүү дээ. Долдугаар сарын 24-нд хувьсгалт намын дарга тэр илтгэлийг надад үзүүлсэн. Би 26-нд бичсэн хүнтэй нь уулзсан чинь “Болохоо байлаа” гээд буцаасан байна лээ. Тэр үед социализмыг нураасан талаар нэг илтгэл тавих, эдийн засгийн бодлого буруу гэж нэг илтгэл тавих, тусгаар тогтнолоос урвасан гэж нэг илтгэл тавихаар зэхсэн байсан. Төрийн эргэлт хийхээр бэлтгэчихсэн байлаа. Тэр мэтийн юмыг П.Очирбат Ерөнхийлөгч номондоо оруулаагүй. Бодвол эмзэглээд, нийгмийнхээ сэтгэхүйг тухайн үедээ бодсон байх л даа. Тийм байх жишээтэй. Ер нь Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, Бага хурлын үйл ажиллагааг дэмжиж хийсэн зүйл асар их. Аливаа том арга хэмжээн дээр Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах, түдгэлзэх зүйл байсныг би л мэдэхгүй юм.
-Тухайн үед Монгол Улс хаашаа явах вэ гээд эрэл хайгуул хийж, гадаадын орнуудаар ч явж үзэж харж байсан гэж та ярьж байсан. Энэ үедээ П.Очирбат гуайтай ярилцаж, санал солилцох үе олон байх даа?
-Хамгийн наад захын асуудал шүү дээ. Социалист дэглэмд байсан Монгол Улс хаашаа явах юм бэ, бид хөрөнгөтний нийгэм рүү орох уу, явж чадах уу гэдэг асуудал байсан. Социализм гэдэг нэг онол номоор нийгмийн сэтгэл зүйг инженерчилсэн нийгэм. Ийм нийгэм эргээд жам ёсны, чөлөөт эдийн засгийн зам руу орж чадах уу гэдэг хэцүү. Манай шинэ Үндсэн хуульд Монгол орон капиталист нийгэмд орно гэж бичээгүй юм шүү дээ. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэсэн. Энэ бол социализм ч биш, капитализм ч биш. Аль алинд нь байгаа хүн төрөлхтөнд хэрэгтэй, амьдралаа зохион байгуулахад тустай зүйлсийг нөхцөл байдалдаа тохируулан авч хэрэглээд явна гэсэн үг л дээ. Капиталист нийгмийн давуу тал гэвэл чөлөөт өрсөлдөөн, хүний эрх гээд олон зүйл яригдана. Гэтэл 20-30 жилийн дараа эргээд харахад алдаа завхрал зөндөө л гарч байна даа. Ганц Монголд бус дэлхий нийтээрээ хямраад байна. Бид энэ хямрал руу зүтгэж орох ёстой юу? Энэ асуултад хамгийн түрүүнд хариу өгөх хэрэгтэй.
–“Тэнгэрийн цаг” англи хэл дээр хэвлэгдсэн болохоор шилжилтийн нийгмийн үеийн нөхцөл байдлыг монголчууд төдийгүй гадныхан сонирхох боломж бүрджээ?
-Миний бодоход Монгол орны шинэ замын эхэнд төрийн жолоо барьж байсан хүний ном гэдэг судлаачдын хувьд хамгийн үнэтэй баримт. Тэр үед монголчууд юу бодож, юуны төлөө зүтгэж байв гэдэг нь харагдана шүү дээ. Бидний алдаа оноог гадныхан янз бүрээр дүгнэх л байх. Ерээд оны үйл явдлын талаар барууныхны бичсэн зарим номыг би үзсэн л дээ. Профессор цолтой мундаг хүн гээд Монголд ирж байсан улсуудын бичсэн юмыг уншихад “Ээ чааваас даа” гэмээр ч юм тохиолдож л байдаг. Монголчуудыг ийм нүдээр хардаг, ингэж ойлгодог, бас тэгээд өөрсдийгөө эрдэмтэн гээд явдаг юм байна гэж. П.Очирбат Ерөнхийлөгчийн ном бол эдний бичсэн номын дэргэд баримт юм.
-Таны “Үүрийн жавар” гээд ном байдаг. Бас л шилжилтийн үеийн нөхцөл байдлын тухай өгүүлсэн дурсамжийн ном, том баримт болж үлдсэн?
-Яахав дээ, яахав тэр бол судалгааны материал, бид юу бодож, хийж явсныг л харуулна. Одоо бодоход нийгэм маань нэлээд гажуудалд орлоо. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэсэн чинь олигархи толгойтой, зэрлэг капиталист нийгэм рүү гулсаад орж явна. Бид тэр үед ийм нийгмийг мөрөөдөж байгаагүй. Ийм замаар явъя гээгүй. Сүүлийн 20-30-аад жилийн турш либерал үзлийг хэт туйлшруулж, хагас дутуу ойлгож хэрэглэснээс бид ийм зам руу орж байна л даа.
-Жижиг улсын удирдагч байх хэцүү гэдэг. Та бүхэнд их дарамт ирж байсан байх даа?
-Цэрэндорж гуайн үг л дээ. Гэхдээ хоёр зүйлийг хэлмээр санагддаг юм. Монгол жижиг орон уу гэж. Бидний мэдэх Хүннү гүрэн дараа нь Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан байлаа. Эд Евро Азийн асар уудам орон зайг эзэлсэн том гүрнүүдийн голомт. Монгол орон хэдэн мянган жилийн түүхтэй, хүн төрөлхтний гигантуудыг, аварга гүрнүүдийг төрүүлсэн голомт юм. Энэ голомтыг тойроод нэг талд нь Хятад, нөгөө талд нь Орос гээд гүрэн байна. Хоёулаа монголчуудын бүтээл юм шүү дээ. Хятад хуучин 12 жижиг үндэстэн байсан. Монголчууд нэгтгээд нэг улс болгоод тэрнээс хойш Мин, Чин улс одоо Хятад улс гээд явж байна. Орос жаран хэдэн вант улс байсан. Монголчууд нэгтгэсэн. Монголчууд аварга том гүрний төрийн голомтыг сахиж үлдсэн үндэстний хувьд энэ төрт ёсныхоо уламжлалыг дагаж хүндэлж, үүнийгээ өөрсдөө ойлгож явах нь чухал. Одоо Монголын хоёр талд том гүрнүүд байна. Эдэнтэй харьцахдаа “Бид жижигхэн орон, далайсан газар нь далд ороод, далласан газар нь ил гаръя” гээд явж байх уу? Аль эсвэл Монгол төрт ёсны асар их уламжлалтай, соёлтой орон гээд үнэт зүйлийг авч яваад хоёр хөрш гүрэнтэйгээ эвтэй найртай, зохицоод амьдрах уу гэдэг асуудал бий. П.Очирбат Ерөнхийлөгчөөс өмнө Хятад, Монголын харилцаа зовлонтой байсан шүү дээ. Зөвлөлт, Хятадын хагарлаас болсон зүйл л дээ. П.Очирбат Ерөнхийлөгч урагшаагаа айлчилж, Зян Зэминь даргатай хундага тулгаж, дуулж байгаад харилцаагаа хэвийн хэмжээнд оруулсан.
-Таны үед оросууд “крантаа хаасан” үе таарсан. Амаргүй байсан биз?
-Хоёр талын юм даа. Нэг тал нь Зөвлөлт гүрэн наяад оны сүүлээр хүнд байдалд ороод, 1990 оны есдүгээр сарын 30 гэхэд Дээд зөвлөл нь гадны аль нэг оронд зээл тусламж үзүүлэхийг Засгийн газартаа бүрэн хориглочихсон. Монголд 17 мянган барилгачидтай барилгын том байгууллагууд ажиллаж байсан. Тэр нь санхүүжилтгүй болоод буцсан. 1989 онд М.С.Горбачёв Владивостокоор дамжин Хятад улсад очихдоо бидэнтэй зөвлөж ярилгүйгээр Монголоос цэргээ гаргана гээд амалчихлаа. 100 гаруй мянган цэрэг гарлаа. Тэр үед Зөвлөлтийнхөнтэй буруу харьцаж байна гэсэн ойлголт монголчуудын дунд байсан.
Нөгөө талаас бид Зөвлөлтийн хараат байдлаас гарч, бие даасан бодлого явуулна гэхээр доминат гүрэн жолоогоо зүгээр тавьчихгүй л дээ. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны маш нууц 79 13 дугаар тогтоол гарч, монголчуудыг боомилох, эдийн засгийн талаар хориг тавьсан шүү дээ. Тэгээд Монголтой хийж байсан бартерийн худалдааг бүрэн хаагаад, гадаад худалдаа үндсэндээ бид хойд талаас нефть авдаг, эндээсээ зэсээ өгдөг түвшинд л үлдсэн. 1990 оны долдугаар сарын 29-нд Монголд сонгууль болоод, долдугаар сарын 31-нд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат гуай Эвслийн Засгийн газар байгуулна гээд зарласан. Наймдугаар сарын 1-нээс эхлээд Зөвлөлт Монголд нийлүүлдэг бензин шатахуунаа шууд 50 хувь хассан шүү дээ. 1991 оны зургадугаар сарын 17-нд НҮБ-ын Төв штабд Монголыг дэмжигч орнуудын бүлэг байгуулах анхны цугларалт болж, 12 орны бүрэлдэхүүнтэй Монголыг дэмжигч орны бүлэг гэж байгуулагдсан юм шүү дээ. Манайхан тэрнийгээ хандивлагч орнууд гэдэг юм.
-Саяхан В.Путины тухай номыг Германы сэтгүүлчийн бичсэнээр уншлаа л даа. “Ард түмэн намайг ямар байхыг хүснэ би тийм л байх ёстой” гэж Путин хэлсэн юм билээ. Оросуудын олонх юу хүсч байгааг судалгааны дүнгээр тогтоодог. Харин манайхан нийгмийн сэтгэл зүйг яаж мэдэрч байсан бол?
-Бид социализмын халуун нурман дээр үлдсэн шүү дээ. Гадна талд ийм болчихсон нөхцөлд төрийн жолоо барьж байгаа хүмүүс улс үндэстнийхээ явах зам мөрийн зүй тогтлыг харах нь чухал. Бид ямар замаар явах вэ гэвэл сонин. Тэр үеийн хүмүүсийн ихэнх нь социализм маань сайхан, энэ замаараа явах юмсан гэдэг. Гэтэл Зөвлөлтөд социализм нурж, сууриараа хөдөлж байна гэдэг ойлгогдож байсан. Тэр үеийн өмч хувьчлал, үнэ чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд нь нийгмийнхээ голлох сэтгэхүйгээс зөрж хийсэн алхамууд шүү дээ. Төрийн хүний хариуцлага гэдэг улс орныхоо эрх ашгийн төлөө хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Түүнээс биш чи гараад “Үнэ чөлөөлөх үү” гэж хүмүүсээс асуувал “Үгүй ээ нөхөр минь, чи надад картаар бараа өгөөд бай” гээд суугаад байна шүү дээ.
-Одоогийн ихэнх улстөрчид нийгэмд таалагдсан шийдэл гаргахыг хичээдэг бол та нар зайлшгүй хийх ёстой арга хэмжээг шүүмжлэл хүлээхээс айхгүйгээр хэрэгжүүлсэн байх нь?
-Нийгэмдээ таалагдах гэхээсээ одоо нийгмээ мэхлэх гэж оролдох нь их болчихсон юм уу даа гэж боддог. Дотроо нэг юм бодож байгаад гаднаа өөр юм ярьдаг. Жишээ нь харийн чононууд хотонд нь орчихоод малыг нь сүйтгэж байхад манайхан чонын сэгийг зулгаагаад, нөгөөдүүлтэйгээ хамт гүйж явна. Ард түмэндээ хачин гоё юмнууд яриад сууж байгаа шүү дээ. Удирдагч хүн улс үндэстний хувь заяаг хариуцаж байгаа хүн. Эмчлэх цагт нь хатуухан эм хэрэглэдэг л байх хэрэгтэй. Тэгэхгүй уйлна даа гэж бодоод, эмийг нь уулгахгүй бол өвчин хүндэрнэ. Хэрэгтэй цагт нь хийх ёстой юмаа хийх л ёстой.
-П.Очирбат гуай та хоёр дунд сургуульд байхаасаа бие биеэ мэддэг байсан гэдэг билүү?
-Арван жилд байхаасаа мэднэ л дээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 31-нд “Пионерийн үнэн” сонинд П.Очирбатын бичсэн шүлэг гарч, би бас тэр үед нөхөдтэйгөө нийлж, цахилгаан трактор хийж, Уран гартны тэмцээнд түрүүлж, сонинд гарч байсан. Тэр үеэсээ л бие биенээ мэднэ л дээ. Арвандөрөвдүгээр сургуулийнхантай бид хааяа тэмцээн хийнэ. Хөгжилтэй л дөө. Тэд хожигдохоороо биднийг барьж аваад гөвшчихнө. Бид хожигдвол тэднийг барьж аваад гөвшчихнө. Яахав хүүхэд байх үеийн юм чинь.
-Та сүүлийн үед юунд санаагаа чилээж, цаг зарцуулж байна даа?
-Яахав дээ, бичиг цаас элдэв өнгийн юмнаасаа нэг их салж чадахгүй. Бичиж байгаа ухаантай. 15 жил бичлээ дээ. Нэг номыг дөрөв дахин бичиж байна. Болж өгөхгүй юм. Энэ жил тэрнийгээ гүйцээж чадах нь уу, үгүй юу. Санаа зовох юм бол Монгол төр маань дорой байдалд орж байна. Үүнд л жаахан санаа зовж сууна. Хааяа ярилцлага өгөхдөө төрийн тэргүүнээ ажлаа хийгээсэй гэх юм. Нөгөөдөхөд маань хүрдэг ч юм уу, бүү мэд. Одоо Монгол төрийн хамгийн хэцүү юм бол гадныхны нөлөөнд орчихлоо. Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй боллоо. Коксжих нүүрс 300 доллар байхад бид Хятадад 50 доллараар өгөөд, баярлаад сууж байна шүү дээ. Хятад авъя гэвэл авна, авахгүй гэвэл авахгүй. Хараат байдалд байна. Айл гэр байлаа, өрхийн тэргүүн амьдралаа хариуцна. Гэтэл өрхийн тэргүүн өглөө босоод ялааны цохиур барьж ийшээ тийшээ хэдэн ногоон ялаатай хөөцөлдчихөөд, би ядарлаа гээд суугаад байвал тэр айл ямар байх вэ. Төрийн тэргүүн төрийн тэргүүн шиг л байх хэрэгтэй. (Санаа алдав).