Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүртгэлтэй ажилгүй иргэд 1.2 хувиар буурчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34.0 мянга, үүнээс 24.2 (71.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 (28.9 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 24.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (4.6хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.1 (4.9 хувь) мянган хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 (52.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.9 (36.9 хувь) мянга нь Улаанбаатарт, 4.8 (19.7 хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (17.2 хувь) мянга нь Баруун бүсэд, 3.9 (16.1 хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 478 (2.0 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 228 (47.7 хувь) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний есөн сард ажилгүй 64.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 51.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.3 (10.7 хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.9 (14.4 хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.2 хувь) мянган хүнээр буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны есдүгээр сард 9.3 мянган хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд, хамгийн их буюу 47.2 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.02 хувь нь хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2018 оны есдүгээр сарын эцэст 48.2 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Архангай, Говьсүмбэр, Завхан, Дорнод, Баянхонгор, Орхон аймагт улсын дунджаас 0.4-21.6 пунктээр илүү байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *