Categories
мэдээ нийгэм

Сурагчид шинжлэх ухаантай танилцах тойрон аялал хийлээ

Монгол Улсын ШУА, Нийслэлийн Боловсролын газар хамтран ЕБС-иудын дунд дөрөв дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийлээ.

Энэ удаагийн аялалд нийслэлийн ЕБ-ын 14 дүгээр дунд сургууль, тавдугаар дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагч хуваарийн дагуу хамрагдсан юм. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, “Удахгүй болох шинжлэх ухааны ажилтны өдрөөр ШУА-ийн хүрээлэнгүүд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр сурагчдыг хүрэлцэн ирж эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлтэй танилцаж, шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэхийг урьж байна” гэлээ.

Мөн энэ үеэр ШУА-иас хүүхэд багачуудад зориулан гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан танин мэдэхүйн цуврал номныхоо багцыг сургуулиудын номын санд хандивлав.

Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны зургадугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны зургадугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *