Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатар” олон улсын кино наадам болно

“Улаанбаатар” олон улсын 10 дахь удаагийн кино наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн таван шүүгч ажиллан шалгаруулсан аж.

Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК, богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгарч, 2018 оны 10-р сарын 24-нд олон нийтэд толилуулах юм байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовский “Үсрэгч” киног 2018 оны 10-р сарын 23-нд толилуулна.

Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан ба Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 25-28-ны хооронд олны хүртээл болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *