Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор 11 дүгээр сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна.
Уг аяныг Тээврийн цагдаагийн алба, Хүүхэд зорчиж байна ТББ-аас санаачлан Нийслэлийн боловсролын газар, Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК, Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци хамтран зохион байгуулах бөгөөд Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10,000 гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу “Kinder police”-ууд оролцох юм.
Түүнчлэн эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтанд хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангана.
Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр тус албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэлээ.
Зохион байгуулагч байгууллагуудаас эцэг эх, асран хамгаалагч нарыг энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож, хамтдаа “ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ ТЭГЛЭХ”-ийг уриалж байна.