Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Лос-Анжелест байхдаа тоглолт хийчихээд тайзны хувцасаа тайлалгүй оройжин догдолж билээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Хөгжмийн зохиолч Б.Ангирмаагийн тоглолт дээр та Намайг эзэмдэх чиний сэтгэл дуугаа дуулжээ?

-Хичнээн сайхан байв аа. Ангираа маань 1995 онд “Намайг Ангираа гэдэг” тоглолт хийсэн юм. Тэр тоглолт л бодогдоод байлаа. Анх Соёлын төв өргөөний тайзан дээр дуучин Наран, Эрдэнэцэцэг агсан, Сараа, Ангираа бид тав түүний зохиосон дуунуудаар концерт хийж байлаа. Одоогоос 23 жилийн өмнө 22 настай охин тайзан дээр “Итгэл өгөөч надад”, “Чиний явсан намар чин зүрх минь ганцаардана”-аа гээд дуулж байлаа. Тэр үед би Соёл, урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн гуравдугаар курст сурдаг байсан юм. Тэр жилээ нөхөртэйгөө танилцаж байлаа. Ангираагийн тоглолтын үеэр тайзан дээр гарахад энэ бүхэн бодогдож, үг хэлэх гэсэн чинь нулимс гарах гээд байсан. Цаг хугацаа их хурдан юм аа, нэг л мэдэхэд 23 жил өнгөрчээ. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” 1999 оны дуу л даа. 2000 онд гаргасан цомгоо энэ дууны нэрээр нэрлэсэн юм. Ангираа маань тэр цомгийн продюссерээр ажилласан. Тухайн үед бичлэг хийж байсан хүмүүс нь ичээд л нүүр нь улайж байсан юм даа (инээв).

-Уг дууны үг нь бас л ил шүү.

…Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг… гээд л. Энэ дууг ер нь ямар арга хэмжээн дээр голчлон дуулдаг вэ?

-Ангираа намайг ард нь дуугардаг хэсэг дээр хоолой хий гээд би жаахан санаа зовж билээ. Тэгээд Ангираа өөрөө хоолой хийсэн нь тэр л дээ. Тухайн үед би “Je taime” гээд дууг их сонсдог байсан юм. “Энэ дуу шиг дуу дуулмаар байна” гэж Ангираад захиалсан юм. Хайртай хосуудад зориулсан гоё дуу болсонд нь баяртай байдаг. Одоо ч тийм халуухан дуу гараагүй шүү. Уруул юуг чинь үнсээд ханамгүй хүсэл тачаал гээд л…Энэ дууг бодохоор нэг зүйл санаанд ороод байдаг юм (инээв). Манай нэг найз хүүхдээ аав, ээждээ харуулдаг байж л дээ. Тэгтэл нэг удаа аав, ээж нь манай найзад “Танай хүүхэд чинь нойтон байлаа гээд өдөржин дуулах юм. Тийм ямар дуу байдаг юм бэ” гэж асуусан гэсэн. Найз маань “Чиний дууг сонсоод байсан чинь манай хүүхэд сурчихжээ” гэж хэлээд бид бөөн инээдэм болж байж билээ.

Сая тоглолтон дээр хамгийн онцгой нь хийлч Дээгий маань ямар мундаг тоглов оо. Араас нь би гарч дуулсан юм. Дээгийгийн тоглохыг харсан л даа. Асгартал уйлчихсан. Жинхэнэ тайзны хүн л гэж Дээгийг хэлмээр санагдсан шүү. Би түүнийг хараад сэтгэл хөдлөөд бараг л дууны үгээ мартсан байх. Дараа нь Дээгий “Алтаа эгч ээ, ямар гоё аялгуу вэ. Би энэ дуунд үнэхээр дурласан” гэж хэлсэн. Дээгийгийн зүрх сэтгэлээ дуу, хөгжимд өгсөн тэр дүр төрхийг нь хараад би өөрийгөө голсон шүү. Энэ дууг сая тоглолтон дээр л дууллаа. Тэрнээс өөрөөр дуулаад байх боломжгүй л дээ, сонсох л дуу.

Чингисийн хүүхдүүд кино тань нэлээд амжилттай яваа бололтой. Чухам яагаад энэ төсөл дээр та хамтарч ажилласан бэ?

-Би 2015 онд Удирдлагын академид орж суралцсан юм. Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн асуудлын дүн шинжилгээ гэсэн сэдвээр магистр хамгаалсан л даа. Өөрөө чөлөөт уран бүтээлч болохоор энэ сэдвийг сонирхсон хэрэг. Тэгээд ч өнөөдөр Монголын соёл урлагийн бодлого чөлөөт уран бүтээлчдийн нуруун дээр явж байна гэж хэлэхэд болохоор байгаа юм биш үү. Продакшн, компани байгуулаад найруулагч, жүжигчин, дуучин, зураач, киноныхон гээд бүгд л Монголын урлагийн төлөө ажиллаж авьяасаа сорьж байна. 2016 онд “Чингисийн хүүхдүүд” киноны продюссерээр ажиллах санал ирээд Лос-Анжелест гэр бүлээрээ хоёр жил ажиллаж амьдарсан. Кино төсөл тун дажгүй шүү. Өнгөрсөн зун НҮБ-д гарсан нийт 11 фестивальд эх орноо сурталчлан оролцож дөрвөн улсаас шагнал авсан. Кинонд ажилласан уран бүтээлчдээс надаас бусад нь бараг шагнал авсан шүү. Каннын наадмын үеэр дэлгэцнээ гарсан. Мөн Лос-Анжелест гарсан, Оскарт нэр дэвшсэн гээд амжилт ар араасаа дагуулаад л байна. Бүх Хятадын кино сувагтай онлайнаар борлуулах гэрээ нь хийгдсэн гээд eр нь оюуны өмчийг дээдлэх тал дээр нэлээд шинэчлэл хийсэн бүтээл болсон гэж хэлж болно. Миний хувьд кино салбарын хүн биш болохоор ард нь жаахан чимээгүй байсан л даа. Гэхдээ маш их зүйлийг энэ хугацаанд сурсан минь надад хангалттай.

-Хүн эх орноосоо холдоод харьд амьдрахаараа л эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, элэг зүрхээрээ уяатай гэдгээ ойлгодог гэдэг юм билээ. Тэндээс Монголын өнөөгийн амьдрал, нийгэм хэрхэн харагдаж байв?

-Харахаар барах уу, урьд нь гадаадад амьдарна гэж бодож яваагүй миний хувьд бүх зүйл цоо шинэ байлаа. Цагийн мeнежмэнт, хэл сурах, гадныхантай харилцах тал дээр бүгдийг суралцах гээд эхэн үедээ ядардаг байлаа. Дэлхийн нэг номeрын орон, тусгай виз гэдэг хэн дуртай нь аваад байдаггүй боломж ирсэн байхад гэж бодогдоод, бас хүүхдүүдийнхээ ирээдүй, сурах сургууль энэ тэр гээд бодох зүйл их байсан л даа. Энэ хугацаанд машин л сайн барьж сурлаа. Гадуур маш их явж юм юм сонирхсон. Америкийн хотуудад монголчуудын зохион байгуулсан олон янзын арга хэмжээнд чадахаараа л оролцлоо. Тун завгүй байсан гэж хэлж болно. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд дэлхийн хэл англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Дэлхийн аль ч оронд бүгд энэ хэлээр ярьж байна. Хуулиа дагаж мөрдөх, цаг нараа барих, ахуй амьдрал ажлын төлөвлөгөө, дүрэм журам гээд огт өөр соёлын ялгаа, огт өөр орчинд дасах, мэдрэх гэдэг хугацаа шаарддаг юм билээ. Бидэнд суралцах зүйл маш их байгаа. Эх орон гэдэг ямар их үнэ цэнэтэйг эх орноосоо холдсон бүхий л хүмүүс мэднэ дээ. Эх оронд маань ийм зүйл байгаасай, энийг нь аваад очих сон гэдэг мөрөөдөл гадаадад байгаа бүхий л монголчуудад байдаг юм болов уу. Тиймдээ ч гадаадад байгаа монголчууд маань эх орондоо санаа зовж туслах сан гэж санаа тавьдаг нь олон зүйл дээр харагдсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон монгол хүүхэд эх хэлгүй болж байгаа нь хамгийн эмзэглэмээр асуудал санагдсан. Энэ тал дээр улс маань тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлээсэй гэж бодогдсон. Бид гадаадад амьдардаг монголчууддаа зориулж олон янзын бодлого хэрэгжүүлж элэг нэгтнүүддээ хандаж хэлэх үгээ хүртэл цэнэх хэрэгтэй. Харин ч эх орондоо ингэх юмсан, тэгэх юмсан гэдэг зүрх сэтгэлийг нь өөдөө дээшээ дэврээж баймаар.

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш урлагийн ажил болоод нийгэм рүү хандсан төсөл хөтөлбөр рүү ихээхэн анхаарал хандуулах болсон нь анзаарагддаг. Таныг төрийн тэр том шагнал урмаар ташуурджээ гэж ойлгосон шүү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг төрийн энэ хүндтэй шагналаа дааж явна гэдэг хариуцлага гэж ойлгодог. Зөвхөн дуулах төдийгүй урлагт зүтгэх, нийгэмд анхаарлаа хандуулах гээд уран бүтээлч бидэнд үүрэг хариуцлага гэж их байдаг юм. “Pro sound” студийг таван жил ажиллуулсан. Энэ хугацаанд хийсэн олон төсөл маш амжилттай болсон. “Манай аялгуу”, “Making the band” нэвтрүүлэг, шоунуудыг үзэгчид мэднэ. Сая нааш ирэхээсээ өмнө Лос-Анжелес, Чикаго хотын монголчуудын холбоо маань “Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах төвд тусалж хандив өргөж, өрөөнүүд тохижууллаа. 2016 онд Налайх дүүрэгтээ 32-48 хэмжээтэй хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн. 2011-2013 онд тоглосон тоглолтуудаа хүүхдийн сайн сайхны төлөө үйлсэд зориулсан шүү. Ийм зүйлийг тэртэй тэргүй шаардаж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ, бид. Миний хүсэл хүнд туслах сан гэдэг бодол маань бас байгаа юм. Хүмүүст тэр дундаа хүүхэд багачуудад зүрх сэтгэлээ зориулна гэдэг эх хүний хувьд энгүй тансаг үүрэг гэж хэлэх дуртай. Сайн дураараа л нийгмийн үйл хэрэгт оролцож явдаг гэж хэлж болно.

-Таныг цомгийн баяраа хийх гэж байгаа гэж дууллаа. Ямар дуунуудаас бүрдсэн цомог вэ?

-“New Star” студи дээр хөгжмийн найруулагч С.Гантөр тус студийн захирал Л.Мандах, хөгжмийн зохиолч Том Жагаа ах, Бэхбат ах, гитарчин Өөжгий, залуу үеийнхнээс Наки, Ариука нартай хамтран ажилласан цомог маань бэлэн болж байна. Ирэх сард цомгоо гаргаад арванхоёрдугаар сарын 8-нд цомгийн баяраа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн ирэх жил Эмэгтэйчүүдийн баяраар бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлаа базаагаад эхэлчихлээ. Шинэ цомогт олон шинэ дуунаас гадна урьд нь дуулагдсан ардын дуунуудынхаа хөгжмийн найруулгыг шинэчлэн хийлгэсэн. Шинэ дууны клипний зураг авалт, цомгийн зураг авалт гээд завгүй л ажиллаж байна.

-Дуучин Ж.Алтанцэцэгийн тоглолт нүсэр, маш их ажиллагаа шаардсан, хөлс хүч, хөдөлмөр шингэсэн байдгаараа бусад уран бүтээлчдээс ялгардаг. Тайз засалт, хувцаслалт гээд таны бүрдүүлсэн орчин, төрх яагаад ч юм зарим талаараа Эртний Египет, Мисирийг санагдуулаад байдаг?

-Би цөөхөн тоглолт хийсэн дуучин шүү. Гэвч тоглолтоо маш шинэлэг хийхийг хичээдэг. 2013 онд хийсэн тоглолт маань 3D холограмм дүрсний гайхамшгийг харуулсан. Тухайн үед техникийн шинэ дэвшил харуулах гэж хичээж байлаа. Бас мянган хүнд үзүүлэх гээд мянган хүний бүрэлдэхүүнтэй концерт хийсэн. Энэ удаад ч гэсэн хичээж байна. Тайз засалт, тоглолтод оролцох уран бүтээлчдэдээ хэт анхаараад өөртөө анхаарал тавьж чадаагүй гээд урьд нь гаргасан алдаануудаа засна аа. Энэ удаад маш чадварлаг баг бүрдүүлж шинэлэг санаа, шийдэл бүхий тоглолт хийнэ гэж бодож байна. On&off продакшн тоглолтыг минь зохион байгуулна.

-Нэгэн хэсэг Монголын рок, поп урлагт Сараа, Ариунаа, Алтаа, Наран, Сэрчмаа гэсэн дива нар цойлж байлаа. Өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тэгсэн хэрнээ нэгдмэл бүсгүйчүүд байсан. Одоо ч тийм хэвээрээ байна уу даа?

-Монголын поп дива нар бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, өөрсдийн уран бүтээл, дуунууд, авьяас чадвараараа олны талархал хүлээж явдаг. Тэр ч утгаараа одоо ч тайзан дээрээ л байна. Миний хувьд дан дуу биш, юм юманд хошуу дүрж оролцож явдаг гэх юм уу даа. Энэ нь ч миний өөрийн үзэл бодол, амьдралын хэв маяг, онцлог юм. Поп дива нартайгаа бүгдтэй нь маш сайхан харилцаатай байдаг. Ноднин дуучин Наран бид хоёр Лас-Вегаст Шэрийн тоглолтыг хамтдаа үзэж, дуучин Баярцэцэг маань Мартын наймнаар Лос-Анжелест болсон тоглолтод оролцсон гээд яривал бидний хамтдаа амжуулдаг зүйл их байна.

-Олны танил хүмүүсийг харахаар заримдаа өмнөөс нь хэцүү санагдах үе байдаг юм. Хувийн амьдралаа нуух гэж, гэр бүлээ түмний нүднээс далдлах гэж их л хичээцгээдэг?

-Би хэзээ ч олны танил хүн болсондоо харамсаж байгаагүй. Бурхны өгсөн хайр, хишгийг зөв эдэлж, зөв амьдарч олондоо тустай дэмтэй, найз нөхөд хамт олонтой, гэр бүл, үр хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлж, баялаг сайхан амьдрах сан гэж мэрийж, хичээж явдаг даа. Элэнц эмээ, өвөө хоёр маань дууч хуурч хүмүүс байсан юм. Үе дамжсан бурхан шүтээнтэй болохоор би тун их шүтлэгтэй хүн шүү дээ. Суралцаж боловсорно гэдэг хүнийг насан туршид нь дагаж явдаг юм шиг байгаа юм. Олны танил байх харин ч сайхан шүү дээ. Харин ч олон хүнд тусална. Сайхан сэтгэлээр хийсэн тэр үйл маань эргээд надад сайхан зүйл болж ирдэг. Олны буяныг хүртэж магтаал, зэмлэл хоёрыг дааж яваа энэхэн тавиландаа сүсэглэж явдаг юм.

-Таны охин дуулах авьяасыг тань өвлөсөн бололтой. Бүр Америкт дууны багштай болсон шиг харагдана лээ. Ирээдүйд дуучин болно гэнэ үү?

-Миний охин С.Номин-Эрдэнэ дуулах авьяастай. Ямартаа ч интертайнмент охин болох байх аа. Одоогоор гурван кинонд тоглох урилга авсан. Лос-Анжелесаас нэг урилга ирсэн. “Дэ-Жангум” киног найруулсан Park Soon ki найруулагчийн “Нуруу намхан тэнгэр” хэмээх кинонд Заяа гэж охины дүрд тоглох санал авсан. Миний охин чинь ээжээсээ илүү олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох байх гэж охиноо ерөөж байгаа шүү. Бас эх орноо төлөөлөн бяцхан миссийн тэмцээнээр Милан, Тайланд яваад ирсэн. Лос-Анжелес хотод White Hall дууны сургуульд дууны хичээл заалгасан юм. Таниша гэдэг багштай. Монголдоо ирсэн ч онлайнаар хичээлээ авахын зэрэгцээ одоо On&off продакшнд балетын хичээлд яваад завгүй л байгаа. Нэг нууц задлахад, ээж охин хоёр хамтдаа тоглох киноны урилга авсан шүү. Охин минь дөнгөж л 10 нас хүрч байна. Өөрөө урлагт их дуртай. Ядраахгүй, залхаахгүйгээр үе шаттай хөгжүүлнэ дээ гэж бодож явдаг юм. Аавын амины охин. “Энэ дэлхий дээр миний аав хамгийн гайхамшигтай нь” гэж ярьдаг охин доо.

-Таны гаргаж байсан хуурцагнууд бий юу. Анхны тоглолтын тасалбар, анхны кассет, CD, тоглолтын бичлэг гээд анхных гэсэн нандин зүйлсээ бүгдийг нь хадгалдаг байх. Тоглолтын хувцаснуудаа ер нь яадаг вэ. Бас хадгалдаг уу?

-Анхны гэсэн бүхий л нандин зүйл маань байдаг. Алдаа, оноо, шүүмжлэл, магтаалтай, цаг хугацаа түүх өгүүлсэн бүхий л зүйл маань миний хувьд үнэт зүйл. Харин тоглолтын хувцас, эдлэл, хэрэглэл маань дэндүү их болсон байна лээ. Хадгалах гэхээс илүү хүмүүст тарааж, зарж болдог бол зарж үрээд, олсон орлогыг нь буяны үйлсэд зориулъя гэж бодож байгаа шүү. Энэ тал дээр хамтрах хүмүүс байвал холбогдоорой гэж хэлье. Америкт ажиллаж амьдрах виз авсаныхаа дараа эд юмсаа нягталж цэгцэлсэн л дээ. Тэгтэл үгүй ээ мөн олон алдаа байсан шүү. Адаглаад хэвлэлд ярилцлага өгөхдөө ямар ч цензургүй, өөрийн бодлоор ярьдаггүй байсан байгаа юм. Бас дурсгалтай клип, бичлэг, уралдаан тэмцээнүүдийн зураг маань маш чанаргүй гэх мэт дараа дараагийн зүйлүүд дээр анхаарах олон зүйл байгааг анзаарсан.

-Тайзан дээр гарахгүй удахаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Тайзан дээр гарахгүй удахаар хэцүү хэцүү. Улам л зэврээд, ямар л олиг байх вэ. Заримдаа ч гутрах үе байлгүй яахав. Санаснаар бүх зүйл болох биш. Гэр бүлийнхээ хүний “Одоо чамайг сонсох хүн байхгүй дээ” гэж хэлэхийг нь сонсоод голдоо ортол гомдох үе байж л байлаа. Гэсэн ч өөрөө л зохицуулна шүү дээ, эмэгтэй хүн, ээж хүн амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд гээд олон зүйлийн ард гарах хувь тавилантайгаас хойш. Мэргэжлийн багшаасаа намайг дэмжих олон сайхан найз нөхөд, дэмжигчдээсээ урам авахаар надад их сайхан байдаг юм аа, хөөрөөд баясаад явчихдаг. Урлагийн бид чинь заримдаа хүүхдээс өөрцгүй зүрх сэтгэлтэй хүмүүс болчихдог шүү дээ. Дуу дуулах боломж гарахаар дотроо их баярлана. Лос-Анжелест байхад өдөр бүр дуулна гэх биш. Баяр ёслолоор тайзан дээр гарна. Мартын наймнаар бүрэн хэмжээний тоглолт хийчихээд тоглолтын хувцсаа ч тайлалгүй оройжин догдлоод сонин болж билээ. Мэргэжлийн ажлаа хийхээр улам л сэргэж өнгө зүс ороод эхэлнэ л гэж мэд. Дуулах тусам сэргэж, улам жавхаажина. Сайхан шүү дээ, дуу хуураар орчлонг уяраана гэдэг. Заримдаа ч бодсоноосоо өөрөөр амьдраад ч байгаа юм шиг гомдоллож, туних үе гарна. Заримдаа ч дэндүү азтай мэт бахдан хөөрөх мөч бий. Урлагийн хүн болж төрсөн сайхан хувь заяагаараа бахархаж, үлгэр дуурайлалтай, гишгэсэн мөр минь бүтэн, үр хүүхдэдээ үлдээх амьдралаа сэвгүй байлгах сан гэж мэрийх нь л миний амьдрал юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *