Categories
мэдээ нийгэм

Хойд бүсийн шилдэг өсвөрийн аврагчдаар “Сэрэмж” бүлэг тодорчээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

“Өсвөрийн аврагч-2018” тэмцээний нэгдүгээр шатанд нийт 298 сургуулийн 325 бүлгийн 2240 гаруй багш, сурагч оролцож, аваргуудаа шалгаруулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтанд 21 аймаг, есөн дүүргийн 30 гаруй бүлгийн 300 гаруй багш, сурагч оролцож, аваргуудаа шалгаруулж байгаа юм.

Тэгвэл Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Өсвөрийн аврагч-2018” тэмцээн Орхон аймагт зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээнд Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай аймгаас нэгдүгээр шатанд шалгарсан 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Архангай аймгийн “Шонхор бүлэг”, хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн “Шонхор бүлэг”, нэгдүгээр байранд Хөвсгөл аймгийн “Сэрэмж” бүлгийн баг тамирчид шалгарч, Хойд бүсийн 2018 оны Өсвөрийн шилдэг аврагчдаар тодорсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *