Түрүүч нь №200(6043) дугаарт
-БНАСАУ-Д ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-
ДОЛОО. БУНХАНТ ЦОГЦОЛБОР
Биднийг тус улсад очсоны маргааш өглөө 07.00 цагт угтаж авсан хүмүүс маань зочид буудлын хүлээлгийн танхимд хүлээж байлаа. БНАСАУ-ын 70 жилийн ойд гадаадын 40 гаруй орны 4000 орчим зочид төлөөлөгчид уригдсан аж. Ази, Африк, Европын орнуудын төлөөлөгчид зонхилж харагдана лээ. Замын хөдөлгөөн бүрэн хааж, зочид төлөөлөгчид машиндаа суусны дараа 5-10 машин тутамд цагдаагийн хамгаалалт замчлан хөдлөв. Биднийг машинд суухын өмнө бүх зүйлсээ буудалд орхихыг анхааруулав. Буудлаас зүүн хойш зүгт хотын цардмал зам дагуу нэлээд давхилаа. 15 минутын дараа машины явдал 30 км цагаас дотогш болж удаашрав.
Солонгосчуудын хэлдгээр “Мөнхийн удирдагч”-дын нойрсож буй бунханд ойртох тусам бүх машины хөдөлгөөн ийнхүү удааширч, хүндэтгэл үзүүлдэг гэлээ. Ер нь энгийн үед ч тэр бунхан болоод эцэг хүү Кимийн музейн урдуур бүх машинууд хурдаа хасдаг юм байна. Машин яван явсаар нэг га орчмын тэгш дөрвөлжин машины зогсоол дээр ирлээ. Анх бодохдоо бунхан гэхээр тийм том аварга байгууламж гэж төсөөлсөнгүй. Машинаас буунгуут хойхно талд гурван давхар байшин шиг чулуун өргөө байна. Түүний баруун болоод өмнөд талаар доош нь эргүүлж харуулсан “г” үсэг шиг явган хүний зам байна. Дээгүүрээ том чулуун саравчтай, олон багана тулсан хүндэтгэлийн хийцтэй тэр замаар бид эгнээндээ тус бүр дөрвөн хүний хайрцагт цэгцрэн алхав. Явган хүний чулуун замын төгсгөлд доош буусан урсдаг шат байна. Урсаад л буулаа. Тэр даруйд шалгалтын пост байх бөгөөд онгоцны буудал шиг металл илрүүлэгчээр хамаг юм тэмтрэх нь тэр. Цааш дахин урсдаг тэгш замаар ертөнцийн зүгээр бол урагшаа явав. Урсдаг шатан дээр алхалгүй зүгээр зогсож явах учиртай гэнэ.
Ийнхүү шатны урсгалд төлөв байдлыг илтгэн явах зуур дээгүүрээ битүү чулуун байшин дундуур л яваад байх нь тэр. Багцаагаар 150 орчим метрийн турш ийнхүү зорчиход зүүн талын цонхоор өндөр далантай хиймэл нуур харагдах бөгөөд хун шувуу олноор цугласан аж. Харин баруун талын цонхоор мөнөөх бунханы гол байгууламж асар том өргөө сүндэрлэнэ. Бараг төрийн ордонтой нь дүйцэхүйц том байгууламж баруун урд зүгт алсалж харагдана. Яван явсаар тэгш урсдаг зам дуусч дахин доош буусан шатаар уруудав. Хар бараан өнгийн солонгос үндэстний хувцастай төлөв даруу байдлыг илэрхийлсэн залуухан бүсгүйчүүд угтаж авав. Тэнд хүмүүсийн эд зүйлийг хадгалдаг үйлчилгээтэй хэсэг байна. Түүнийг гатлан цааш дахин 100 гаруй метрийн урсдаг замаар явав. Зүүн гар талын хананд нь тус улсыг үндэслэгч тэдний дууддагаар бол “Нөхөр” Ким Ир Сений түүхийг илтгэсэн зургууд байна. Бага залуудаа эцгээс өнчирч, эрийн цээнд хүрэлгүй шахам байхад нь ээж болон хоёр эрэгтэй дүү нь дажны хөлд үрэгджээ. Аав нь хувьсгалч, ээж нь хувьсгалын үзэлтэн, бага дүү нь тагнуулын албанд зүтгэдэг байж. Өвөг Ким даргын зураг чамин дэгжин хувцастай уулзалтын дүрсүүд зүүн гар талаар аажим улирч харагдана.
Харин баруун гар талаар бол хоёр дахь Ким дарга буюу Ким Чен Ирийн амьдралын агшнуудыг буулгасан зургууд харагдана. Голдуу нэлхгэр саарал хүрэмтэй зураг нь зонхилно. Залуудаа их жавхаатай эр байсныг нь илтгэсэн зургууд хийгээд эцэгтэйгээ хамт даруулсан дүрс олонтаа. Ингээд явсаар байж нэг том танхимд орж ирлээ. Танхимын адар тээр дээр харагдана. Бараг 20 метрийн өндөр таазтай, урт өргөнөөр 500 хүн элбэг багтах тэр танхимын хойморт эцэг, хүү Ким-ийн лааны тосон баримал гэрэл сүүдэр тохируулан залрах ажээ. Өндрөөрөө ердийн дундаж хүнээс хоёр тохой өндөр. Яг л амьд хүн шиг урласан аж. Энэ танхимд хүмүүс тав таваараа эгнэн очиж, бөхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэлээ. Тайлбарлагч дохио өгөхөд бүгд ёсчлон үйлдэв. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж ёсолж таарлаа.
Энэ танхимд адаглаад бохь зажилбал асуудалд орно. Бас хамжаарагагүй хувцаславал мөн л асуудалд орно. Ер нь үл хүндэтгэх үйлдэл, эс үйлдэл гаргаж болохгүйг сануулав. Автомат буутай хүндэт харуулын цэргүүд булан бүрт биднийг ажиглан зогсоно.
Тэр танхимыг дамжаад цааш явсаар хувцасны тоос үлээдэг салхин мэдрэгчтэй эгнээ хаалгаар дотогш оров. Өвөг Ким даргын бунханд сая нэг орж ирж байгаа нь тэр аж. Таазны өндөр 20 метр орчим, гол танхим тэгш дөрвөлжин агаад баримжаагаар хааш хааш 40 алхам болов уу. Танхимд өтгөн харанхуй бөгөөд бүдэг улаан гэрлүүд сүүмийж гагцхүү голд буй “Удирдагчийн” шарил дээр тод гэрэл төвлөрчээ. Танхим дотор өвч зэвсэглэсэн цэргүүд сахих ба хамт орсон зочид шарилыг нар зөв тойрохдоо өмнө, баруун болон зүүн талд нь тус бүр нэг удаа бөхийн хүндэтгэл илэрхийлдэг байна.
Хар саарал өнгийн европ хүрэмтэй, цагаан цамц, бараан зангиатай өвөг удирдагчийн шарил 24 жил болсон гэхэд царай төрх тунгалаг байдалтай. Тус газрын протоколыг үйлдээд дараагийн танхимд ортол Ким Ир Сен даргын алдрын танхим байх нь тэр. Олон улсаас авсан бүхий л одон медалиуд, шагнал, өргөмжлөл, хүндэт докторын цол хэргэм болон гадаад дотоодын зочдын дурсгалын цом, бэлэг сэлтүүдийг зохиомжлон үзэсгэлэн музей дэглэжээ.
Монгол Улсаас Сүхбаатарын одон хоёр ширхэг, бас бус дурсгалын зүйлс байх аж. Хүү удирдагч болох Ким Чен Ир-т ирсэн анхны гадаад улсын бэлэг нь Монголоос байдаг гэнэ. Бага насанд нь савхин хүрэм хийж илгээж байсан түүхтэй гэсэн. За ингээд өвөг Ким даргын бунхны хэсгээс гараад бас нэлээд явсаар мөнөөх том байгууламжийн нөгөө нэг жигүүрт нь хүрэв бололтой. БНАСАУ-ын аль ч түвшний хүмүүс өөрийн улсын хамгийн өндөр уул болох галт уулын сөнөнгөөс үүсэлтэй голд нь дугариг нуур тогтсон “Паэктү” өндөрлөгийг хүндэтгэн дээдэлдэг юм байна. Тэр уулын оройд авахуулсан удирдагч нарынхаа зургийг олон янзаар үзэл сурталд тусгадаг. Эцэг Ким Чен Ирийн бунханд орохын өмнө мөн л тэр уулын өндөрт авахуулсан томоос том зураг, цаашлаад салхин үлээлгэтэй хаалга, тэгээд бунхан гэсэн дараалалтай. Бунхны дотоор зохиомж яг эхнийх шиг ижил. Танхимын голд шилэн хоргонд буй хүүгийнх нь хувцас л өөр аж. Нөгөө зураг болгон дээр байдаг хөдөлмөрчний дүрэмт хувцас. Хоолой хүртэл цахилгаанддаг энгэртээ том том халаастай ногоон хүрэм. Мөн л ёсыг гүйцэтгээд цааш явав. Дахиад алдрын танхим. 2 дахь үеийн Ким даргын одон медаль, бэлэг сэлтүүд. Манай нэг хувийн сургуулийн хүндэт доктор юм байна. Тэмдэглэх юмгүй учир бүх зүйлийг тогтоож чадсангүй. Монголоос очсон өдий төдий дурсгалын зүйлс байгааг олж харсан. Ингээд дараа дараагийн танхимуудад тэдний унаж хэрэглэж байсан машинууд, дунд оврын хөлөг онгоц, бас галт тэргүүдийг тус тусад нь танхим байгуулж үзмэр болгожээ. Түүний дунд Сталинаас өвөг Ким даргад бэлэглэсэн сум нэвтэрдэггүй лимузэнь, мөн Ким Чен Ир-ийн нас барахдаа сууж явсан гал тэрэгний нэг чингэлгийг тэр чигээр нь угсран харуулж. Тэдний дотор Монголд хоёр удаа очсон өвөг Кимийн хуягласан галт тэрэг ч байна лээ.
Тэдгээр үзмэрүүдийн дараа эргэж ирсэн замын дагуу буцаад машины зогсоол хүртэл 25 орчим минут явсаар сая нэг бунхантай “танилцах аялал” дуусгавар болов.
НАЙМ. САХИЛГА БАТ
Сахилга бат гэдэг үгийн тэнцүүгийн тэмдгийн ард талд Умард Солонгос гэж бичвэл яг дүйцнэ. Өөр ямар ч оронд харж чадахгүй сахилга батыг энэ улсад бодитоор нь харах боломжтой. Энэ бол коммунист тогтолцооны үед л байлгаж болох дэг сургууль. Эрчүүд 8-10 жил, эмэгтэйчүүд 5-6 жил цэргийн алба хаадаг гэж хэлсэн. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Хүүхэд бүр иргэний хамгаалалт, цэрэгжилтийн асар өндөр бэлтгэлтэй нь харагдсан. Хүний нөөцийн хувьд буу эзэмшилт, байлдах чадвар туйлын өндөр.
Сахилга батыг хэд хэдэн зүйл дээр онцлон хэлье. Эхний зүйл бол хүмүүсийн хувцаслалт. Умардын нийслэлд гудамжинд нэг ширхэг ч жийнстэй, эсвэл гял цал хүн харагдаагүй. Хэдэн төрлийн нийтлэг хувцас эрчүүд нь өмсөх ба хүүхнүүдийн сонголт арай өргөн санагдсан. Сурагчид нь цагаан цамц, улаан зангиаг эр, эмгүй зүүж, зүүн энгэртээ удирдагчдын хөрөг бүхий тэмдэг хатгасан байна.
Сахилга батыг хамгийн тодоор илэрхийлэх зүйл бол цэргийн сүрт жагсаал болон ард иргэд оролцсон нүсэр парад. 200 орчим мянган хүн нийт дүнгээрээ төв талбай дээр жагсана лээ. Цэргүүд бол ойлгомжтой жагсаад жагсаад явчихна. Харин 100 мянган энгийн иргэнийг оролцуулсан үсэг солигдож, өгүүлбэр бичигддэг жагсаал бол дэндүү нүсэр. Нэг хүн нэг багц өнгийн цэцэг барьсан байх бөгөөд тэрийгээ ээлж ээлжээр дээш доош болгон 100 мянган хүн багтдаг талбайд нэг хүн нэг цэг мэт, нийлээд том дэвтрийн хуудас мэт жагсаалд орж үсэг бичнэ. Сүүлийн зургаан сар тасралтгүй бэлтгэл хийсэн аж. Түүнээс өмнө тус тусдаа удтал бэлдсэн нь ойлгомжтой.
Ялангуяа шөнийн парад бол үнэхээр нүсэр, бас тэнд оролцож буй хүүхдүүдийн тэсвэр тэвчээрийг нэг талаар бахархаж нөгөө талаас өмнөөс нь гар хөл чилмээр. Тэр олон мянган хүн нэгэн зэрэг хөгжмийн ая, өөрсдийнх нь нүргэлсэн хашхираан ямар ч алдаа гаргахгүй нэг хүн шиг үйлдэл хийнэ гэдэг онцгой. 1989 онд баригдсан олон төрлийн зориулалттай хөлбөмбөгийн талбайн байгууламж бол нүсэр. 150 мянган хүний суудалтай. Wikipedia–гаас харахад дэлхийн хамгийн том гэж тодорхойлсон байна лээ. Тэр Цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн. Голд нь байгаа том талбар бүр ч дүүрэн. 200 мянган хүний урлаг, спортын фестиваль үзэхэд хүний олныг асар өндөр зохион байгуулалтаар дэглэсэн үзүүлбэрүүд ээлжилнэ. Олон үйлдэлт өнгийн цаасан хэвлэмэл номыг багаар бодоход 30 мянган хүүхэд барьж хөгжмийн хэмнэлээр хуудас солигдоод хүн бол нэг том дэлгэцний жижиг тэмдэгт төдий харагдана. Хүний олон, дээр нь технологийн шинэлэг шийдлийг хамтад нь эвлүүлж, дуу хөгжим, гэрэл, лазерийн эфектийг тултал ашигласан байна лээ. Дуу хөгжим нь их сонин. Баярын концерт гээд Монголд болдог доо, яг тэрний хувилбар. Ер нь орос маягийн тавилттай. Дайны үеийн, байгалийн, ээжийн тухай гэх мэт сэдэв сонголтын төвлөрөл ч багцаагаар ижил. Баярын концерт дээр нь бол ганц л эрэгтэй дуучин дуулаад бусад нь дан эмэгтэй. Яг манайх шиг ардын жүжигчин, гавъяат гээд цолтой. Цэргийн дарга нарын одон медаль бол зүгээр л нүд гялбуулам. Тэр олон зуун мянган хүн эмх цэгц, хатуу зохион байгуулалт дор ямар ч алдаа, хийдэл гаргалгүй эмхэрч, цэгцэрч байна лээ.
Дээр нь нэмээд хэлэхэд байнгын хараа хяналт. Гадны зочдыг тухайн орны хэлээр ярьдаг нэг хүн, мөн англи хэлээр ус цас шиг ярьдаг бас нэг хүн туслан дагалдана. Биднийг хэдэн цагт хаана байхыг нэг бүрчлэн хэлж өгөх ба үзмэр, арга хэмжээний үеэр байнга хамт байж хөтчийн үүрэг гүйцэтгэнэ. Бидэнд Ан дарга хэмээх маш сайн Монгол хэлтэй солонгос хүн хэлмэрчилж байв. Хоёр охин нь монголд төрсөн, Монголд дөрвөн ч удаа дипломат үүрэг гүйцэтгэж байсан, тэр бүү хэл МУИС-ийг аль наяад оны эхээр дүүргэсэн нэгэн. Ан гуай Монголд элэгтэй, Өвөрхангайд очих дуртайгаа хуучилсан юм. Ер нь Умардынхан манай дээр үеийн нам, төрийн удирдагчдад маш хүндэтгэлтэй хандаж байв. Тухайлбал, дайны үед өнчирсөн солонгос хүүхдүүдийг монголчууд эх орондоо авчран өсгөж хүмүүжүүлсэн тухай талархал албаны уулзалт бүр дээр өрнөж байв. Манай бүрэлдэхүүнийг тус улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүн хүлээн авч уулзсан. Мөн гадаад хэргийн сайд болон тус улсын намын өндөр тушаалын хүмүүс хүлээн авч уулзсан болно.
ЕС. ЗООГ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭЛГҮҮР
Умардын хоол нь Өмнөдийнхөөс ялгаатай санагдсан. Халуун ногоо багатай чихэрлэг, зөөлөн. Жишээ нь, кимчи гэхэд бидэнд танил болсон халуун ногоотой биш. Бараг 60 хувь халуун ногоо багатай. Хоолны порц бага. Ер нь тэр улсад таргалалт маш бага. Буудлын хувьд тус улсын хамгийн өндөр буудалд биднийг байрлуулсан. Хүмүүс нь англиар чөлөөтэй ярьж байв. Хүн тус бүрийг нэг өрөөнд оруулсан бөгөөд өрөө бүрт үндэснийх нь сувгууд болон Хятадын олон суваг гарч байх аж. Олон улсын зочид болохоор онцгойлон зохицуулсан байх, CNN зурагтаар нь гарч харагдана лээ. Үйлчлэгч нар нь найрсаг. Хувцас угаалга, индүүдлэг, өрөөний хөргөгч дүүргэх гээд бүх үйлчилгээг гадны зочдод зориулан үнэ төлбөргүй болгосон байв.
АРАВ. БРЭНД: ЧУЛУУ БА АНАГААХ УХААН
Солонгосчуудын хувьд оёмол хатгамал зүйлс, муутуу цаасан дээрх усан будгийн зураг нь үнэхээр сайн хөгжсөн. Дээр нь эмийн ургамалтай, байгалийн цэвэр гаралтай органик эм болон эмчилгээний бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөр гарсан байна. Тухайлбал, эрхтэн тус бүрийн ажиллагааг дэмжих чулуу, үрэлнүүд байх аж. Тэдгээр нь багадаа долоон доллараас эхэлнэ. Нэг чулууг зургаан жил хэрэглэх заалттай байна. Жишээ нь, чихний чулуу гэхэд чихэн дээрээ тавина. Яг ч чулуу биш л дээ. Чулуужуулсан холимог найрлагатай ургамлууд. Монголчууд умард нутгаас “Кундам” нэртэй тамир тэнхээ сайжруулах тариаг нэлээд оруулж ирдэг бололтой.
Гадаадын иргэд зөвхөн доллар, евро, юаниар тооцоо хийнэ. Мөн гадныхан ордог дэлгүүр, солонгосчууд ордог дэлгүүр тусдаа. Жишээ нь бид Солонгосчууд ордог дэлгүүрт орох боломжгүй.
АРВАН НЭГ. ХАРИЛЦАА, ХОЛБОО
Албан ёсны арга хэмжээнүүд болон хүндэтгэлийн орчин, музей бунхны хувьд гар утас нэвтрүүлдэггүй. Хүмүүс нь ч гар утас бага хэрэглэдэг шиг санагдсан. Бидний хэлдгээр “амьд харилцаа” тэнд байна. 150 мянган хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнд нэг ширхэг ч гэрэл зургийн аппаратны гэрэл гялсхийж харагдаагүй. Интернэт байхгүй. Тодорхой хэсгүүдэд, тодорхой ажлын шаардлагаар л цахим орчинд орно уу гэхээс нийт иргэд нь цахимжаагүй.
Пхеньяны их сургуульд найман гадаад хэл заадаг аж. Хамгийн сонирхолтой нь тэд гадаад хэлээр ази аялга багатай тун цэвэрхэн ярьж байлаа. Нэгэн тайлбарлагч эмэгтэй цэвэр Британи аялгаар ярьж байхад нь “Та Британид сурсан уу?” гэтэл Солонгостоо сурсан гэх жишээний.
АРВАН ХОЁР. УДИРДАГЧ БА АЛГА
ТАШИЛТ , “НЭГ СОЛОНГОС”
Бүхий л арга хэмжээн дээр Солонгосын газрын зургийг бүтнээр нь харуулдаг бөгөөд Өмнөд, Хойд гэж хуваадаггүй. Залуу Ким даргыг цэнгэлдэхэд бас параданд хүрэлцэн ирэхэд бөөн нүргээн болж өдөр шөнө хамаагүй галт цацраг буудуулан тэр аяараа алга ташилт болж, ихэнх нь хоёр гараа дээш өргөн үсрэн хүлээн авна. Тэр алга ташилт багадаа таван минут орчим үргэлжилнэ. Баярын концертын үеэр гурван цагийн арга хэмжээний дундуур гурван удирдагчийн аль нэгийнх нь зураг гарах бүрийд босч алга ташина. Сууж ташихгүй. Олон хүн цугларсан газрын багаар бодоход 20-30 хувьд нь цэрэг армийнхан талбай эзлэн сууна. Тэд бүр нэг хэмнэлээр алга ташина. Бидэнд үйлчилж байсан нэгэн солонгос залуугийн хэлснээр “тэд бол бурхан шиг, бидний ээж аав шиг шүтээн” гэж хэлнэ лээ.
АРВАН ГУРАВ. ГАНЦ ОЮУТАН
Тус улсад Монголоос Энх-Үйлс хэмээх ганцхан оюутан сурдаг аж. Анагаах ухааны чиглэлээр 4 жил сурч төгсөнө. Галт жагсаалын үеэр бидэн дээр ирж уулзаад бөөн баяр болсон. Мэдээж тус улсад байх Монгол Улсын Элчин сайд болон яамны залуус үнэхээр сайхан хүлээж авч дэлгэрэнгүй сайхан яриа хөөрөө дэлгэсэн.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Бидний замнаж байсан социалист нийгмийн амьд төрх, дэлхийн анхаарлын төвд ямагт халуун сэдэв байдаг БНАСАУ-д цөөн өдөр болоход их олон бодол төрж байв. Зүгээр л тунгааж ойлгох олон зүйлс байгааг ажигласан. Энд би ямар нэгэн улс төрийн дүгнэлт, хэт хүчтэй хувийн байр суурь илэрхийлэхийг хүссэнгүй. Өөрийн гэсэн зовлонтой, өөрийн гэсэн жаргалтай, өөрийн оршин бүхий хувь тавилантай, өвөрмөц нэгэн орныг тодорхой хэмжээнд танин мэдэж авлаа. Зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь илэрхийлэн бичлээ. Тэвчээр зааж уншсанд баярлалаа.
2018.09.18
Улаанбаатар хот
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД