Categories
мэдээ цаг-үе

Г.Даваажаргал: Гэр хорооллын утааг 7-10 хувь бууруулна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалтай ярилцлаа.


-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас энэ өвөл ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн болон дэд бүтцийн маш олон төрлийн ажил хийж байгаа. Үүнээс тодруулбал, Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатарын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг үйлдвэрлэх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа жигдрүүлэх, сайжруулах ажлууд хийгдэж байна. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулагдсан. “Эрдэнэс Таван толгой” компанийн охин компани болох “Таван толгой түлш” ТӨҮГ үйлдвэрээ байгуулсан. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хороололд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэсэн зорилт тавьсан. Энэхүү 80 мянган тонн түлшийг нийлүүлэх гэр хорооллын хэсгийг сонгосон. Үүнд Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX, XI, XXIV, XXV, XXVI, XXVIII гэсэн найман хороонд сайжруулсан түлшийг тараана. Эдгээр найман хороонд 26 мянга орчим айл өрх бий. Үүнээс 5000 гаруй нь зорилтот бүлгийн айл өрх юм.

-Сонгинохайрхан дүүргийн эдгээр байршлыг сонгож, сайжруулсан түлш тараах болсон шалтгаан юу вэ?

-Эдгээр нь иргэдийн хэлж заншсанаар Баянхошуу орчмын айл өрхүүд юм. Баянхошуунд байрлах агаарын бохирдлыг хэмжих автомат харуулын үзүүлэлт бусад байрлалын харуулуудаас хамгийн өндөр нь байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн их утаа ялгаруулдаг хэсэг гэсэн үг. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын салхины зонхилох чиглэлд буюу баруун хойд хэсэгт байрладаг. Эдгээр онцлог шалтгаануудын улмаас Сонгинохайрхан дүүргийн дээрх найман хороог сонгосон.

-Сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг мянган тонноос доошгүй багтаамжтай сайжруулсан түлшний түгээх, нөөцлөх, борлуулах зориулалтын агуулах барихаар төлөвлөсөн. Энэ жил гурван агуулахыг барихаар ажиллаж байна. Эдгээр агуулахыг барих газрын асуудлыг Нийслэлийн газрын албатай хамтран шийдсэн.

-Баянхошуу орчмын айлуудад сайжруулсан түлшийг нийлүүлэхээр болсон гэлээ. Энэ нь утааны хичнээн хувийг бууруулах вэ?

-Бидний хийсэн хаягдал утааны туршилтаар энэ жил нийлүүлэх сайжруулсан түлш маань агаарт хаяж байгаа тоосонцрын хэмжээг 60 хүртэлх хувиар бууруулах боломжтой нь тогтоогдсон. Уг түлшний түүхий эд нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Ухаа худгийн угааж баяжуулсан нүүрс юм. Гэр хорооллын айл өрхүүд нийт утааны 80 хувийг ялгаруулдаг. Хэрэв уг 80 хувийг 100 хувь гэж бодъё. Тэгвэл бүх айл өрх сайжруулсан түлш хэрэглэсэн тохиолдолд нийт гэр хорооллоос ялгарч байгаа утааг 60 хувиар бууруулах юм. Өөрөөр хэлбэл, 26 мянган айл сайжруулсан түлш хэрэглэснээр нийт гэр хорооллоос ялгарч байгаа утааг 710 хувиар бууруулна.

-Эдгээр 26 мянган айл өрх энэ өвөл ямар нэгэн байдлаар түүхий нүүрс хэрэглэхгүй гэж ойлголоо. Тэгвэл түүхий нүүрсний хэрэглээг хэрхэн хянах юм бэ?

-Тухайн дүүрэг, хорооны Засаг дарга, түлээ нүүрс борлуулагчидтай урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн. Сайжруулсан түлшний борлуулалт энэ сарын дунд үеэс албан ёсоор эхэлнэ. Ирэх оны тавдугаар сарын 15-наас эхлэн төвийн зургаан дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэхээ болино. Гэхдээ үүнд Баянзүрх дүүргийн Гачуурт, ХанУул дүүргийн Биокомбинат, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт зэрэг хотоос алслагдсан таван хороо хамрагдахгүй. Мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс түлж болно. Тусгай зөвшөөрөлгүй халаалтын зуухнууд түүхий нүүрс хэрэглэхгүй. Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Нийслэлийн цагдаагийн байгууллагууд Улаанбаатар луу түүхий нүүрс оруулахгүй байх тал дээр ирэх оны тавдугаар сарын 15наас эхлэн хяналт тавина.

-Нэг тонн сайжруулсан түлш хэдэн төгрөг байх вэ?

-Үүнийг тухайн компаниуд шийднэ. Үйлдвэрийн хүчин чадал бусад эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч үйлдвэр тус бүр харилцан адилгүй бүтээгдэхүүн гаргах болов уу. Гэхдээ Засгийн газрын 62 дугаар тогтоолоор сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байхаар тогтоож өгсөн байгаа

-Гэр хорооллын айлуудын янданд утаа шүүгч суурилуулах ажил юу болсон бэ?

-Манай байгууллагын нэг үндсэн чиглэл нь агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг туршиж, судлан стандарттай харьцуулах ажил юм. Зуух, сайжруулсан түлшний шаталтын туршилт хийж, тухайн яндангаас гарч байгаа хаягдал утаанд хэмжилт хийдэг. Түүнийгээ Монгол Улсад хэрэгждэг стандарттай харьцуулдаг юм. Энэ ажлын хүрээнд гэрийн янданд суурилуулдаг утаа шүүгчийн туршилт, судалгааны ажлыг хийсэн. Одоогоор туршилтын шатанд явж байгаа учраас айл өрхүүдэд утаа шүүгч тараагдахгүй. Туршилтын ажил эерэг үр дүнтэй байвал тодорхой тоогоор гэр хорооллын айлуудад хэрэглүүлж үзнэ. Яндан дээр суурилуулдаг олон тооны утаа шүүгчийг өнгөрсөн хугацаанд туршсан. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр анх удаа утаа шүүгчийг туршиж байгаа мэтээр ярьж байна. Иймэрхүү технологи гадаад орнуудад өргөн тархсан байдаг. Энэ технологи Монголд нутагших талаар маш нарийн судалгаа, туршилтыг бодитоор хийсний дараа тодорхой тоогоор гэр хорооллын айлуудын хэрэглээнд нэвтрүүлнэ. Хэрэглэж болж байвал цаашдаа энэ төсөл үргэлжлэх магадлалтай. Гэхдээ одоогоор тодорхойгүй байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд дэд бүтцийн ажлууд хийж байгаа гэлээ. Үүнийг тодруулбал…?

-Гэр хороололд инженерийн дэд бүтцийн төвийг байгуулахаар болсон. 2020 он хүртэл 50 байршилд дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлнэ. Энэ онд Сэлбэ, Баянхошууны дэд төвийн төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Инженерийн дэд төв нь тухайн орчныхоо айл өрхүүдийг дулаанаар хангах, цэвэр, бохир усны системд холбох зэрэг давуу талтай. Дэд төвд холбогдсон айлууд тухайн төвөөсөө халаалтаа авна гэсэн үг. Мөн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт энэ онд үргэлжилнэ. Хэзээнээс эхэлж хэрэгжихийг Эрчим хүчний зохицуулах хорооноос шийддэг. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхүүдэд цахилгаан халаагуурын хэрэглээг нэвтрүүлэх ажлуудыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төвийн зургаан дүүргийн 40 мянган айл өрхөд 2.5 кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашдаа энэ хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Өмнө нь цахилгаан халаагуур хэрэглэхэд эрчим хүчний ачаалал даах чадвар, цахилгааны хүчдэл хүрэхгүй байх зэрэг асуудал гардаг байсан. Хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь айл өрхүүдийг цахилгаан халаагуур хэрэглэх бүрэн боломжоор хангаж байна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *