Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Валютын ханшийн савлагаа нь Засгийн газар, Монголбанкны ажлын уялдаа холбоо алдагдсанаас болсон

-МОНГОЛБАНК ОЮУ ТОЛГОЙГООС АМ.ДОЛЛАР ХУДАЛДАН АВЧ БАЙНА-

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Ам.доллар төгрөгийн эсрэг маш хүчтэй чангарч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Валютын ханшийн савлагааг дэлхийн худалдааны дайнтай холбоотой гэх юм. Та үүнтэй санал нийлэхгүй байгаа юм билээ. Таны байр суурь яг юу юм бэ?

-Сүүлийн үед ам.долларын ханш өдөр өдрөөр өсч байгаа нь сайн зүйл биш. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Бензин шатахууны үнэ өсч байна гэсэн шүүмжлэл ч үүнтэй холбоотой. тиймээс маргалдаад байх зүйл байхгүй. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Валютын ханшийн энэ савлагаа нь Засгийн газар, Монголбанкны уялдаа холбоо алдагдсанаас болсон гэж хэлнэ. Бүлгийн хуралдааны үеэр Сангийн сайдын төсвийн мэдээллийг сонссон. Сангийн сайдаас валютын ханшийн талаар асуухад “Энэ Монголбанкны асуудал” гэж Ч.Хүрэлбаатар сайд өөрөө хэлсэн нь ямар ч уялдаа холбоогүй байгаа гэдгийг нотолж байгаа юм. Ажиглаад байхад эрх баригчдын буруу гэж байхаа болилоо. Ардчилсан нам буруутай. Эсвэл дэлхийн эдийн засгийн дайн буруутай гэдэг. Сүүлд орж ирсэн Валютын зохицуулалтын хуулиар эцэстээ ард түмэн буруутай болж таарсан. “Албан бус ам.долларжилт явж байна. Иргэд ам.доллар авч хуримтлуулаад ам.долларын ханшийг өсгөөд байна” гээд байгаа юм. Бурууг бусдад тохож болохгүй.

Валютын ханшийн савлагаа яг юунаас болоод байгаа юм бэ?

-Ам.долларын ханш чангарч байгаа хэд хэдэн шалтгааныг том зургаар нь харъя. Нэгдүгээрт, энэ жил импорт огцом өссөн. Монголбанкны мэдээлж буйгаар импорт өнгөрөгч оноос 40 хувиар өссөн байна. Асар том тоо шүү. Хэрэглээний эдийн засагтай манай орны хувьд импортын хэрэглээ 40 хувь нэмэгдэхээр ам.долларын хяналт алдагдах нь аргагүй биз дээ. Тиймээс Засгийн газар ам.долларын хяналтаа алдсан. Ам.долларын ханшийн савлагаанаас экспортлогчид хожиж, дотоодын үйлдвэглэгчид алддаг ийм л жамтай. Ам.долларын ханшийн зөрүүнээс ашиг унагаж болно. Төсөв эерэг байж болно. Зарим нэг аж ахуйн нэгж ашигтай байж болно. Үүнээс үүдэх инфляцийн өсөлт нь ард түмний нуруун дээр ачаа болж очдог энэ дүр зураг өнөөдөр нотлогдож байгаа юм.

Хоёрдугаарт, 2018 оны төлбөрийн тэнцэл статистикийн мэдээллээр хасах гарч байна. 800 гаруй тэрбум төгрөгийн хасахтай буюу алдагдалтай гарна гэдэг чинь том тоо байхгүй юу. Энэ нь бид гадаадад гаргаж зарсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг бүтэн авч чаддаггүй юм байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ тэнцлийн хасах зөрүү нь ам.долларын Монголд орж ирэх хэмжээг эрс багасгаж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энгийн утгаар нь авч үзвэл нийт гарч буй экспортын бараа бүтээгдэхүүний мөнгө Монголд орж ирэлгүй гадаадын ямар нэгэн дансанд үлдчихээд байна.

Гуравдугаарт, Сангийн яамны зүгээс “Бид арилжааны банкуудад үнэт цаас зарахаа болиод 5-18 хувийн өндөр хүүтэй бондоо татаж авсан” гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Өндөр хүүтэй зээл авахаа болилоо гэдэг нь сайн мессэж. Үүнтэй би санал нэгдэнэ. Гэтэл баланс дээрээс эргээд хартал Монголбанкинд зарж буй үнэт цаасны хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудаас болиод Монголбанктай харьцаж эхэлсэн байхгүй юу. Хүү нь бага байж болно. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэжээ гэсэн үг. Бэлэн мөнгө эдийн засагт нэмэгдэх тусам долларын эрэлт, импортын эрэлт хэрэгцээтэй уялдаад долларын ханшийг өсгөх үндсэн нэг шалтгаан болж байна.

Дараагийн шалтгааныг би Оюу толгойтой холбон хэлье. Аливаа улс орон, хүмүүс юмаа зарахдаа мөнгийг нь авчихаад зардаг биз дээ. Мөнгө нь буцаж орж ирж байж дараагийн ажил явах ёстой. Гэтэл Оюу толгой дээр тийм зүйл алга. Оюу толгойн гадаадад борлуулж буй бүтээгдэхүүний мөнгө Монголын арилжааны дансаар дамжиж орж ирдэггүй. Энэ нь төлбөрийн тэнцэлд нөлөөлж байгаа. Өөр нэг ноцтой зүйл хэлье. Оюу толгой валютын арилжаа хийж байна. Валютын томоохон экспортлогч валютын арилжааг Монголбанк, арижлааны банкуудтай хийж байгаа нь асар том бодлогын алдаа. Өөрөөр хэлбэл Монголбанк Оюу толгойгоос ам.доллар худалдан авч байна.

-Нэг компани валютын арилжаа хийгээд байна гэсэн үг үү?

-Тийм. Энэ нь валютын эрүүл харилцааг гажуудуулж байгаа юм. Аж ахуйн нэгж валютын арилжаа хийхгүй л байхгүй юу. Яагаад гэдэгт Засгийн газар хариулт өгөх ёстой. Дараагийн хүчин зүйл нь далд эдийн засгийн тухай яригдаж байгаа. Далд эдийн засагт авлига хүртэл орно. 1.3 сая ам.доллар айлын гэрээс хураалаа гээд яриад байгаа биз. Энэ ч бас хамаарна. Далд эдийн засаг валютын хэрэглээн дээр явж эхэллээ. Тиймээс валютын хэрэгцээг өсгөж байна. Монголбанк нэг хоногт ам.долларыг тогтворжуулах интервенц хийхийн тулд 20-30 сая ам.доллар гаргаж байгаа байх. Гэтэл далд эдийн засагт зөвхөн нэг хүнээс 1.3 сая ам.доллар гарч ирж байна гээд бод доо. Цаана нь ямар хэмжээний ам.доллар хэдэн хүнд байгаа вэ гэдгийг тооцож үзвэл асар өндөр тоо гарна. Үүний хяналт байхгүй болсон.

Өөр нэг хүчин зүйл нь зохисгүй хэрэглээ. Монголд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тусам тансаг хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь үнэтэй автомашины борлуулалтыг нэмэгдүүлж байна гэж яриад байгаа биз. Дараагийн шалтгаалж буй хүчин зүйл нь импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого орхигдсон. Ажлын байр хумигдана гэдэг нь сөрөг үр дагавартай. Түүнээс биш ам.долларын ханшийн өсөлт дэлхийн худалдааны дайнтай огт холбоогүй. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Уул уурхайн бүтээгдэхүүний өсч валют орж ирж байхад ам.долларын ханшийг тогтвортой барих бүрэн боломжтой. Харин бодлого нь орхигдсон. Миний нэрлэсэн бүхэн төрийн бодлого орхигдсоны тод жишээ. Үүнээс болж иргэд хохирч байна гэж ойлгож болно. 2010-2011 оны үед эдийн засаг 17 хувь хүрч өсөхөд энэ дүр зураг харагдсан. Тиймээс төрийн бодлогогүй үйл ажиллагаанаас ийм нөхцөл байдалд хүрсэн гэдгээс өөрөөр харах ямар ч боломж алга.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ам.долларын ханшийг зориудаар өсгөөд байгаа юм биш үү. Нүүрс, зэс, алтны экспорт өндөр байгаа үед валютын ханш өсвөл төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж түүгээрээ цалин, тэтгэвэр нэмэх гээд байна гэж харагдах юм?

-Төсвийн орлогоо ийм байдлаар нэмэх боломж бий. Гэхдээ үүнийг нотлоход хэцүү. Валютын ханш өссөний дараа яах нь чухал биш. Харин валютын ханшийг өсгөхгүй байх нь чухал. Түмнээ бодож байгаа бол бид үүн рүү явах байсны хөл, толгой хоёрыг нь бид сольчихоод байгаа юм. Бүх зүйлийг өнгөлөн далдлах маягаар явах гээд байна. Бодит байдал дээрээ макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтөөс бусад дээрээ уначихаад байгааг маш хурдан засах ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг олон жил улстөржүүлж биднийг шүүмжилж байгаа. 2012-2016 оны хооронд эдийн засаг ямар байсныг бүгд мэднэ. Энэ үед дөрвөн жил бензиний үнийг, дөрвөн жил бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгасан, бид. Монголын ард түмэн алдаагүй байхгүй юу. Ард түмэн илүү ачаа үүрээгүй.

Харин өнөөдөр ямар байгааг харьцуулаад хар даа. Тийм хүнд үед явах зарчмаараа явж болж байсан Монголын эдийн засаг өнөөдрийн ийм өндөр өсөлттэй эдийн засгийн үед яагаад ингээд хөөсөрчихөв. Төрийн бодлого байхгүй байгаагийн хамгийн том илрэл энэ мөн. Үүнийг хаацайлж, хэн нэгэнд буруугаа чихэх утгагүй.

-Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед ам.доллар 25 төгрөг байсан. Цалин нэмэх шалтгаанаар ам.долларын ханшийг үе үеийн Засгийн газрууд хөөрөгдөж ирсэн. Хөөргөдсөн ханшийн зөрүүнээс нэмэгдлээ олж байсан. Өнөөдөр ч гэсэн ирэх онд цалин нэмнэ гэсэн тэр амлалтдаа хүрэхийн тулд ам.долларын ханшийг зориудаар өсгөөд байгаа юм биш үү?

-Яагаад ингээд байдгийг нь энэ эрх баригчдаас асуу. Бид эдийн засгийн хүндрэлтэй дөрвөн жилийн хугацаанд бид импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд, эдийн засгийн хамгийн хүнд үед 1400-гаас 1900 болж 500 төгрөгөөр л ханш савсан. Тэд эдийн засгийн өсөлттэй гэчихээд 1900 төгрөгөөс 2600 төгрөг хүртэл савлууллаа. 700 төгрөгөөр ханш савсан байгаа биз. Асуудал байгаа биз. Үүн дээр л хариулт нэхээд байгаа юм. Бидэнд улс төргүй хариулт хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө хамгаалсан, улстөржсөн хариулт хэнд ч хэрэггүй. Ингэж байж бид сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Бусад руу буруугаа чихэхээс илүү өөрсдийнхөө бодлогыг гаргаад ир. Эрүүлээр ярилцъя. Монголчуудын эрх ашиг шүү дээ. Иргэдийн цалинг нэмж чадахгүй, ОУВС-д бүх зүйлээ чихдүүлчихсэн, баахан зээл нэмээд авчихсан. Бүх эдийн засгийн үзүүлэлтүүд чинь хүний хэрэглээн дээр очдог үзүүлэлт байхгүй боллоо гэдгийг хамтдаа ярилцъя. Валютын ханшийн савлагааны учир байдлыг бид нарийн тооцож гаргах хэрэгтэй. Миний хувьд учир шалгаануудаа дээр хэлчихлээ. Энэ бүгдтэй маргах хүн цөөхөн байх болов уу.

-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдээр тооцож орж ирсэн юм бэ. Төсвийн номон дээр харагдаагүй. Сангийн сайд бол 2530 төгрөгөөр тооцно гэж байсан?

-Уг нь жил бүрийн төсвийн номон дээрээ тооцооллыг тавьдаг байсан чинь энэ жил ам.долларын ханшийг тавилгүй оруулж ирсэн. Би чуулган дээр зориуд “Долларын ханшийг яагаад тавиагүй юм бэ. Хэд байх юм бэ” гэж асууж байгаа нь тэр. Сангийн сайд “2530” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 2570 төгрөг байна. Ямар тооцооллоор хийгээд байгаа юм бэ. Бүр буулгах гээд байгаа бол сайн. Гэхдээ хэрэглээ ингэж савласан үед энэ хүмүүс буулгаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Шатахууны үнийг чөлөөтэй хаячихсан чинь үнэ нь өсчихсөн. Үүнийг буулгана гэдэг адармаатай. Шатахууны үнэ өсөх нь дамжиггүй. Учир нь ам.доллар савчихсан юм чинь импортлогч компаниуд ийм өндөр үнээр л авч байгаа нь ойлгомжтой. Намайг хэн юу гэж хараах нь хамаа алга. Гуравхан сая хүн амтай Монгол Улс гуравхан сая хүнийхээ хамгаалах шаардлагатай зүйлийг төр хамгаалалтдаа авах ёстой. Үүнд монгол хүний өдөр тутмын хэрэглээний стратегийн бүтээгдэхүүнүүд хамаардаг. Үүнд шатахуун ордог. Энэ шатахуун хүний амьдралд бүү хэл бүх аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг зүйл. Хоёр дахь нь улаанбуудай, гурил, талх юм. Яагаад үнэ тогтворжуулах төрийн бодлогыг үгүйсгээд байгаа юм бэ. Бид чөлөөт зах зээлд орсон нь үнэнч гуравхан сая хүнээ хамгаалах төрийн бодлого байхгүй бол төр гэж байгаагийн учир нь юу юм. Үүнд нэг их мөнгө хэрэггүй. Монгол Улс жилдээ нэг сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авч байна. Нефть импортлогч компаниуд үүн дээр хэдхэн хувийн зөрүү гаргаж ашгаа хийж байгаа. Энэ зөрүү нь хэд юм бэ гэдэг тооцоо гаргахад буцаад нэг сая ам.доллар хүрэхгүй нь ойлгомжтой. Гурил, улаанбуудай дээр ч ялгаагүй. Нийт улаанбуудайн хэрэгцээгээ талх болгоход монголд хэдий хэмжээний эргэлтийн мөнгө хэрэгтэй вэ гэвэл 200 тэрбум. 200 тэрбум төгрөгөөр нөхөн олговор олгож үнэ тогтворжуулна гэж байхгүй. Гэхдээ монгол хүнийг эрүүл хүнсээр хангахын тулд бид энэ асуудлыг зайлшгүй ярилцах ёстой. Бүтээгдэхүүн импортлогч нарын ашгийн зөрүүний хохирлыг арилгах, ард түмэнд очиж буй үнийг тогтвортой байлгахын төлөө улс эдийн засгийн өсөлтийнхөө мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байхаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Ардчилсан намын хийсэн бүхэн буруу юм бол энэ төр өөрсдийн зөв зүйлийг хэрэгжүүлэх ёстой юм. Хэрэгжүүлж байгаа нь хаана байгаа юм бэ. Өмнөхөө буруу гэж байгаа бол ямар нэгэн зөв замыг сонгосон байх ёстой. Бүгдийг буруу руу чихэж байна.

-Сангийн сайд ам.долларын ханшийг 2530 төгрөгөөр тооцсон гэж амаараа хэлсэн. Оруулж ирсэн төсвийн баримт бичиг дээр нь үнэ бичигдээгүй байна. Тэгэхээр ирэх онд ам.долларын ханш 2600, 2700, 2800, 2900 магадгүй 3000 төгрөг ч хүрч болох нь ээ?

-Сангийн сайдаас л асуу. Бидний хэлж байгаа ганц зүйл нь орлого, зарлагын тооцоолол чинь зөв байх ёстой шүү. Энэ нь алдагдаж, хэтэрхий хөөсөрсөн байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиар ДНБ-ий өсөлтөд харьцуулсан орлого, зарлагыг харьцуулсан тодорхой тоо хэмжээ бий. ДНБ өссөн гэдэг нэрийн доор орлогоо зохиомлоор нэмдэг, зардлаа зохиомлоор өсгөдгөө боль. Зардал өсгөх тусам үнийг хөөрөгдөл, инфляци, ханшийн уналт үргэлжилнэ. Учир нь бид хэрэглээг улам өдөөгөөд байгаа юм. Хэрэглээ өдөөгдөхөөр валютын ханшаа барьж чадахаа болино. Ингэснээр үнэ хөөрөгдөж эцсийн дүндээ ард түмний нуруун дээр сөргөөр буугаад байна. Үүнийгээ эргэж хар гэж Ардчилсан нам шаардаж байгаа юм. Энэ эрүүл бөгөөд зөв, шударга шаардлага.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *