Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусгай эмч бэлдэх хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгджээ

Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаа, хүртээмж чанарыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын хөгжлийн чиглэлд 60 бүтээлч ажил өрнүүлж байгаа аж. Энэ удаа “Хүүхдийн хөгжил орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Хуралд Франц, ОХУ, БНСУ, Тайланд, Бүгд найрамдах Колумбаас улсын эрдэмтэн мэргэжилтнүүд ирж, нийт 34 илтгэлийг тавьсан юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын аргазүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна.

Тус ордны хүний нөөцийн ажилтан Л.Сүхбаатар “Хүүхдэд тулгамддаг, тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачид таван сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж байна. Төрөөс хүүхдийг хамгаалж буй бодлого дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад хэр түвшинд байгааг харьцуулсан илтгэлийг яг одоо танилцуулж байгаа юм. Илтгэлүүдийн дараа үдээс хойш дүн шинжилгээ хийнэ” хэмээв. Мөн ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын нийт хүн амын 36.2 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Иймээс хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, ханган ажиллахад онцгойлон ажиллах шаардлагатай” гэв.

Хурлын үр дүнд хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргах ажээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд хэрэг төвөгт холбогдож, PC тоглоомд донтож байна” гэж байсан юм. Түүнчлэн АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор З.Хишигсүрэн “Манай улсын СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникээр үйлчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн тоо баримтаас үзвэл хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөлийн байдлаар авч үзвэл хүүхэд болон өсвөр насанд эхлэн илэрдэг төрх үйлийн өөрчлөлтүүд 2013 онтой харьцуулахад 4.4 хувиар өсч үүний дотор цахим тоглоомд донтох эмгэг хамгийн өндөр буюу 25.6 хувийг эзэлж байна. Сэтгэцийн зарим эмгэг нь удамших хандлагатай байдаг учир эмгэгтэй хүмүүсийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлах, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалах, тэдний асран хамгаалагчийг тогтоох зэрэг тулгамдсан асуудал болж байна” хэмээлээ.

Хүүхэд өсвөр насныхны дунд сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа цахим тоглоомд донтох,сэтгэцийн шалтгаант эмгэг, солиорлын хүрээний эмгэгүүд илүү тохиолддог. Иймд хүүхэд өсвөр үеийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалтаар хангахад анхаарлаа хандуулах, бодлогоор дэмжих, Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд шаардагдах санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэв.






З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *