Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 10 сарын 6,7, 12,13,14-ны өдрүүдэд дахин тоглогдох гэж байна.
Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед …
Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” драм жүжгийн үйл явдал ийнхүү өрнөдөг. Эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар театрт тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.
Харин энэ удаад УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар Дорлигт Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Дулмаад Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Баярмаа, Б.Одгэрэл, Сэржмаад Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Одончимэг, Ц.Аззаяа нар тогложээ.