ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн Азийн асуудлыг хариуцсан газрын дарга хатагтай К.Өллерс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэд өнөөдөр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийж тус аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, харилцан ярилцаж санал бодлоо солилцжээ.
Зочдыг зөвлөлийн гишүүн, аймгийн Засaг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзсан байна. Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутгийн хөгжилд төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог ханган уялдаа холбоотойгоор хамтран ажиллах зорилготой юм.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүгээс Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан зоорины асуудал дээр хамтран ажиллахаар судалгааны ажлаа хийж байгаагаа илэрхийлжээ.Хөргүүртэй зоорь барих, одоо ашиглаж байгаа нүхэн зоорийг илүү орчин цагийн хэв маяг загварт оруулах гэсэн хоёр арга хэлбэрээр судалгааг хийж байна гэдгээ хатагтай К.Өллерс онцолжээ. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим бараа бүтээгдэхүүний танилцуулга үзэсгэлэнг зочдод сонирхуулсан байна.