УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.15 цагт эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцож, УИХ-д өргөн бариад буй юм.
Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Энэ жил Засгийн газар төсвийн сахилга батыг сайн хангасан. Энэ нь эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлсэн тул төсвийн тодотгол хийсэнгүй. Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон нь хэт өөдрөг байх магадлалтай. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийг бие даалгах нь зөв үү. Монгол Улсад хавдрын өвчин ихээхэн газар авч байгаа үед мэргэжлийн эмнэлгийг улс хажуудаа байлгаж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2018 онд 28 сая тонн нүүрс гаргахаар тооцож байсан. Тухайн үед боомтууд хэт ачаалалтай, дараалал ихтэй байсан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан айлчлал хийсний дараа боомтууд дээр үүсдэг асуудал арилж, нүүрс тээвэрлэлт түргэн, шуурхай болсон. ХСҮТ-д өмнө нь улсын төсвөөс олгодог байсан бүх мөнгийг өгнө. Харин тус хөрөнгийн зарцуулалтыг эмнэлгүүд өөрсдөө шийднэ гэсэн үг” хэмээн тайлбарлав.
Мөн Ж.Ганбаатар гишүүн ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэдэн төгрөг тусгасан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэр байгуулах эсэхийг тодрууллаа.
Өмнөх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 650 тэрбум төгрөгийн хуримтлал бий болжээ. Энэ хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой гэдгийг Сангийн сайд хэллээ. Мөн энэ оны төсөвт шинэ үйлдвэр байгуулах хөрөнгө тусгаагүй гэдгийг дурьдсан юм.
Харин Ж.Мөнхбат гишүүн 2019 оны төсөв эрсдэл өндөртэй, хариуцлагагүй байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр, “Үндэсний аудитын газраас ирэх оны төсөвт зэс болон нүүрсний үнийг хэт өндрөөр тооцсон гэсэн дүгнэлт ирүүлсэн. Ирэх онд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унах төлөвтэй байгаа” гэлээ.
Сангийн сайдын зүгээс “Төсвийн орлогыг бүрдүүлэх хэцүү. Бид Монгол Улсын байгалийн баялаг гарч буй бүх боомтын хяналт шалгалтыг сайжруулж, татвараа бүрэн авна. Төсвийн хүрээний мэдэгдлийг анх өргөн барихдаа 7260 ам.доллараар тооцож байсныг 6272 ам.доллараар бууруулж тооцсон” гэлээ.
Харин Замын-Үүдийн чөлөөт бүсийг хэзээ нээхээр төлөвлөж байгааг Б.Дэлгэрсайхан гишүүн тодруулав. Уг чөлөөт бүсийг ирэх онд нээхээр төлөвлөсөн бөгөөд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин хариулав.
Түүнчлэн Л.Болд гишүүн ирэх онд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барих талаар тодруулахад, Засгийн газраас 117 сургууль, 143 цэцэрлэг, 57 дотуур байр барихаар төлөвлөсөн. Үүнээс 2019 онд 46 сургууль, 57 цэцэрлэг, 24 дотуур байрны барилгын ажил эхэлнэ гэсэн хариултыг Сангийн сайд өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ шинээр барьсан автозамуудын засвар арчлалтад төсөв нэмэх боломж бий эсэхийг тодруулав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Зам завсарт 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ зарим замыг төлбөртэй болгох чиглэлд анхаарах шаардлагатай. Зээлээр автозам барьчихаад дахиад улсын төсвөөс мөнгө гаргаж, зам засах ёсгүй. Тиймээс төлбөртэй болгож, түүнээс олсон орлогоор нь замаа засдаг болох хэрэгтэй” гэв.
Ийнхүү чуулганы ажлын цаг дууссан тул төсвийн хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 05-нд үргэлжлүүлэхээр боллоо.