Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш чангарч байгаа нь улирлын чанартай өсөлттэй холбоотой гэв

Сүүлийн өдрүүдэд америк доллартай харьцах төгрөгийн ханш 3.4 хувиар суларчээ. Нэг доллар 1999 оны нэгдүгээр сард 1,000, 2016 оны тавдугаар сард 2,000, 2017 оны нэгдүгээр сард 2,500 болтлоо чангарч, төгрөг суларсаар байгаа. Энэ талаар өнөөдөр “Өдрийн сонин”-гийн асуух эрхийн танхимд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Өдрийн сонин”-ы зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлага оролцсон юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны зүгээс ам.долларын ханшны өсөлтийг анхааралтай ажиглаж өөртөө байгаа. Валютийн ханшийн хөдөлгөөнд нөлөөлж чадах арга хэрэгсэл Монголбанкинд байдаг. Хамгийн сүүлд мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ өөрчлөхөөр шийдсэн. Ханшийн өсөлтөд огцом арга хэмжээ авдаг гол арга нь банкны хүү байдаг. Харин Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөхгүй 2016 оны эдийн засгийн хүндрэл хямралаас хойш Монгол Улсын эдийн засаг 1.6 хувиар сэргэж эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлж байна. Энэ үед нь бид бодлогын хүүгээ өсгөхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Эдийн засгаа жаахан дэмжье гэсэн үзэл баримтлалаар ажиллаж байна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларч буй энэ өдрүүдэд суурь шалтгааныг нь судлаад үзэхэд шалтгаан харагдахгүй байгаа. Худалдааны тэнцэл тогтвортой байна. Есдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр Монголбанкинд 850 сая ам.долларын нөөц байгаа. Хэрэв цаашид энэ байдлаараа ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өсөөд байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 29 дэх жилдээ явж байна. Энэ хугацаанд төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй явсаар 29 жил болсон. Манай улс импортлогч орон. Бараг бүх зүйлээ гадаадаас худалдан авдаг. Гадагшаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь ч бага. Манай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс гэхэд болно. Тэгэхээр нэг ам.долларын эсрэг хэдэн төгрөг байх вэ гэдгийг төр засаг, төв банк байнга анхааралдаа авч, хяналт тавьж зохицуулалт хийж чаддаг байх ёстой. Биднийг оюутан байхад нэг ам.доллар хоёр төгрөг 99 мөнгөтэй тэнцдэг байсан. Гэтэл өнөөдөр нэг ам.доллар 2576 төгрөг хүрчихсэн байна. Ам.долларын өсөлт юунаас шалтгаалж байна вэ гэхээр Монгол Улсад гадагшаа экспортод гардаг, орлого нь ам.доллараар орж ирдэг эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд байхгүй. Одоо манай улс хүнд аж үйлдвэрийн зургаан үйлдвэр байгуулчихад л ам.долларын тэнцвэрийг барьж, хянаж чадна. Мөн валютын хангалттай нөөцтэй болно. Нэн тэргүүнд манай улс дотооддоо цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэдэг болмоор байна. ОХУ-аас импортоор эрчим хүчээ авч байна. Хангалттай эрчим хүчний нөөцтэй болсон байхад хүнд аж үйлдвэр байгуулахад асуудал гарахгүй ээ.

Ам.долларын ханшийн өнөөгийн өсөлт нь дээр дурдсанчлан хөгжиж буй орнуудад ам.долларын ханш чангарч байгаагаас гадна улирлын чанартай өсөлттэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.

“Голомт” банкны ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзориг: Ам.долларын ханшийн өсөлт олон хүчин зүйлээс нөлөөлөхөөс гадна улирлын өсөлт ихээхэн нөлөөлж байна. Валютын ханш өсөөд эхлэхээр хүмүүс, ам.доллар худалдан авч дардаг, хадгаламж нээх юмсан гэсэн бодол төрдөг. Энэ эргээд иргэдийн дунд хүлээлт гэдэг зүйлийг бий олгодог. Ам.долларын өсөлтөд АНУ-ын эдийн засгийн өсөлт нөлөөлж эрэлтийг нэмэгдүүлж байна. Гэхдээ өнөөдөр ам.долларын өсөлтийн шалтгааныг ярихаасаа илүү шийдлийг ярих нь зүйтэй болов уу. Миний харж байгаагаар манай улсын бүтэц өөрөө асуудалтай. Манай улсын эдийн засаг худалдаан дээр суурилагдсан байдаг. Жишээлбэл, АНУ-ын эдийн засгийн аваад үзье л дээ. Хөдөлмөрийн зах зээлээ голчилж, ажилгүйдлийн түвшнээ бага байлгах тусам нь эдийн засаг нь өргөжин тэлж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *