Швейцарын холбооны Улсын “La mensa e il gregge” ТББ-тай хамтран Алтай сумын Улаан хад багийн бага сургуулийн барилгыг дотуур байртай хамт шинээр барихаар болсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Эл асуудлаар “La mensa e il gregge” ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли аймгийн Засаг дарга А.Гылымхантай 10 дугаар сарын 02-нд уулзахдаа ярилцсан бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн барилгын ажлыг эхлэхээр тохиролцжээ.
Улаан хад баг нь сумын төвөөс 50, аймгийн төвөөс 170 км алслагдсан, 120 өрх 500 орчим хүн амтай юм. Багийн төвд 2004 оноос бага сургууль байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн барилга шинээр барьсанаар малчдын хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, сургалтын орчныг сайжруулах боломж бүрдэх ажээ.
Дашрамд хэлэхэд, Швейцарын холбооны Улсын “La mensa e il gregge” ТББ-ын санхүүжилтээр 2017 онд тус аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байсан.