ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
12:03 2018/10/02
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан юм.
Харин түүнийг цагдан хорих уу, үгүй юу гэдгийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.
Ямар шалтгаанаар баривчилсан тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группийн асуудлаар таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа.
Энэ хэрэг дээр нэлээн тодорхой хугацаанд шалгасан. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна.
Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.