ЗТХЯ, НЗДТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хамтран “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүрийг нэмэлтээр тоноглож, дизель автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагаа “Зорчигч тээврийн нэгтгэл”-д болов.
Төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид тус үйл ажиллагаанд оролцож дизель хөдөлгүүрийн тортог шүүгчийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Манай улсад ашиглаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой шүүлтүүрийг энэ оны 7-8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн Буянт” ХХК-ийн 24 автобусанд суурилуулсан нь бодит туршилтаар хар утааг 97 хувь хүртэл бууруулжээ. Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр хянаж, бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийн өндөр хэмд шатаан цэвэрлэж, гарсан хар утааны шүүлтийн хэмжээг жигнэж үзэхэд өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 грамм хар утаа ялгарч, сарын хэмжилтийн дүнгээр дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 килограмм хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлжээ. Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд дээрх шүүлтүүрийг суурилуулснаар хар утааны жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч буйг Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв.