Categories
мэдээ цаг-үе

Г.Ёндонгомбо: Улаанбаатарыг утаанаас салгах метан хийн бизнесийн эхлэл тавигдаж байна

-АВСТРАЛИЙН КОМПАНИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛСНААР ХЯТАД РУУ ХООЛОЙ ТАТАЖ МЕТАН ХИЙ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ-

Өнөөхөндөө мөнгө болохгүйгээр агаарт дэгдэж буй нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломж нээгджээ. Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай GOH компани АМГТХЭГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой энэ сэдвээр ярилцлаа.


-Метан хийгээ ашиглаж эхэлбэл агаарын бохирдлыг шийдэхэд асуудалгүй гэсэн тайлбар бий. Метан хийг ашиглах бодитой алхам хийгдлээ гэж ойлгож болох уу?

-Найман жил хүлээсний эцэст метан хийг ашиглах тал дээр бодитой алхам хийгдэх гэж байна. Миний тухайд Австралийн хөрөнгө оруулалттай GOH компанид зөвлөгөө өгч хамтарч ажилласан юм. GOH-д хөрөнгө оруулсан компани нь Австралийн “Голден хорд”. Метан эрчим хүчний нөөцийн анхдагч нөөцийн нэг л дээ. Экологид ээлтэй, өндөр илчлэгтэй гэсэн онцлогтой. Метан, байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцыг хамгийн хялбар бүтэцтэйгээр барих боломжтой. Энэ мэт давуу талууд бий.

-Гэрээ байгуулах гэж байгаа Австралийн компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монголд 2011 онд байгуулагдсан. Австралийн “Голден хорд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Эрсдэлтэй ажлуудыг жуниор компаниуд хийдэг гэж ярьдаг даа. жуниор компани нь гэсэн үг. Энэ компанийн хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Элексир петролиум” гэдэг компани худалдаж авч байгаа. Энэ компани “Голден хорд”- той хувьцааг нь худалдаж авч хөрөнгө оруулалт хийхээр тохирсон юм. Ингэж тохирч эрлийн гэрээ хийсний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээний ажил нэлээд хугацаа авсан. Хоёр жил болсон юм. Ийм шалтгаанаар Австралийн хөрөнгийн бирж дээрх арилжаагаа хүртэл зогсоосон байсан. Харин одоо арилжаагаа эхлүүлж байгаа. Нэгж хувьцаа нь зургаа орчим цент байна. бүтээгдэхүүн хуваах гэрээ зурахаар мэдээж хувьцааных нь үнэ өснө. дараа нь олборлож эхлэхээр хувьцааных нь ханш хэд хүрэхийг мэдэхгүй. Ийм л том бизнес эхэлж байна.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахын тулд Газрын тосны хуульд өөрчлөлт оруулсан гэж сонссон. Ямар өөрчлөлт оруулсан юм бол?

-Нүүрсний давхаргын метаны хувьд нүүрсний давхарга дотор, нүүрсний давхаргын нүх сүв, ан цавыг дүүргэж оршдог хий. Энэ хийг олборлохын тулд нүүрстэй талбай, нүүрсний орд газарт ажиллахаас аргагүй. Нүүрснээс ялгаатай нь ухаж гаргахгүй. Өрөмдлөг хийж усыг нь шавхсаны эцэст метан хий гардаг. Нүүрсний ордны координат, метаны хий олборлох координаттай давхцахаас өөр аргагүй. Бусад олон юмтай давхцахыг ч үгүйсгэхгүй. Энэ давхцлыг хуулиар зөвшөөрч зохицуулсан. Шинэ хуулийн дагуу эрлийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсныхаа эцэст Засгийн газарт тайлагнах, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэсэн хоёр шатны ажил бий. Эхнийхийг нь даваад хоёр дахь руу нь орж байна гэсэн үг.

-Метан хийг ашиглах тал дээр цаг алдсан шалтгаан нь юу вэ?

-Цоо шинэ ойлголт учраас аль аль талдаа ойлголттой болохын тулд цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан. Жишээ дурдахад Хятадад нүүрсний давхаргын метаны олборлолт 2004 оноос дөнгөж эхэлсэн байдаг юм. Хятадын газрын тосныхон энэ бизнесийг эхлүүлэх гэж гучаад жил зүтгэсний эцэст үр дүнд хүрсэн. Урд хөршийн хувьд одоо метан олборлолтын тал дээр асар туршлагатай болчихсон. 2004 онд олборлож эхэлсэн гэхэд өнөөдөр жилдээ 130 гаруй тэрбум шоо метр метан хий олборлож байна. Нэг метр куб метан нэг литр дизелийн түлштэй энергээрээ тэнцдэг. Тэгэхээр Хятад улс 130 тэрбум литр дизелтэй тэнцэх хэмжээний нүүрсний давхаргын метаныг жилийн дотор олборлож байна гэсэн үг.

-Аварга тоо байна. Урд хөршийн хувьд ийм хэмжээний метан үйлдвэрлэхэд хөшүүрэг, түлхэц болсон зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-БНХАУ-д нэг метр куб олборлосон метанд 2-3 мо-гийн шагнал өгдөг. Төрөөс нь ингэж урамшуулдаг. Ийм дэмжлэгтэй олон жил явсан учраас их хэмжээний олборлолт хийдэг болсон. Урд хөрш метаны олборлолтоор төсөвтөө мөнгө хураах биш төсвөөсөө мөнгө гаргадаг. Үүгээрээ байгаль хамгаалах зорилтоо хангаж, эрчим хүчнийхээ асуудлыг шийддэг. Килограмм нь 3500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг төмөр замаар зөөх үү, нэг метр куб нь 8000-10000 ккал илчлэгтэй хийг хоолойгоор тээвэрлэх үү гэдэг тэс ондоо асуудал л даа. Манай улсын хувьд 2004 онд Канадын нэг компани судалгаа хийж анхны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах санал тавьж байсан түүхтэй. Тэр үеийн Газрын тосны газартай хэлэлцээр хийсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь тухайн үед Газрын тосны газраас метаны бизнест тавих шаардлагуудыг байгалийн хийн орд, шингэн нефттэй адилтгаж тавьсан байдаг юм. Асар их зардал гаргадаг гэдэг онцлогийг нь харалгүйгээр хандсан учраас бүтэлтэй юм болоогүй өнгөрсөн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэж буй Австралийн компанийг ч Сангийн яам эдийн засгийн үр ашиг мөнгөний тооцооноос болж хэд хэдэн удаа буцаасан тал бий. Гэхдээ тодорхой хэмжээний буулт хийсэн учраас өнөөдөр гэрээ хийх гэж байна. Хятад шиг шууд дэмждэггүй юм гэхэд экологид ээлтэй шинэ бизнес гэдэг утгаар нь эхэн үедээ тодорхой хэмжээгээр дэмжихэд болохгүй юмгүй санагддаг.

-Метаны бизнесийг дэмжих хамгийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ бизнесийг дэмжих том шалтгаан нь агаарын бохирдол. Улаанбаатарын утааг багасгах гэж олон арга хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Харин нүүрсээ хийн түлшээр сольчихвол огцом өөрчлөлт гарна гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал. Бидэнд өгөөжтэй дараагийн давуу тал нь импортоор авдаг дизелийн түлшийг хийгээр орлуулж, халаалтад, уул уурхайд, яваандаа цахилгаан үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Жишээлбэл, олборлоод гаргаж байгаа метаныг дизелийн түлшний оронд шууд дизель хөдөлгүүрт хэрэглэж болдог. Тэгэхийн тулд яг олборлож буй газраа 10 МВт-ын арван станц тавихад 100 МВт-ын чадал үүснэ. Шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн ажлууд мэдээж бий л дээ. Дөнгөж эхэлж байгаа метан хий хэмээх шинэ бизнесийг энэ талаас нь харж тодорхой дэмжлэгтэйгээр хөл дээр нь босгоод дараа нь мөнгөний урсгалыг нь хянах тал руу орвол зүгээр байх гэж боддог юм.

-Метан хийн нөөцийн тухай яриа найман жилийн өмнөөс эхэлсэн үү?

-Тэрнээс өмнө 2008 оноос эхтэй. АНУ-ын Алабама хотод АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 2008 онд олон улсын нэг том хурал зохион байгуулсан юм. Тэр үеэр АНУ-ын судлаачид манай улсыг их хэмжээний нүүрсний давхаргын метаны нөөцтэй байж мэднэ гэж анх зарласан. Тухайн үед 17-43 триллион куб метр нөөцтэй гэсэн тоо яригдаж байлаа. Монголчууд ч зүгээр суугаагүй. 2009-2010 онд Шинжлэх ухаан технологийн сангаас бага зэргийн мөнгө гаргаж судлаачид хоёр хэсэг газарт нүүрсжилтийн судалгаа хийсэн юм. Нүүрсээ судалсан гэсэн үг. Метан бий эсэхийг судалсан анхны тохиолдол тэр л дээ. Бүр тодруулж хэлбэл Өвөрхангай, Баянхонгор аймгуудын зааг Онгийн голын сав газар, Увс аймгийн Нүүрст хотгорын хэсэг газруудад судалгаа хийсэн. Онгийн голын сав газарт ойролцоогоор 40 орчим тэрбум шоо метр, Нүүрст хотгорын сав газарт 60 орчим тэрбум шоо метр метан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гаргасан.

-Сүүлд Таван толгойн орд газарт метаны нөөцийн судалгаа хийсэн байх аа. Бас л аварга тоо дуулдсан санагдаж байна…?

-“Эрдэнэс Монгол” компанийн захиалгаар Австралийн “Голден хорд”, “Нордик гео солюшн” компаниуд хамтарч Тавантолгойн орд газарт 2015 онд метаны нөөцийн судалгаа хийсэн юм. Судалгааны явцад Таван толгойн ордод 6.8-74.7 тэрбум шоо метр метан хийн нөөцтэй байх боломжтой гэсэн дүн гарсан. Гэхдээ энэ бол өрөмдлөг огт хийгээгүй судалгаа. Уг нь 1000 метр хүртэл гүнд өрөмдлөг хийж нөөцийг нарийвчлан тогтоох ёстой. Тэгэхээр Таван толгойн ордод 1000 метрийн өрөмдлөг хийж сорьцыг нь шинжилсний дараа саяны ярьсан хязгаар ихтэй тоо нэг тийшээгээ тодорхой болно.

-Мэргэжлийн хүмүүсийн багцаа таамгаар Таван толгойн орд газрын метаны нөөц хэд байх боломжтой бол?

-Бидний таамгаар 74 тэрбум шоо метрээсээ хол давах ч юмуу, эсвэл бүр нугарч ч магадгүй.

-Ер нь Монголын нүүрсний орд газруудад метан хий хичнээн метрийн гүнд байх магадлалтай вэ?

-Манайхтай төстэй нүүрстэй орон гэвэл Австрали байна. Нас, үүссэн цагийг нь тооцоод үзэхээр 500-2000 метрийн гүнд оршдог байх өндөр магадлалтай. Монголд өмнө нь хийгдсэн өрөмдлөгүүдийн хувьд нүүрснийхээ нөөцийг тогтоох зорилготой байсан учраас гүн нь бага. Налайхад хамгийн гүндээ 180 метр өрөмдсөн байдаг. Тиймээс Монголд хийгдсэн өрөмдлөгийн дээжүүдийн судалгаагаар метаны нөөцийн хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжгүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд метан хийн олборлолт, ашиглалт дээр хэр зөв хувилбар гэж та бодож байна?

-Өнөөдөр үйлчилж буй газрын тосны хуулиар үүнээс өөр хувилбар байхгүй. Дэлхийд нүүрсний давхаргын метаныг хоёр нөхцөлөөр олборлодог. Эхнийх нь бүтээгдэхүүн хуваах гэрээ. Ийм хувилбараар явж буй цөөхөн улс бий. Хоёр дахь хувилбар нь рояалти төлөх хэлбэр. Нүүрсний давхаргын метаны олборлолт нэлээд хөгжчихсөн АНУ, Австрали гэх мэт улс рояалти нөхцөлөөр гэрээ байгуулдаг. Монголын хувьд цаашдаа яахыг амьдрал харуулна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэг хэсэг яваад үзэх нь тодорхой. Сүүлдээ хоёр тал харилцан тохиролцвол гэрээний өгөөжийг аль аль талдаа өсгөх зарчим баримтлахыг үгүйсгэх аргагүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны дараа ямар процесс өрнөх вэ?

-Нүүрсний давхаргын метан өвөрмөц онцлогтой. Бие даасан хайгуулын ажил, бие даасан олборлолтын ажил гэж хуваахад хэцүү. GOH компани ирэх хавраас Өмнөговь аймгийн нутагт орших Номгон IX гэдэг лицензтэй талбайдаа өрөмдлөг эхэлнэ. Дунд нь Таван толгойн нүүрсний орд оршдог гэхээр нэлээд том талбай гэсэн үг. Өрөмдөхөөс өмнө тодорхой хэмжээний судалгаа хийнэ. Тэгээд метан хий байж болох хамгийн магадлалтай газраа сонгоод өрөмдөнө. Өрөмдөхөөр хамгийн түрүүнд ус гарч ирнэ. Метаныг энгийнээр тайлбарлавал олон мянган жилийн турш их гүнд, маш халуунд, хүчилтөрөгчгүй нөхцөлд нүүрсний хийжилт явагдсаны улмаас үүссэн байгалийн хий. Энэ хий нүүрсний ан цав нүх сүвд байдаг гэж би ярианыхаа эхэнд онцолсон. Тодруулж хэлбэл метан хий гүнд, нүүрсний, усны давхаргад түгжигдээд байж байдаг юм. Эхлээд даралттай ус гардаг нь тийм учиртай. Ус гарч дууссаны эцэст хий гардаг. Зарим тохиолдолд гурван сар болоод хий нь гарч ирдэг. Үүнээс ч удах магадлалтай. Гэхдээ нэг онцлог тал нь хий гараад ирэнгүүт шууд хэрэглэхэд бэлэн байх ёстой. Хэрэглээ нь хоёр янз. Нэг бол шууд дизель генераторт хэрэглэж цахилгаан үйлдвэрлэнэ. Эсвэл шингэрүүлж болно. Ингэхийн тулд шингэрүүлэх үйлдвэр барих ёстой. Шингэрүүлэх үйлдвэр барьчихсан чинь метан нь гарахгүй бол яах вэ гэсэн асуудал үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр цахилгаан станц хамгийн бодитой хувилбар. Хэдэн дизель генератор зоох хэрэг гарна. 10 генератор тавибал 100 МВт, 100-г тавибал 1000 МВт болно. 1000 МВт гэдэг чинь манай төвийн эрчим хүчний хэмжээний чадал шүү дээ. Хий чигээр нь ашиглана гэвэл их хэмжээний хэрэглээтэй Хятад улсад нийлүүлэх боломжтой. Шугам татаад Хятадын байгалийн хийн шугамд холбоно гэсэн үг.

-Улаанбаатар руу хийн хоолой татаад нүүрсийг хэрэглээнээс халах боломжтой гэдэг тайлбар хэр бодитой вэ. Ажил болох магадлалтай юу?

-Шугам барих уу, шингэнээр нь тээвэрлэх үү гэдэг нь хэрэглээнээс шалтгаална. Улаанбаатарын хувьд бага хэрэглээтэй учраас хийн хоолой барих шалтгаан байхгүй. Харин шингэрүүлж тээвэрлэвэл илүү бодитой. Метан шингэрүүлэх процесс тодорхой хэмжээний нарийн технологи. Метан -162 градуст шингэрдэг юм. Тэгэхээр хөргөлтийн технологиор шингэрүүлнэ гэсэн үг. 600 метр куб метан хий нэг литр шингэн түлш болдог. Өөрөөр хэлбэл нэг литр шингэрүүлсэн байгалийн хийг 600 литр дизелийн түлштэй адилтгаж ойлгож болно. Тэгэхээр тээвэр дээр 600 дахин хэмнэлт гарч байгаа биз. Төмөр зам, авто замаар тусгай зориулалтын цистернээр зөөх боломжтой. Машинаар тээвэрлэнэ гэвэл хоёр цистерн буюу нийтдээ 34 тонн шингэн түлш ачина. Энэ түлшээ Улаанбаатарт авчраад хэрэглэхийн тулд эргээд хийжүүлэх үйл явц өрнөдөг.

-Тэгэхээр Хятад руу хоолой татаад зарвал ашигтай юм байна?

-Маш ашигтай.

-Гэхдээ хийн шугамд нь холбож урд хөршид зарахад хоёр талын хэлцэл, яриа гээд өчнөөн асуудал гарч ирэх байх…?

-Хятадад цэвэр энерги хэрэгтэй нь бодитой үнэн. Хятадын байгалийн хий, нүүрс нь баруун хойд хэсэгтээ байдаг. Хэрэглээ нь зүүн өмнөд хэсэгт нь бий. Хятад Туркменистанаас хий авдаг. Шинжаан Уйгар нүүрсний давхаргын метан хийг маш хүнд нөхцөлд олборлодог юм. Манайх шиг тал нутагт биш машин явахад хэцүү уулын оройд олборлож байдаг. Тийм нөхцөлөөс хий авч байгаа улс саадгүй нөхцөлд хямд олборлосон хийг авахгүй гэх логик багатай.

-Метаны шингэрүүлсэн хийн үнэ өртөг нефтийн шингэрүүлсэн хийнээс хямд байж чадах уу?

-Дор хаяж хоёр дахин хямд байх бололцоотой. Хэрэглээг нь дахиад онцлоход хийн плитка, халаалтын зууханд ашиглаж болно. Хийн турбинд оруулаад цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Дизель генераторт ашиглана. Цахилгаан станцын зууханд шатааж хэрэглэнэ. Нүүрс түлээд цахилгаан үйлдвэрлэдэгтэй ялгаагүй. Хамгийн гол давуу тал нь утаа гарахгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *