Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

30 гаруй настай, 30 орчим компанитай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

Байгаль орчин аялал жуучлалын сайдаар Н.Цэрэнбат гэх 30 гаруйхан настай залуу ажиллаж буй. Увс аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо нэг их удалгүй БОАЖ-ын сайдаар томилсон билээ. Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө бизнесийн салбарт өрсөлдөж, 30 орчим компанийн эзэн болсон байдаг. Ёстой л компанийг ар араас нь “өндөглүүлж” өгсөн нэгэн гэгддэг. Тэр маш богино хугацаанд Монголын томоохон, нэр нөлөө бүхий компаниудтай өрсөлдөх хэмжээний санхүүтэй 30 орчим компанийн эзэн болчихсон тухай ойр дотныхон нь онцолдог. Ямар замаар, хэрхэн явж ийм олон компани байгуулж, их хэмжээний мөнгө нааш цааш нь хөдөлгөсөн бэ гэдэг нь одоо хүртэл нууц хэвээрээ байгаа. Гэхдээ энэ удаад бид Н.Цэрэнбат сайдыг хичнээн хөрөнгө, чинээтэй, ямар замаар ийм олон компанийг нэгэн зэрэг байгуулах болов гэдгийг сонирхсонгүй. Үндсэн хуулиар хөрөнгө, чинээ, эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах нь хориотой байдаг.

МАН-ынхан өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрсдийнхөө залгамж халаа болгож хэдэн залууг бодлогоор дэмжсэн байдаг. Хэнтий аймгаас гэхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дэмжсэн. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа. Мөн МАН-аас дэмжсэн өөр нэг залуу гэвэл Увс аймгаас гаралтай бизнесмэн Н.Цэрэнбат юм. Шуудхан хэлэхэд, улс төрд олон компанитай Н.Цэрэнбат шиг залуусыг хавьтуулмааргүй байна. МАН-ынхан хөрөнгө мөнгөтэйг нь бодоод түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн нь тодорхой. Намаас нь Н.Цэрэнбат мэт ийм залуусыг дэмжиж, хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэж болох ч түүний цаана хувь хүнийх нь том эрх ашиг гэж бий. Төрийн үндсэн үүрэг нь ард түмэнд үйлчлэх ёстой. Тэгвэл Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд болгосон нь ард түмэнд үйлчлэх үндсэн үүрэгт харшлаад байна. Учир нь, БОАЖЯ бол их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг газар. Гадаадын улс орнуудаас их хэмжээний мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Жилд хэдэн сая ам.долларын төслүүд энэ яамаар дамжин хэрэгжиж байдаг. Гэтэл Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө 30 орчим компанитай байсан. Тэр компаниудынхаа үйл ажиллагааг явуулахын тулд маш олон хүнтэй хамтарч, эрх ашигт нэгдэж байсан нь тодорхой. Өдгөө Н.Цэрэнбат их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа яамны сайдаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн хамаарал бүхий этгээдүүтэй эрх мэдлээ ашиглан тал бүрээр хамтран ажиллаж, улсад хохирол учруулж байх магадлал маш өндөр юм. Үүний тод жишээ нь, сайд Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж байгаа. 30 гаруй настай, 30 орчим компанитай сайд Н.Цэрэнбат АТГ-ын мөрдөн байцаагчийн үүдийг сахиж, чулуу нясалж суух болжээ. Түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тендер огт шалгаруулалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн байгаа. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, мөн Тендерийн тухай хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байгаа. Н.Цэрэнбатын өгсөн үүрэг даалгавраар “Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгийг Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь шалгагдаж байгаа. БОАЖЯ-ны хурлын танхимын засвар, ном хэвлүүлсэн гэх зүйлд зарцуулсан гэгдээд байгаа. Хэдийгээр санхүүгийн тайлан байгаа боловч хууль зөрчсөн үйлдэл болсон нь шалгалтын явцад хэд хэдэн баримтаар нотлогдоод байна. Мөн дээрх хэргээс гадна Н.Цэрэнбат сайдтай холбоотой улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй ноцтой өөр хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна” гэв. “Эрдэнэзул” компанид өгсөн мөнгийг Н.Цэрэнбат сайдын барилгын компаниудыг хариуцдаг н.Баттулга гэх залуу болон төрсөн дүү Н.Отгонжаргал нар авсан хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өөр нэг зүйл нь Агаарын чанарын алба гэх газарт Увс аймгийнхан дүүрчээ. Н.Цэрэнбат сайд өөрийн нутаг нугын хүмүүсээ Агаарын чанарын албанд томилж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утаагүй түлшний үйлдвэр барих, утаагүй зуух тараах гээд л хэдэн зуун сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа гэнэ. Бүр агаарын бохирдол бууруулах зорилготой бүх газрыг БОАЖЯ-ны дэргэд төвлөрүүлж, бүх мөнгийг нь захиран зарцуулах ажил хийх санаачилга гаргаад байгаа гэсэн. Н.Цэрэнбат сайд ард түмний төлөө биш, ах дүү, найз нөхөд, нутгийнхныхаа төлөө ажиллаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна.

Үүнээс гадна аливаа салбарыг тэр тусмаа яамыг мэргэжлийн бус хүн удирдахын зовлон, сул тал их. Ажлаа мэдэхгүйн дээр, юунаас эхэлж, юуг хэрхэхээ мэдэх гэж танилцаж явсаар үүрэгт хугацааных нь дийлэнх нь өнгөрчихдөг. Н.Цэрэнбат сайдаас өөр, мэргэжлийн хүн БОАЖЯ-ыг удирдсан бол өнгөрсөн хугацаанд улс эх оронд хэрэгтэй олон том төслийг донор орнуудаас олоод ирэх боломж байлаа. Дээр нь ядаж түүний бүрдүүлсэн баг мэргэжлийн, ажлаа мэддэг хүмүүс байсан бол дотоод, гадаадад салбар, чиглэл бүртээ танил тал ихтэй, түүгээрээ дамжуулан туршлага, ноу-хау төдийгүй одоогийнхоос их хэмжээний санхүүжилт авчирч чадах байсан. Харамсалтай нь, Н.Цэрэнбат сайдаар ажиллаж байгаа энэ цагт тус яаманд дэлхийн эрдэмтэн судлаач тэр дундаа байгаль орчныг хамгаалах чиглэлд бүхнээ зориулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэр нөлөө бүхий хүмүүс, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч байгаа нь тун цөөн байна. БОАЖЯ-ыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа ганцхан жишээ татъя. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, азоны давхарга нимгэрч, цоорч байгаа асуудалд дэлхийн улс эх орнууд анхаарлаа хандуулж байна.Францын нийслэл Парис хотноо 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх талаар хэлэлцээр хийсэн. Үүний дараа Сингапур улс дэлхийн дулаарлыг багасгах, азоны давхарга нимгэрч байгааг сааруулах зүйлд бодит төсөв гаргахаар мэдэгдсэн. Тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойжуулах төсөлд зарцуулахаа мэдэгдсэн. Харамсалтай нь тэрбум ам.долларын ойжуулах төслийг өгөх орон олдохгүй байна гэж гаднын хэвлэлээр нэг цацагдаж байсан. Манай БОАЖЯ-ныхан гадаад хэлтэй, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийн байсан бол тэрбум ам.долларын төслийг олоод ирэх байв. Гэвч тэгж чадаагүйн цаана энэ чиглэлд ажиллагсад нь сэтгэлгүй, мэдээлэлгүй гэхээс илүү эрхэм сайдтан өөрийн мэдэхгүй салбараа орхигдуулсны уршиг гэж болохоор. Ийм л учраас БОАЖЯ-ыг мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн дутагдаж байгаагаас энэ яамны ажил урагшилж өгөхгүй байгаа юм. Гэвч үүнийг салбарын сайд юман чинээнд бодохгүй харин ч хэдэн арабт Үндэсний бахархалт шонхор шувуугаа бариулах зөвшөөрөл өгчихөөд сууж байна. Хэдэн шонхор шувуу барих зөвшөөрөл олгосон гэдгээ улсын нууцад хамруулж, нууц тушаал гаргачихаад “Энэ бол Засгийн газрын түвшинд шийддэг асуудал” хэмээн хээв нэг хэлчихээд таахалзаад сууж байна. Түүний шонхор барих зөвшөөрөл өгсөн гадаадууд эх орон даяар хэсэн тэнүүчилж, таарсан амьтнаа алж хядаж байгаа мэдээлэл Тагнуулын ерөнхий газарт удаа дараа ирсэн байна лээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *