Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгө оруулагчид бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдлийг үүрээд гардаг

“Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддаптай ярилцлаа.


-Танай сан ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг вэ?

-Манайх Австралийн хөрөнгө оруулалтын сан байгаа юм. Эхний ээлжинд уурхай болох боломжтой газруудад хөрөнгө оруулах сонирхолтой. Өөрөөр хэлбэл хайгуулын компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Хайгуул хийгдэж буй үр дүнгээс нь хамаарч үнэлгээ хийж, үйлдвэрлэлийн шат руу орохоос өмнөх компаниудад ихэвчлэн хөрөнгө оруулалт хийдэг.

-Ямар улсуудад хөрөнгө оруулалт хийж байна?

-Манай сан дэлхий даяар хөрөнгө оруулалт хийдэг. Африк, Азийн улсуудаас гадна Австралид хөрөнгө оруулалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэлээд хөрөнгө оруулалтыг Тунис, Индонези, Буркина Фасо, Монгол зэрэг улсад хийсэн.

-Монгол хөрөнгө оруулагчдын хувьд хэр сонирхол татахуйц орон бол?

-Монголын тухайд геологийн үзүүлэлт, эрдэс баялгийн нөөц боломжоороо сонирхол татсан улс. Хайгуулын ажлууд хийгдээгүй учраас хайгуул хөгжиж байж боломжууд нээгдэнэ гэж харж байна. Ний нуугүй хэлэхэд Монголын уул уурхайн салбар эрх зүйн үүднээсээ сорилттой тулгарсан гэж харагддаг. Дэлхийн ихэнх хөрөнгө оруулалтын сангийн сонирхол болон хөрөнгө оруулалт эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой улс руу чиглэдэг. “Дисковер Монголиа”-д оролцсон хоёр өдрийн туршид нэг эерэг зүйл анзаарагдлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын илтгэлд туссан гол мессэж итгэл төрүүлж байна. Сайдын илтгэл уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийгдэх шинэчлэлүүд, салбарын өмнө тулгарсан сорилтыг давахад чиглэгдсэн гэж ажиглалаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн шинэчлэл хийх тухай асуудал сайдын илтгэлдээ дурдсанчлан бодлого шийдвэр болбол хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой.

-“Дисковер Монголиа”-гийн үеэр хөрөнгө оруулалт татаж буй шинэ улсууд дотор Буркина Фасо гэдэг нэр дуулдлаа. Хөгжлийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд сүүл мушгидаг улс гэдгээрээ танигдсан орон. Хөрөнгө оруулагчдыг татаад буй шалтгаан нь юундаа байна?

-Энэ орныг ярихаар их сонирхолтой харьцуулалт харагдах байх. 15 жилийн өмнө тус улсад уул уурхайн салбарын ямар ч хөгжил байгаагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар тэнд эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдыг татаад эхэллээ л дээ. Шалтгаануудынх нь нэгийг дурдвал эхлээд гэрээ байгуулахад Засгийн газар нь 10 хувийг шууд өмчилдөг юм байна. Хоёрт нь татвар дээр хөнгөлөлт болон зарим зохицуулалтыг шууд тодорхой гаргаад өгчихдөг. Гуравт нь гэрээ байгуулагдсан хугацаанд татварын болон бусад санхүүгийн зохицуулалт маш тогтвортой байдаг нь хөрөнгө оруулагчдыг татаад байна. Сүүлийн хэдэн жил терроризм энэ тэр гээд асуудалтай байсан ч сая дурдсан гурван шалтгаан хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна.

-Үймээн, самуунтай байсан ч бодлого нь тогтвортой бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чаддаг гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Эрх зүйн тогтвортой байдал ямар чухал гэдгийг ярихад Африкийн Танзани гэдэг орон дараагийн онцгой жишээ болох байх. 20 жилийн өмнөөс уул уурхай нь хөгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд маш олон компани уул уурхайн салбар руу нь орж тогтвортой ажилласан. Ялангуяа алтны салбарт түлхүү орсон байдаг юм. Гэтэл арванхоёр сарын өмнөөс төр засгаас нь татварын шинэ зохицуулалт нэвтрүүлж, компаниудад тулгасан байдлаар хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тэнд ажиллаж байсан компаниудын хувьцааны үнэлгээ буурч, уул уурхайн салбарынх нь үйл ажиллагаа доголдсон. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Урьдчилан харж болохгүй аливаа зүйл хөрөнгө оруулагчдыг байнга үргээдэг. Тогтвортой, урьдчилан харж болох төслүүд рүү хөрөнгө оруулагчид орох сонирхолтой байдаг. Танзани хоёр зүйлээрээ нэлээд алдартай. Хувь хүний аюулгүй байдал, хулгайн хэргээрээ багагүй асуудалтай орон. Гэсэн ч эдгээр таагүй нөхцөл байдлыг нь компаниуд өөрсдийнхөө хэрээр шийдэж, хөрөнгө оруулсаар ирсэн. Эрх зүйн орчин, бодлого нь тодорхой байсан учраас хөрөнгө оруулагчид бусад зүйлийг нь шийдэх маягаар ажиллаж ирсэн байдаг юм. Бүр тодруулж хэлбэл бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдэлийг хөрөнгө оруулагчид үүрээд гардаг.

-Австрали уул уурхайн салбарын хөгжлөөрөө тэргүүлдэг улсын нэг. Эрх зүйн орчин нь олон арван жилийн турш тогтвортой явсаар өнөөг хүрсэн гол шалтгаан нь юу вэ?

-Австрали зуу гаруй жилийн уул уурхайн салбарын эрх зүйн орчноороо танигдсан. Татвар нэмэгдүүлэх, үр шим хүртэх боломжуудыг өсгөх гэх мэт маш олон удаагийн оролдлогууд явж байсан л даа. Гэхдээ тэр болгонд Засгийн газар болон бодлого тодорхойлогчдод тайлбарлаж ойлгуулж чадсан хэсэг нь сонгогчид байсан. Тэд уул уурхайн салбарын үр өгөөж болон шимийг нь сайн ойлгодог. Олон нийт нь уул уурхайн ажил олгогч, татвар төлөгч, ашиг өгөөж өгөгч гэдэг эерэг талуудыг нь сайн мэддэг. Тийм учраас аливаа нэг байдлаар татвар нэмэгдүүлэх процесст оролцож өөрсдийнхөө саналаар болиулах гэх мэт уул уурхайн салбарыг дэмжих процесс өрнөсөөр ирсэн байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын үр өгөөжийг бүх нийтэд таниулахад хувийн хэвшлийнхнийг оролцооч, тэр хэрээрээ бид зөв нэгдсэн ойлголттой байж чадна гэж хэлж байсан. Миний хувьд сайдын энэ үгийг олзуурхаж сонслоо.

-“Дисковер Монголиа” уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулган танд ямар санагдав. Хүссэн мэдээллээ авч чадав уу?

-Би дэлхийн маш олон уул уурхайн чуулга уулзалтуудад оролцсон. Гэхдээ анх удаа салбарын сайд нь өглөө ирж гол илтгэлээ тавиад өдөржингөө хуралд оролцож байхыг харлаа. Энэ нь маш эерэг нэг мессэжийг бидэнд өглөө. Сайд урагшаагаа харж хамтдаа яаж хөгжих вэ гэсэн арга замыг хайж яваа юм байна. Бас элдэв бэрхшээл тоочиж, гомдоллосон өнгө анзаарагдсангүй. Яг л ирээдүй рүү харсан байдлаар ярьж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг мессэж болж чадлаа.

-Хөрөнгө оруулалтын сангийн менежер хүний тань хувьд асуухад жишээ нь таны Монголыг гэх сонирхлыг энэ удаагийн арга хэмжээ төрүүлэв үү?

-Ямар ч эргэлзээгүйгээр сонирхол төрөхөөр арга хэмжээ болсон.

-Танай сангийн зүгээс Монголд дахиад хөрөнгө оруулах болов уу?

-Манай сангийн боломжит хөрөнгө оруулах хэмжээ гэж бий. Боломжит хэмжээ маань тодорхой хэмжээгээр хязгаар тавих нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд итгэл нэмэгдсэн.

-Монголд ямар төсөлд хөрөнгө оруулсан бэ. Хөрөнгө оруулахаар сонирхож буй төсөл гэвэл онцлох төсөл бий болов уу?

-Алтны салбар сонирхол татаж байна. Учир нь бага зэргийн уурхайнаас илүү хурдан хөгжих боломжтой эрдэс баялагт тооцогддог юм. Хоёрт нь алт олборлох процесс бусад эрдэс баялагтай харьцуулахад илүү хялбар. Гуравт алтны худалдан авалт ирээдүйтэй болохоор борлуулахад үнэ цэнээ алддаггүй. Манай сан “Эрдэнэ ресурс”-ын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. 4-5 орчим хувийг нь эзэмшдэг.

-Уул уурхайд хөрөнгө оруулахад тухайн улсын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлага нөлөөлдөг гэдэг. Монголын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлагын тухайд танд төсөөлөл байна уу?

-Монгол Улсын хүн амын уул уурхайн салбарыг харах өнцөг нь мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчид гэсэн хандлагатай байх шиг анзаарагдаж байна. Гэтэл Монголд мэргэжлийн уул уурхайн компаниуд олноороо ажилладаг. Тэдний үйл ажиллагааг мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчидтэй адил гэж сэтгэж хавтгайруулж хараад байна. Хэрвээ мэргэжлийн уул уурхайн компанийн дэлхийн стандартаар урагшилдаг үйл ажиллагааг нь ойлгож хардаг болчихвол өөр л дөө. Иргэдийн хандлага илүү өөр, эерэг болоод ирнэ. Уул уурхайн салбарт эдийн засагт ямар чухал нөлөөтэй гэдгийг ойлгож хардаг болчихвол тэр хэрээрээ уул уурхайн салбарыг дэмжих хандлага гуйвж дайвахгүйгээр тогтох байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *