Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.
-Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхэлье?
-Оюутнуудын дийлэнх нь 17 орчим насныхан байдаг. Нэг ёсондоо өсвөр нас нь дөнгөж өнгөрч, орь залуу үе рүү шилжих шилжилтийн үе нь тохиодог гэсэн үг. Хөгжлийн сэтгэл судлалд 18-25 насыг орь залуу нас гэж нэрлэдэг. Энэ насны хүмүүс ихэвчлэн амьдралыг танин мэдэх, өөрийнхөө бодол хандлагыг хэлбэршүүлж бий болгох гэж оролддог. Тэгэхээр үүнийг төлөвшихөөс арай өмнөх үе гэж нэрлэж болно. Тэд ихэнхдээ шинэ зүйл сурч, мэдлэг боловсрол эзэмшиж, өөрийгөө олох гэж эрмэлздэг. Харин дараа нь гэр бүл зохиож, амьдралд хөл тавьж эхэлдэг юм. Судалгаанаас үзэхэд монголчуудын дийлэнх нь 20-25 насандаа гэр бүлтэй болдог юм билээ. Энэхүү үйл явц нь тухайн хүний оюутны төгсөх курс эсвэл оюутан байхад нь тохиолддог. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудал, бэрхшээлийг даван туулах гэсэн оролдлого, зүтгэл дунд өнгөрдөг онцлогтой нас юм. Оюутан охид олон зүйлийг шинээр бүтээж, бий болгож, мэддэг, бас алдаж, онодог. Үүний дараа алдаанаасаа сургамж ухаарал авч, төлөвшилтэй иргэн хүн болсон байдаг.
-Сүүлийн үед оюутан залуус асуудалд орж, стресстэй байх хандлага ихсэх болсон. Зарим нь үүссэн асуудлаа зөвөөр шийдэж чадахгүйгээс болоод буруу зүйлд татагдах, бүр даамжирвал амиа хорлох хэмжээнд хүрч байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нас наснаасаа шалтгаалаад тухайн хүнд тулгарах асуудал нь өөр байдаг. Тухайлбал, хөдөөнөөс хотыг зорьж ирээд оюутан болж буй охид эцэг эхийнхээ хараа хяналтаас гэнэт холддог. Тэдгээр хүүхдүүдээс ажиглагддаг нэг ижил зүйл бий. Өмнө нь бүх зүйлийг нь ээж, аав нь хариуцдаг, өмнөөс нь шийдвэр гаргадаг, санхүүг нь зохицуулж, өөрөөр нь шийдвэр гаргуулахгүй байх нь тухайн хүүхдийг бие даах чадваргүй болгосон байдаг юм. Эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж найзлах, хэнтэй үерхэх вэ гэдэгт нь хүртэл хяналт тавьдаг. Эдгээрээс болоод оюутан охид гэлтгүй энэ насны дийлэнх нь тулгамдсан асуудалтай болчихсон байдаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь санхүүгээ захиран зарцуулж чадахгүй, дэмий зүйлд мөнгөө үрэх байдал юм. Тухайн хүн орь залуу насандаа гэнэтхэн л эрх чөлөөтэй гэдгээ мэдэрч эхэлдэг. Өмнө нь хийж үзээгүй зүйлсээ хийхийг их хүсдэг болчихно. Энэ нь эцэг эхийн олгосон хүмүүжилтэй шууд холбоотой. Манай монголчууд хүүхдийнхээ бие даах чадварыг нь хөгжүүлдэггүй. Өөрийгөө бүрэн хариуцах боломж олгодоггүй гэсэн үг. Иймэрхүү хүмүүжлийн арга нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгоно. Тухайн хүүхэд бие даан нийгмийн ямар нэг үйл ажиллагаанд оролцохдоо дутуу бүхнээ элдэв зүйлээр нөхөх гэж оролддог. Үүнээс үүдэж 18-25 насныхан буруу алхам хийнэ, бухимдана стресстэж асуудалд орчихсон байдаг юм.
-Оюутан үед нь сэтгэл зүйг нь ямар байлгах ёстой гэсэн үг вэ?
-Төлөвшил нь тогтоогүй хүн ямар нэг шинэ зүйл хийж, бүтээж, бие дааж шийдвэр гаргахдаа алдаа гаргаж болно. Тодруулбал, сүүлийн үед дийлэнх охидын хувьд өөртөө итгэлгүй байдлаа гадаад үзэмжээрээ нөхөх гэж оролдох хандлага ажиглагддаг болсон. Тиймээс эцэг эхийнхээ явуулж буй сургалтын төлбөр, хичээлдээ хэрэглэх мөнгөөрөө хувцас авах, найзуудтайгаа зугаацдаг юм байна лээ. Энэ нь өөртөө итгэх итгэлээ бүрэлдүүлэх гэсэн нэг оролдлого. Найзуудтайгаа нийлж дэмий зүйлд мөнгөө зарцуулж байгаагийн цаана өөртөө итгэлгүй байдлаа түр мартаж, олон хүнээр өөрийгөө хүрээлүүлэх гэсэн оролдлого нуугдаж байдаг юм.
-Дунд сургууль төгссөн үеийнхэн амьдралд хөл тавих гэж байгаад алдаа гаргадаг. Тэд яарсны улмаас сөрөг үр дагавар гарсны дараа харамсах тохиолдол хэр их ажиглагддаг вэ?
-Тухайн хүний хүмүүжил, эцэг эхийн хандлагатай шууд холбоотой байдаг. Зарим аав, ээжүүд хүүхдэдээ маш сайн анхаарал хандуулаад байна гэж боддог. Гэвч яг үнэндээ сэтгэл зүрхийг нь хангалуун, бүтэн байлгаж чаддаггүй. Ийм хүүхдүүд өөр хэн нэгнээр хайрлуулахыг хүсч, түүнийгээ эрэлхийлдэг. Өсвөр насны охид, оюутан болж буй залуус яагаад амьдралын замд яарч, хэн нэгийг хайрлаж, хэн нэгэнд хайрлагдахыг хүсдэг вэ гэхээр хүмүүжих явцдаа хайраар дутагдсан болоод л тэгж байгаа хэрэг. Эцэг эх нь зөв хайраар чиглүүлж, хүмүүжүүлж, өсгөсөн хүүхэд амьдралд тэгтлээ яардаггүй. Өнөө үед гэр бүл болох, охидын төрөлт залуужлаа гэж их ярих болсон. Хайр дутагдсан болохоор л тэр шүү дээ. Үүнээс болж цаг нь болоогүй байхад гэр бүл болох, хүсээгүй жирэмслэлт бий болох зэрэг буруу сонголтуудыг хийчихдэг. Охид яаран шийдвэр гаргахдаа үерхэж байгаа хүнээ таних завдалгүйгээр дотно харьцаанд ордог. Мөн “Үгүй” гэж шууд хэлж чадаагүйгээсээ болж халдварт өвчин авах, жирэмслэх гэх зэрэг засаж болохооргүй алдаа гаргаж, өөрийгөө эрсдэлд оруулж байдаг юм.
-Бэлгийн замын халдварт өвчин ихсч буйг хүмүүжилтэй нь холбож ойлгож болох уу?
-Өсвөр насанд хүүхдийн бэлгийн бойжилтын идэвхтэй үе эхэлдэг. Хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө 11-14 настайд нь илэрдэг. Энэ наснаас нь эхлээд л хүүхдүүдэд бэлгийн боловсрол гэж юу болох, бие биеэ хэрхэн зөв хайрлах, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр бусадтай харилцах талаарх мэдээллүүдийг системтэйгээр өгөх хэрэгтэй юм. Тухайлбал, охидыг найз залуутай болчихоод шууд бэлгийн харьцаанд орж болохгүй гэдэг ойлголтыг өсвөр нас эхлэх үеэс нь суулгах хэрэгтэй. Эцэг эхчүүд, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн системд энэ талаарх мэдээлэл хомс байдаг нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл болж байна гэсэн үг. Хүүхдүүд амнаас ам дамжсан байдлаар нэг нэгнээсээ энэ төрлийн мэдээллийг олж авдаг. Аав ээжүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярих нь ичгэвтэр юм шиг санагддаг. Яг үнэндээ нөхөн үржихүйн боловсрол, бэлгийн харьцаанд орох гэдэг зүйлүүд нь хоорондоо тэс өөр ойлголт. Үүнийг насанд хүрсэн хүмүүс ч ялгаж, мэдэхгүй байгаагаас өсвөр насны хүүхдүүд эрсдэлд орж байна.
-Охид найз залуудаа “Үгүй” гэдэг үгийг ховор хэлэх болсон гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Охидын дийлэнх нь найз залуутай болмогцоо бэлгийн харьцаанд орчихсон байдаг. Гэхдээ тухайн залуу хүч хэрэглэсэн юм уу гэхээр үгүй. Охин нь өөрөө дуртай байсан юм уу гэхээр бас үгүй. Ийм тохиолдолд бэлгийн харьцаанд орсон охид “Хайртайгаа батлахын тулд ийм үйлдэл хийсэн” гэж хэлдэг юм. Мөн тааламжгүй нөхцөл байдалд орчихоод охид бэлгийн харьцаанд орсон байдаг. Үүнийг хүмүүжилтэй холбож ойлгож болно. Эцэг эхчүүд охидоо тааламжгүй байдалд орсон тохиолдолд их зоригтойгоор өөрийгөө хамгаалах үйлдэл хийх, “Үгүй” гэж чангаар хэлж сургаагүйтэй холбоотой болохоор яах аргагүй хүмүүжил хөндөгдөж байгаа юм. Багаас нь өнөө л хаагдмал байдлаас үүдэн бэлгийн боловсрол олгоогүй гэсэн голлох шалтгаантай. Гэтэл хүүхдэд ээж, ааваас чинь өөр хэн ч хүрч болохгүй хэсэг чиний биед байдаг гэдгийг энгийнээр ойлгуулах арга байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн усны хувцас өмссөн хэсэг нь гаднын хүний хүрч болохгүй хэсэг байдаг юм. Уг ойлголтыг суулгачихвал найз залуутай болсон хойноо ч эрсдэл бага амсдаг. Харин ийм мэдлэг байхгүйгээс болоод амьдралд бэлэн биш үедээ жирэмсэлж, энэ хүүхдийг гаргахгүй гэсэн шийдэлд хүрдэг. Энэ нь үр хөндөлт ихсэх шалтгаан болдог. Жишээ нь нэгдүгээр курст дөнгөж орсон хоёр хүүхэд бие биедээ таалагддаг байлаа. Энэ харьцаа нь улам гүнзгийрч дотуур хувцсыг нь тайлах хэмжээнд хүрмэгц “Би буруу зүйл хийж байна” гэж охид боддог гэнэ. Тэгээд эсэргүүцэл үзүүлдэг ч аль хэдийн оройтсон байдаг. Энэ байдлаасаа болоод охид хүсээгүй ч юм шиг, хүссэн ч юм шиг харилцаанд орчихдог. Хэрэв ээж, аавууд багаас нь үгүй гэж зоригтой хэлж сургасан бол, гадны хүний хүрч болохгүй газруудыг заагаад өгчихсөн бол охиноо эрсдэлд оруулахгүй байсан юм.
-Орцноос гараад ирэхэд хоёр гурваараа нийлээд тамхи зуучихсан охид сүүлийн үед их харагдах боллоо. Бас бааранд залуучуудаас илүү эмэгтэйчүүд байдаг болж гэх яриа сонсогдох болсон. Энэ юутай холбоотой вэ?
-Залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх амьдралын хэвшилгүй болж. Магадгүй бүгд тийм биш байх л даа. Гэхдээ хүмүүст төдийгүй нийгэмд буруу ойлголт төрүүлэхээр эдгээр үйлдлүүд нь тухайн хүний өөрийгөө мэдрэх гэсэн нэг оролдлого байдаг гэж сэтгэл судлалд үздэг. Хүн гурван настайгаасаа эхлээд л бие төвтэй болж, өөрийгөө мэдэрч, бусдад батлах гэж оролддог юм. Харин оюутан охидын сэтгэл зүйн онцлог нь өсвөр насны байдлаасаа гараагүй байдаг. Тиймээс охидын хувьд насны онцлог нь өөрийгөө хэн нэгэнд батлан харуулах, өөртөө итгэлгүй байдлаа өөр зүйлээр нууж, далдлахыг хичээх зэргээр илэрдэг. Бас хамт олны гадуурхалд өртөхгүйн тулд иймэрхүү үйлдэл хийсэн байдаг. Сүүлийн дөрвөн жилд 92 хүүхэд гадуурхал, дарамтад өртөн сэтгэл гутралд орж амиа егүүтгэсэн байдаг. Тамхи татдаг охидоос “Үнэхээр тамхигүй бол байж чадахгүй юу” гэж асуухад ихэнх нь “Үгүй ээ, чадна” гэдэг. Харин эрэгтэйчүүд “Үнэхээр чадахгүй. Миний уур хүрээд байдаг. Ямар нэгэн аргаар олж татдаг” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл, залуу эмэгтэйчүүдийн хувьд энэ үйлдэл нь хэн нэгний анхаарлыг өөртөө татах гэсэн биеийн хэлэмж нь болдог. Тамхи татаж байгаад тамхи барьсан гарын бугалагаа эргүүлж бугуйн дотор талаа хэн нэгэнд харуулах, эсвэл утаагаа гаргахдаа гараараа үсээ хойш нь болгохоор өөрийгөө бусдад гоё харагдаж байгаа, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж байна гэж ойлгодог. Энэ зүйлээс болоод охид тамхинд орох нь нийтлэг ажиглагддаг. Хүний анхаарлыг татах зорилготойгоор тамхи татаж эхэлсэн хүн бусдаас нуугдаж, санаа зовох нь ховор шүү дээ. Мөн энэ насны хүүхдүүд ямар тохиолдолд биеэ яаж авч явах вэ гэдгээ төдийлөн ойлгоогүйгээс болоод аливаа зүйлд уруу татагддаг.
-Энэ нь ямар үр дүнд хүргэдэг бол?
-Магадгүй хэн нэгэнд сайхан харагдах гэж нэгнийгээ даган дуурайж шоуддаг, тамхи татдаг байж болно. Бүр болохгүй зүйлийг сонирхон хийж ч болно. Эцэст нь буруу гэдгийг нь ойлгодог ч ихэнх тохиолдолд хэт оройтсон байдаг. Их олон харамсалтай үйл явдал, дурсамжуудыг амьдралдаа бий болгож, үүндээ өөрийгөө буруутгаж өөрийгөө ялладаг. Хүн өөрийгөө буруутган муу хүн гэж бодохоороо түүнээсээ гарч чадахаа больчихдог.
-Стрессээ тайлах нэрийдлээр залуус их шоуддаг. Ер нь шоудлаа гээд стресс тайлагддаг юм уу?
-Тодорхой хэмжээнд тайлагдаж болно. Гэхдээ үүний дараа гарах эрсдэл нэмэгддэг. Сүүлийн 20 жилд стрессээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн. Гэхдээ стресс гэдэг зүйл хүний амьдралд байх л ёстой зүйл. Стрессгүй нийгэм, амьдрал, хувь хүн гэж хэзээ ч байдаггүй. Стресс гэдэг зүйл байна, байгаа, байсаар ч байх болно. Энэ болгонд шоудаад байвал болохгүй шүү дээ. Хүн давших болон зугтах сэтгэл зүйн хандлагатай байдаг. Зугтах хандлагатай хүмүүс асуудлаа бодохгүй, түгшүүртэй байдлаас түр хугацаанд гарахын тулд архи ууж, шоуддаг юм. Харин уур бухимдлаа гадагшлуулах хоёр арга байдаг. Сублимацлах болон проекцлох. Проекцлох хэлбэр нь ууртай үедээ орилж, ямар нэгэн зүйл шидэх, хэн нэгэнтэй хэрэлдэж байгаа хэлбэрийг хэлнэ. Архи уусан үедээ, шоудаж байхдаа хүмүүс энэ үйлдлийг их гаргадаг учраас залуус асуудалд их өртөөд байдаг. Сублимацлах гэдэг нь уур бухимдлыг ашигтай зүйл рүү хувиргахыг хэлж байгаа юм. Залуусыг асуудалд орлоо, зодоон цохион хийх нь ихэслээ, охид архи, тамхи хэрэглэж байна гэж буруутгаад байдаг. Гэтэл яг үнэндээ орь залуу насны хүмүүс өөрийгөө олохын тулд олон зүйлийг туршиж оролдож байдаг. Үүний нэг илрэлийг л нийгэм буруутгаад байгаа юм.
-Мөнгө санхүүгийн асуудалд орсон, эсвэл хүссэн зүйлээ авч чадахгүйгээс болоод охид буруу зүйл рүү татагдаж, амархан мөнгө олох аргийг эрэлхийлдэг юм шиг байсан. Өөрийнхөө дутууг нөхөж чадахгүй болохоороо нөхөж чадах хэн нэгэнтэй дотно байдлаар харьцдаг байх. Ер нь охидод тулгардаг санхүүгийн асуудлыг яаж шийдвэрлэвэл зохиох вэ?
-Мөнгөнөөс болж гарч байгаа буруу үйлдлүүд нь мэдээллийн буруу урсгалаар хүрээлэгдсэнтэй холбоотой гэж би боддог. Юу гэхээр сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг энгийн асуултад мэдээллийн урсгал “Өнгө мөнгөөр хүрээлэгдсэн гоё ганган хүн” гэж харуулдаг. Эсвэл ийм машинтай, ийм гэрт бол чи гоё хүн гэдэг ойлголтыг өгдөг. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүн ухамсаргүйгээр энэ мэтээр авсан мэдээллүүдээ амьдралынхаа зорилго болгож, үүндээ хүрэхийн тулд олон асуудалд орооцолддог. Мөн эцэг эхчүүдийн тухайд хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөхийн тулд мөнгө олох л хамгийн нэгдүгээрт бичигдэх зорилго нь болсон байдаг. Өөрт тулгарах асуудлаа хэлэх гэхээр бүхнээ зориулаад байхад асуудалд орлоо гэж зэмлэдэг. Яг ийм байдлаар өссөн хүүхдүүдийг хүрээлж байгаа найзууд нь ямар нэгэн аргаар яаж ийгээд брэндийн хувцас авах гэсэн бодолтой байдаг юм. Найзтайгаа ижил түвшинд очно гэсэн бодолтой болсноор буруу зүйлд тэмүүлдэг болдог.
-Яагаад хүн амиа хорлох үйлдэл хийдэг юм бол?
-Хүний зүрх сэтгэл хэн нэгнээр хайрлуулж байж дүүрдэг. Түүнээс биш эд хөрөнгө, элбэг хангалуун байдлаар бус. Хайрлагдаж байж зүрх сэтгэл дүүрэн, хангалуун байдаг юм. Амиа хорлох үйлдлийг ямар ч гарцгүй болсон үедээ хийдэг эцсийн цэг гэж үздэг ч зарим тохиолдолд үгүй байдаг. Энэ нь өсвөр насныхан дунд илүүтэй их ажиглагддаг. Учир нь тэд сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргах нь элбэг. Сэтгэл нь гэнэт хоосорч, гэнэт дүүрэх хандлагатай. Энэ насныхан сэтгэл зүйн саармаг байдалд оршдог. Амиа хорлох гэдэг нь сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой байдаг. 18-23 насныхан дунд удаан бодож төлөвлөсний эцэст амиа хорлосон тохиолдол маш цөөхөн. Ихэвчлэн тухайн нөхцөл байдалд өөрийгөө хэн ч биш юм шиг мэдэрснээс үүдэн энэ үйлдлийг хийх гэж оролдсон байдаг. Монголд 1047 хүүхдийн дунд анх удаа энэ төрлийн судалгаа явуулж үзсэн байдаг. Тэдний 57 хувь нь бие мах бодын дарамтад өртөж, өөрийгөө хэн ч бишээр мэдэрснээс үүдэн амиа хорлох гэж оролдож байсан. Гэхдээ энэ мэдрэмж төртөл тухайн хүн хуурмаг сэтгэл зүйн байдалд удаан явсан байдаг. Хамгийн гол нь намайг олон хүн хайрладаг гэдгийг мэдэрсэн хүн хэзээ ч ийм үйлдэл хийдэггүй.
-Хүнд яагаад донтох шинж илэрдэг юм бэ?
-Нөхөж чадахгүй зүйлээр дутагдаад түүнийгээ өөр зүйлээр орлуулах гэж оролдож буй хэлбэрийг донтолт гэж байгаа юм. Хүн болгонд сонирхол гэж бий. Гэхдээ хийж буй зүйлээ хойш нь тавьж, өөртөө асуудал үүсгэн байж тухайн зүйлийг сонирхож байгаа бол үүнийг эмгэг хобби буюу ямар нэгэн зүйлээр дутагдсан байна гэж үзнэ.
З.МӨНХСУВД