Categories
мэдээ спорт

Асашёорюүгийн дүү 50 хувийн амжилтаа үзүүлжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн энэ тэмцээнээс макүшитад зиндаанд дэвшин барилдаж байгаа билээ.

Тэрбээр гурав дараалан ялж, зиндаагаа тэргүүлж байсан ч дараа нь гурав дараалан унаад 3:3 болоод байсан билээ. Түүний мэргэжлийн сүмод орсноосоо хойш өрсөлдөгч хэмээн нэрийдэж байгаа Тайхо аваргын ач, Ная ч мөн 3-3 болоод байлаа.

Сүмогийн холбооноос их аваргуудын удмынхныг өнөөдөр тааруулж, хэн ялсан нь 50 хувийн амжилтаа үзүүлж, хэн ялагдсан нь анх удаагаа 50 хувийн амжилт хийж чадахгүй болсон юм. Ингээд өнөөдөр “Ёкозүна DNA” тулаан болж, монгол их аваргын ген ялалт байгууллаа.

Макүшитагийн дахь бөх Хоошёорюү макүшитагийн 60 дахь бөх Наяг күбинагэ мэхээр ялсан юм. Ингээд Ная ирэх тэмцээнд санданмэд унах нь тодорхой боллоо. Хоёр бөх мэргэжлийн сүмод ороод 2 барилдаж, хоёуланд нь Ная ялаад байсан юм.

Барилдааны дараа Ная “Урагш дайрч барилдах гэсэн боловч хөл хөдлөж өгсөнгүй. Хоошёорюүтэй таарлаа гээд сандарч мэгдсэн зүйл үгүй. Цаашдаа дандаа 50 хувийн амжилт үзүүлж барилдахаар хичээх болно” гэж ярьсан байна.

Харин манай бөх Хоошёорюү “50 хувийн амжилт үзүүлээд их баяртай байна. Наяд 2 ялагдсан болохоор энэ удаад заавал ялна гэж бодож байлаа. Ирэх тэмцээнд жингээ нэмээд орж ирэх бодолтой байна. Одоо 115 кг байгаа” гэж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *