Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод хандан илгээлт явууллаа.
ИЛГЭЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА УНШИЖ СОНОРДУУЛСАН ЮМ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчид, хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын төрийн тогтолцооны бүрдэл, төлөвшил, түүний шинэтгэлийн асуудал бол манай орны ардчилсан хөгжлийн үр дүн төдийгүй ардчиллын бодит хэрэгжилтийн чухал нөхцөл, баталгаа болсоор ирсэн билээ.
Төрийн албанд ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилга нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарна.
Миний бие 2018 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар, ард иргэдээ сонсох зорилгоор уулзалтууд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 22,000 гаруй иргэдтэй биечлэн уулзах явцад иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дийлэнх хувийг төрийн албаны хүнд суртал, дарамт шахалт, үйлчилгээний чанаргүй байдал, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд эзэлж байлаа. Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ талаар уламжилж, цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн.
Дэлхий даяар төрийн албыг тогтвортой байлгахад анхаарч, шатлан дэвшүүлэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Гэтэл манайд улс төрийн сонгууль бүрийн дараах бүтцийн өөрчлөлтийн бужигнаан, Засгийн газар, албан тушаалтнуудын ашиг сонирхлын томилгоо, төрийн албан хаагчдын хууль бус халаа, сэлгээ, түүний төлбөр, тэтгэмжид урсаж буй төсвийн их хөрөнгө, төрийн байгууллагуудын үр ашиггүй, үрэлгэн хэрэглээний өсөлт, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулан тансаглах, сахилга хариуцлага, ёс зүйгүй авирлах зэрэг буруу жишиг тогтож улам даамжирсан. 2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна.
Хууль зөрчсөн, хуулиас давсан энэ бүх үйлдлүүдийн уршигаар төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдал доголдож, төрийн дархлаа суларч, үр дүн, үйлчилгээний чанар хөсөр хаягдсанаас иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдарч, төрийн албаны нэр хүнд өдрөөс өдөрт унан доройтох шалтгаан болсоор байна.
Тухайлбал, 2012 онд нийт төрийн албан хаагчдын 9,3 хувь нь чөлөөлөгдсөн бол 2016 онд 14,2 хувь, 2017 онд 15,5 хувь буюу 24,000 гаруй албан хаагчид чөлөөлөгдсөн байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр нийт 13,885 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой 3,124 хэрэг маргаан, төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1,370 хэрэг байгаа нь төрийн албаны өнөөгийн байдлыг харуулах ноцтой баримт мөн.
Монгол Улсад Төрийн албаны тухай хууль батлагдсан цагаас төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн ч үндэсний хэмжээнд зорилгодоо хүрч чадаагүйг өнөөгийн нөхцөл байдал илтгэж байна. Төрийн алба нийгэм, улс төрийн болон технологийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэлд хөшүүн хойрго байдаг дутагдлаа халах цаг иржээ.
Иймд төрийн албанд мэдлэг чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй, зарчимч, хариуцлагатай, ёс зүйтэй, үнэнч хүмүүсийг авч, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны гүйцэтгэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, үр нөлөөг сайжруулах стандартыг тогтоон нэвтрүүлж, мөрдүүлэх шаардлагатай байна.
Улс орныхоо байгалийн баялаг, нөөц боломжийг хөгжлийн бодлогоор удирдаж, иргэддээ тэгш, шударгаар үр өгөөжийг нь хүртээх үйлсийг хэрэгжүүлэхэд мэргэшсэн, мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн албан хаагч бүхий төрийн албаны зөв тогтолцоо чухал юм.
Монгол Улсын төрийн албанд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан хууль мөрдөгдөж эхлэх гэж байна.
Шинэ хууль мөрдүүлснээр төрийн албанд зарчмын нааштай өөрчлөлтүүд гарахыг үгүйсгэхгүй ч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаггүй төрийн албан хаагчдын ёс суртахуун, хандлага, сахилга хариуцлагад тэр даруй өөрчлөлт гарахгүйг анхаарах нь зүйтэй.
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг дээдэлж, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн албыг төлөвшүүлэх, төрт ёсны уламжлалаа дээдэлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэдэг төрийн албан хаагчийн соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний үр дүн чиглэнэ гэдэгт найдаж байна.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.