Categories
мэдээ нийгэм

С.Бадамханд: Хүмүүс гэрэл зургийг хараад зохиолын ном уншдаг шиг уншаасай

“Бүсгүйн мэлмий-2” Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн Монголын театрын музейд гарлаа. Уг үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Японы хоёр, Монголын долоон гэрэл зурагчдын бүтээлүүд тавигджээ. Мөн Японы Хашигавад болсон ахлах сургуулиудын дундах гэрэл зургийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гурван охины зургууд багтсан байна. Монголын эмэгтэй гэрэл зурагчид урьд нь дөрвөн удаа хамтран үзэсгэлэнгээ гаргасан. Энэ удаагийнх Японы гэрэл зурагчидтай хамтарсан нь онцлог хэмээн үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид ярив. Нийт 78 бүтээл тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын гэрэл зургийн урлагийн зөвлөлийн гишүүн, оролцогч С.Бадамхандаас тодруулав.

-Үзэсгэлэнд ямар төрлийн зургуудаар оролцож байна?

-Энэ үзэсгэлэнд сэдэвчилсэн зургууд их орсон. Жишээ нь шувууны, үйл явдал, амаржиж буй эмэгтэй, арт, ахуй гээд төрөлжөөд явсан. Би бол арт төрлөөр оролцсон.

-Та зургуудаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Миний зургууд гэрэл сүүдрээр тоглосон. Мөн ахуйн зургууд байгаа. Хүмүүс бидний зургийг хараад зохиолын ном уншдаг шиг уншаасай, тайвшралыг олоосой гэж хүсч байна.

-Та бүхэн цаашид өөр улс орны зурагчидтай хамтрах уу?

-Японы гэрэл зурагчидтай хамтран үзэсгэлэнгээ гаргах болсон мэдээг тараахад Оросын зурагчид бидэнтэй хамтрах санал тавьсан. Эмэгтэйчүүд эрэгтэй гэрэл зурагчдаасаа илүү нарийн мяндсан өгүүлэмжтэй зургуудыг түүж авдгаараа онцлог. Иркутск, Улаан-Үдийн зурагчид ирэх долоо хоногоос ирж бидэнтэй уулзахаар болсон. “Бүсгүйн мэлмий”-г бид Гэрэл зурагчдын холбооны 80 жилийн ойгоор гаргаж байсан. Одоо “Бүсгүйн мэлмий-2”-ыг гаргаж байна. Магадгүй цаашид олон орны гэрэл зурагчидтай хамтран “Бүсгүйн мэлмий-3,4,5” гээд үргэлжлээд явахыг үгүйсгэхгүй.

-Та зураг авахдаа ямар нэг онцгой арга барил ашигладаг уу?

-Би 1985 онд Омскт фото техник мэргэжлээр төгссөн. Орос багш нарын школоор төгссөн учир байгаа байдлыг байгаагаар нь гаргахыг хичээдэг. Хөрөг зураг авлаа гэхэд дотоод сэтгэл нь нүүрэн дээрээ илэрсэн ч юм уу сэтгэлээсээ зургуудыг гаргахыг хичээдэг. Яаж, аль цэгээс авах уу, гэрэл сүүдрийг яаж гаргах гээд сайн бодож төлөвлөж авсан зураг хүний зүрх сэтгэлд хүрч, мэлмийг баясгах байх гэж боддог хэмээн ярилаа.

Үзэсгэлэнд дэлгэсэн зургууд бодол, ухаарал, гуниг баяр гээд хүний сэтгэлийг тусгажээ. Үзэсгэлэнд оролцогч гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа “Гэрэл зураг хэмээх урлагт хөл тавиад 20 гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд гэрэл зургаараа олон зуун түүхийг бичилцсэн байна. Бидний эргэн тойронд хүмүүсийн амьдрал өөр өөрийн өнгө аясаар өрнөнө. Гэрэл зурагчдын бүтээл гол баатар, эзэн биегүйгээр амилахгүй. Эгэл олны амьдрал ямар ч найруулагчгүйгээр өрнөдөг. Тэр амьдралыг бүтээж буй хүмүүс өөрсдөө гол дүр нь. Уран бүтээлийн минь урын санд олон сайхан хүний дүр бий. Тэдгээр хүн бүхэнд анзаарагдаад байдаггүй энгийн атлаа өөр өөрийн өнгө төрх нь нууцлагдмал оршидог. Амьдралын давтагдашгүй мөн чанар, жирийн хүмүүсийн оршихуйг бүтээлээс минь чагнах болно. Гэрэл зурагчин бол хүмүүний амьдрал, нийгэм, цаг үе, түүхийн жимээр бядан явагч билээ” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *