Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Монголоос Нобелийн шагналтан төрнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Японы эрдэмтэд цаг хугацааг мэдэрдэг эстэй “ажиллаж”, хүн урт наслах боломжтой болно гэж та ярьж байсан. Сүүлийн үеийн технологийн ололт амжилтыг хэр сонирхож байгаа вэ? Олон эрдэмтэдтэй найз байсан. Харилцаагаа хадгалж байгаа юу?

-Сонирхогчийн түвшинд бол шинээр юу гарчихав гэдгийг байнга эрэлхийлдэг хэвээрээ. Их сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа. Жилд нэг, хоёр удаа Япон явдаг. Очоод хэдэн сургуулийнхаа захиралтай тойрч уулздаг. Шинжлэх ухааны бүтээлүүдээ яаж эргэлтэд оруулж байгаа, судалгааны ажлын тухай ярилцдаг. Японы Шинжлэх ухааныг дэмжих хамгийн том сангийн захирлаар манай Нагояагийн их сургуулийн хуучин захирал томилогдсон байна. “Манайхтай хамтарсан судалгаа хийх профессорууд байвал Монголоос явуулаарай. Би дэмжинэ шүү” гэдэг. Би өөрөө ч бас инноваци хэрэгжүүлж үзье гээд эмийн ургамлын судалгаа хийлээ. Сайд байхдаа ч Монголд шинжлэх ухаан яавал өгөөжөө өгөх вэ, шинжлэх ухааны парк хэрхэн байгуулах вэ гээд судалгаа хийлгэсэн. Тэр судалгааны хариу нь юу гэж гарсан гэхээр “Танайд өндөр технологийн парк боломжтой юм байна. Хоёрдугаарт, уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны парк ажиллах юм байна. Танайд эмийн ургамал маш их байна. Дээр нь эмчилгээний аргачлал, дэлхийд танигдаагүй ноу хаунууд байна” гэсэн. Тэндээс сигнал аваад Монголд Уламжлалт анагаах ухааны парк байгуулах ёстой юм байна гэж үзсэн. Уламжлалт анагаах ухааны эмнүүдийг баталгаажуулсан. Эмүүдийн найрлагыг тодорхой болгосон гэх юмуу даа. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдаж, мөнгө санхүүг нь шийдээд, 100 гаруй эмэнд судалгаа хийлгээд патент авахуулсан юм.

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед уламжлалт анагаах ухааны асуудлаар зөвлөл байгуулаад байсан бил үү?

-Тэгсэн. Бид бас яамнаасаа хөрөнгө санхүүг нь гаргаад, тодорхой эмүүдийг батлуулсан. Энэ ажлын дүнд Польшид “Мон тан” гэсэн уламжлалт эм үйлдвэрлэгдэж байна. Байгалийн гаралтай ургамлуудыг тарималжуулах боломжийг судлаад, тарималжуулах ажлыг эхлүүлсэн хүмүүстэй хамтарч, цаг хүчээ зориулж байна л даа. Бид хунчир тариалж байна. Хунчир бол хүн орхоодойн өвөг дээдэс. Дэлхийн ургамлын нөөцөд Монголоор овоглосон хоёр ургамал бий. Монгол чацаргана, хунчир гэж. Монгол хунчир бусад газар ургадгаас онцлогтой. Хунчирыг тариалаад цай хийсэн. Өмнөд Монголын том эрдэмтэн энэ ургамлыг судлаад холестрин бууруулдаг юм байна гэсэн нээлт хийж, патентийг нь авчихсан байна. Хунчиртай цай холестрин буулгаж, таргалалт, чихрийн чижингээс хамгаалах юм байна. Цагаан мөөгтэй хослуулаад шөл гаргасан. Ийм байдлаар ажиллаж байна. Иргэний хувьд шинжлэх ухааны ололтуудыг ашиглаж, инноваци хийж үзье гэсэн юм. Энэ ажилд маань туслахаар Сасакава Зайдангийнхан ойрын үед Монголд ирнэ. “Сумитомо кагаку” гэж Японы компани чихэр өвсний боловсруулалт дээр асар их ажилласан. Тэдний төлөөлөгчид бас ирнэ. Тэдэнтэй хамтраад өөрийн тариалсан чихэр өвсийг танилцуулах юм.

-Зэрлэг чихэр өвсийг тарималжуулахаар нөлөө нь буурах уу?

-Буурахгүй. Хөрс, үр, ген нь адилхан. Бусад хуурай нөхцөлийг бодвол усыг нь сайн өгч байгаа. Устай бол аль аль нь ургах юм байна. Шинжилгээний дүн зэрлэг ургамалтайгаа адилхан гэж гарсан.

-Монголчууд юу үйлдвэрлэх вэ гэдэг асуултад бас нэг хариу олсон юм байна?

-Түрүүн хэлсэн. Нэг нь өндөр технологийн парк, нөгөө нь уламжлалт анагаахад суурилсан парк байгуулахыг зөвлөсөн гэж. Зөвлөгөө нь Засгийн газарт ч яаман дээр ч байгаа. Хүрээлэнгүүд ч тэр зөвлөгөөг сонссон. Засгийн газар шинжлэх ухааны паркаа тэр зөвлөмжийн дагуу байгуулах учиртай. Ажил нь харин хэр явж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бас зүгээр сууж таарахгүй. Чадах юмаа хийж л байна даа. Ургацаа хурааж, боловсруулаад гадагшаа экспортолно. Одоо би олон улсын сургуульд зөвлөх хийж байна. Энэ сургуулиа Америк, Японы боловсролынхонтой холбох ажил бас хийж байна.

-Та Монголд дэлхийн хэмжээний их сургууль байгуулах тухай ярьж байсан. Өмнөд Монгол, Оросын буриад, Зүүн хойд Азийн хэрэглэгчдийг хамарсан том сургууль байх боломжтой гэсэн саналыг тань гадны томчууд тоосон уу?

-Анх MIT(Massachusetts Institute of Technology)-г ятгаж бичсэн захидалдаа би Монголд суурилсан, Зүүн хойд Азийн бүс нутагт асар том боловсролын Hub хийж болох юм гэсэн санал хэлсэн. Тэрэнд MIT сонирхлоо илэрхийлсэн л дээ. Энэ бүс нутагт өндөр технологи эзэмшье, технологийн чиглэлээр амжилт гаргая, инновацийн орчин бүрдүүлье гэсэн асар их сонирхол байгаа. Тэд Португали, Хонгконг, Сингапур, Орост ажиллаад үзчихсэн, өөрсдийн гэсэн ноу хаутай. Түүндээ түшиглээд энэ бүс нутагт ажиллаж болох юм байна гэсэн. Тэгээд биднийг урьж хамтарсан гэрээ хийж байлаа. Сургууль шинжлэх ухааны байгууллага учраас амбицтай. Харин эрдэмтэн, докторууд нь ашиг хардаггүй. “Хүний сайн сайхны төлөө хаана ч очиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Миний ном, зохиолоос та нар дуртайгаа ашигла” гэдэг. Финлянд, Казахстан, АНУ зэрэг дэлхийн олон оронд XXI зуунд амьдрах ухааны сургалт хүчтэй байна гэж тодорхойлсон. Бид Японы амьдрах ухааны сургалтыг санаачлагчдынх нь дэмжлэгтэйгээр Монголд нэвтрүүлсэн юм. Тэд “Монгол хүмүүс бидний бодсоноос илүү хэрэгжүүлэх юм аа” гээд сэтгэл хангалуун үлдсэн. Монгол хүний чөлөөтэй сэтгэдэг чанар үнэхээр мундаг. Манай багш нар туршлагыг нь хэрэгжүүлээд, үр дүнгийн тайлан тавихад гадаадын хүний санаачилга гэж харагдахгүйгээр аргачлалууд нь өөр, монгол хүний гар орохоор амилаад байна гэж тэд баярладаг.

-Түгжрэлтэй холбоотойгоор их сургуулиудыг хотоос гаргах яасан бэ гээд хүмүүс сошиалаар нэхэж байна билээ. Та бол хотын гадна их сургуулиудын хотхон байгуулж болно гэсэн том амбицтай байсан. Хөрөнгө оруулах сонирхол илэрхийлсэн хүмүүс ч гарч ирж байсан санагдана?

-Улаанбаатараас их сургуулиудыг гаргая гээд төлөвлөгөө гарчихсан явж байсан ажил. Зургийг нь гаргаад, Засгийн газраар ТЭЗҮ, хот төлөвлөлтийг нь батлуулсан юм. Хот байгуулна гэхээр хэдэн тэрбум долларын асуудал яригдсан. Энэ мөнгийг яаж босгох вэ гэхээр нэг бол Хятадын Засгийн газраас зээл авах эсвэл хоосон хот болчих гээд болж өгдөггүй. Багш нар хүртэл энэ хотоос гарч амьдарна гэж төсөөлж, зураг гаргах хэрэгтэй болсон. Ганц их сургуулийн хотхоныг яаж ч байгуулж болно. ШУТИС гэхэд Налайхад кэмп босгоход асуудалгүй. 100-200 мянган оюутантай, 300 мянган хүнтэй хот босгох тухай яригдаж байгаа юм. Тэр хот амьдрах хэрэгтэй. Ийм хотыг байгуулсан туршлага судлаад үзэхээр шинжлэх ухааны бүс болгочихсон газрууд нь хамгийн их амжилтад хүрсэн байх юм. Шинжлэх ухааны туршилтыг хориглодог газрууд бий. Хятадад 1980-аад онд Шинжлэх ухааны хүрээлэнг АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан. Америкчууд Хятад шашингүй юм байна гэж олзуурхсан. Америкчууд Христийн шашинтай. Шашны үүднээс зарим амьтан дээр туршилт хийхийг хориглож, амьтанг хувилж болохгүй гэх мэт хориг тавьдаг. Хоригоос гарлаа гээд Хятадад тухайн үед олон эрдэмтэд цуглаад, их ажил хийсэн дээ. Ингэж шинжлэх ухаанд боломж өгдөг. Инновацийн компаниудаас татвар авдаггүй улс орнууд ч бий. Арабын Эмират байна. Дубайд шинжлэх ухааны компаниудад газрыг нь үнэгүй олгодог. 50-100 жил татвар авахгүй. Японы эмийн компаниуд Дубайд салбараа байгуулаад, судалгаа, үйлдвэрлэл явуулах жишээтэй. Их сургуулийн хотод оюутнаас гадна багш, судлаачид амьдарна. Тэрийг тооцох хэрэгтэй. Хятадад Шинжлэх ухааны паркууд олноор байгуулагдсан туршлагатай. Шинжлэх ухааны паркуудыг Хятадад яаж хийж байна гэхээр Засгийн газар, их сургууль, хөрөнгө оруулагчид хоршиж ажилладаг. Нэг шинжлэх ухааны паркад гэхэд л 150 компани орж ажилладаг.

Тэгэхээр дан ганц их сургуулиудыг хотоос гаргахыг зорих гэхээс илүү Шинжлэх ухааны хот байгуулъя гэж би санал болгож байгаа юм. Энд орж ирж байгаа компаниудад бид эрх зүйн дэмжлэг үзүүлье. Татвараас чөлөөлдөг, судалгааны ажлууд дээр нь боломж олгодог, бизнес болгоод гадагшаа гаргахад нь хориг саад багатай. Ийм шинжлэх ухааны чөлөөт бүс бий болгож, менежмэнтийг нь хувийн компани, олон улсын байгууллагад өгвөл хот байгуулах ажил хөнгөхөн хийгдэнэ. Ийм санал гаргахад эмийн болон өндөр технологийн компаниуд, манайд болсон чуулган дээр ирээд “Бид оролцоход бэлэн байна” гэсэн. Би хоёр, гурван удаа дэлхийн том парк байгуулагчид, судлаачид, амжилттай яваа газруудын лидерүүдийг урьж, шинжлэх ухааны хотыг яаж босгох вэ, бид яаж шинжлэх ухааны улс болох вэ, манай байдлыг хар, эрдэмтэдтэй уулзаж, бүтээлтэй нь танилц, хүүхэд залуустай уулз гэсэн. Дараа нь ярилцаж байхад их л нааштай хандлагууд мэдрэгдсэн. Би бол бүтээж болох юм байна гэсэн итгэлтэй байсан. Ингэж итгэтлээ олон үе шат дамжсан даа. Зургийг нь хийлгээд, төсөв тооцоог нь гаргахад л бараг хоёр жил хагас шаардагдсан. Дараа нь паркийн судалгаа хийгээд, Монголд шинжлэх ухааны парк байгуулахаар Хятадын Засгийн газраас мөнгийг нь гаргуулаад, Хятадын хамгийн том паркийг үндэслэгч загалмайлсан эцэг, эх болсон хэдэн хүнийг авчраад, нөгөө хэдээс бүтэн зөвлөгөө авсан. Тэгэхэд болохоор л харагдсан.

Тохь тухтай орчин бий болгох учиртай. Тохь тухтай газар очиж судалгаа хийх сонирхолтой дэлхийн сор эрдэмтэд байна. Бүтээлээ хийгээд, компани байгуулаад 100 сая доллар олчихсон, дэлхийгээр хэсч, хамгийн аятайхан газар нь ажиллаж амьдардаг хүмүүс цөөнгүй. Олон улсын хот байх хэрэгтэй. Засгийн газрын нэг агентлагт энэ ажлыг өгвөл ингэж хийхгүй юм шиг байна лээ. Манайхны хувийн сонирхол ороод юмыг будилуулчихдаг шүү дээ. Эндээс өөрсдөө ашгаа хүрт гээд менежмэнтийг нь хийж чадах компанид өгвөл бид шинжлэх ухааны том хоттой, шинжлэх ухаанд амжилт гаргасан улс болох энүүхэнд юм билээ. Монголчуудын суу билэг, авьяасыг гадныхан их үнэлдэг шүү дээ.

-Дэлхийн шилдэг их сургуулиудыг эрэмбэлэхэд Нобелийн шагналтан хэдийг төрүүлсэн гэдэг шалгуур байдаг юм билээ. Таны хэлсэнчлэн монголчууд суу билэгтэй юм бол яагаад Нобелийн шагналтан төрөөгүй юм бол. Дэлхийд шинэ нээлт хийх эрдэмтдийг бид яаж бэлтгэх вэ?

-Гол нь нээлт хийх сэтгэл зүй чухал. Эдисон гэхэд нээлт хийхийн тулд хичнээн удаа бүтэлгүйтсэн гэдэг билээ. Монгол эрдэмтэд унаж босоход тэвчээртэй хүлээдэг, тууштай дэмжлэг хэрэгтэй. Америкт Цахиурын Хөндий буюу “Silicon Valley”-д хүмүүс яагаад амжилтад хүрдэг гэхээр ялагдахыг нь зөвшөөрдөг. Манайд бол нэг алдчихвал түүхэнд нь тэмдэглээд, ахиж тэр хүнд боломж олгодоггүй. Монголоос Нобелийн шагналтан төрнө. Гэхдээ тавигдаж байгаа даалгавар нь нээлт байх ёстой. Жишээлбэл Японоос Нобелийн шагналтан тасралтгүй төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хүмүүсийн тавьж байгаа даалгавар огт өөр. Дэлхий яаж бүтсэн яг тэгж дэлхийг бүтээнэ гэдэг судалгаа хийгдэж байна гээд бод доо. Дэлхий бүтсэн үйл явцыг дахин нэг газар эхлүүлнэ гэж байгаа юм. Манайхны сул тал хичээлдээ дарагддаг. Хоёрдугаарт, хүний хийсэн юмыг уншаад ойлголоо, болчихлоо гэдэг. Японы том эрдэмтэд бусдын хийсэн нээлтүүдийг бараг сонирхохгүй. Өөрөө нэг юм барьж аваад, тэрнийхээ араас явдаг. Жишээ нь, Амано гээд Японы Нобелийн шагналтан бол ганцхан шинэ хагас дамжуулагч гаргах гэж ноцолдсоор байгаад хөх өнгийн лед гэрлийг нээсэн юм.

Том нээлт хийсэн хүмүүс бол бараг л хувийн амьдралаа орхичихсон өөрийгөө золиосолчихсон байдаг. Тэдэнд ганц л нийтлэг юм байдаг. Тэр нь сониуч зан. Үүний учрыг яаж олох вэ, үүнээс өөр байж болдоггүй юм уу? Байж болно. Онолын хувьд ийм боломж байна гээд онолоо гаргачихаад, үүнийг практикт яаж батлах вэ гээд явдаг. Маш чөлөөт сэтгэлгээтэй. Энэ зууны хүүхдүүд асар чөлөөт сэтгэлгээтэй болсон. Тэдний сониуч занг л алга болгож болохгүй. Бидний үеийнхэн нээлт хийхэд хэцүү л дээ. Сониуч занг нь боловсролын байгууллага дараад, нэг хэвэнд цутгаад, үйлдвэрлээд гаргачихсан. Гарз хохирол амсч, энгийн нүдээр харахад стандарт бус байж л том нээлтүүд хийдэг.

-Хүүхдийг сониуч хэвээр нь үлдээдэг, өөрийнхөөрөө байх эрх чөлөө олгодог сургууль Монголд хэр олон байна вэ? Одоо улсын сургуулийн бага ангиуд бол яг л хуучных шиг, тавь жаран хүүхэд нэг ангид тохой залгаж суусан харагдах юм?

-Бүх газар адилхан гэж харах хэрэггүй. Ховдын Зэрэг суманд бол нэг ангид хорин хүүхэд л байгаа. Төв аймгийн Сэргэлэн суманд таван хүүхэдтэй анги ч бий. Тэр хүүхдүүд бүгд эрдэмтэн болох албагүй. Байгаа нөхцөлдөө, чадлынхаа хэрээр хүүхдийн сониуч занг дэвэргэ гэж л би хэлнэ. Сониуч занг нь унтраахгүйн тулд аль болох авьяасыг нь нээ, хөгжүүл, дэмж. Багш хичээл заахдаа өөрөө бүгдийг ярьдаг биш хүүхдэд асуулт үлдээхийн тулд ярьж байгаа сэдвийнхээ нэг мэдээллийг орхичих. Тэрийг нь хүүхэд олно. Хүүхдийг хөгжүүлж байгаа олон багш бий. Хуучин цагт Монголд хэдэн лидер бэлтгэгдэж байлаа. Одоо бол тав дахин олон лидер бэлтгэж байгаа. Монгол тав дахин хүчтэй болсон гэсэн үг.

-Уг нь таны үед багш нар хүүхэд бүрийг яаж хөгжүүлэх вэ гээд баахан сургалтанд суусан даа?

-Багш нар гоё энерги авсан. Бүгд онц сурах албагүй. Дүнгийн араас битгий хөөцөлд гэхээр багш нар тайвширсан. Эхлээд хүүхэд юмны учрыг олох учиртай. Учрыг нь олоогүй баахан цээжилчихсэн хүүхдүүд төгсөөд хэн болж байна. Хөөрхий нөгөө цээжилдэг системээр яваад, хэн сайн цээжлэх вэ, хурдан унших вэ гэдэг уралдаанд ороод ялагч нар нь УИХ, Засгийн газарт сууж байна. Арай өөрөөр сургах ёстой. Хүнд чаддаг, чаддаггүй юм байна. Дургүй хоолыг нь хүчээр чихээд байдгаа л болъё гэсэн юм. Бидний хийсэн нэг ажил Боловсролын яам хичээлийн хуваарийг батлахаа болиод, ерөнхий хөтөлбөр гаргаж өгөөд, хичээлийн хуваариа та нар өөрсдөө хий гэсэн. Багшийг хөгжүүлэхийн тулд олон номуудыг орчуулсан. “Багш хүн байнгын суралцагч” гээд ном байна. Энд багш яаж өөрчлөгддөг тухай олон түүх бий. Дэлхий нийтээрээ мэдээлэлжсэний дараахь нийгэмд бид яаж амьдрах вэ гээд бүгдээрээ л бужигнаж байна шүү дээ. Зарим нь бүр учраа олохгүй дотооддоо дайн хүртэл хийж байна. Бусад нь учраа олоод явъя гээд судалгаа хийгээд, асуудлынхаа ард гаргахаар зүтгэж байна.

-Бүх хүүхдийг сургуулиар хангана гэвэл маш олон байшин барих хэрэгтэй. Зарим улс оронд хүүхдийг заавал сургуулийн анги танхимд уях биш, гэрээсээ онлайнаар сургах боломжтой болсон гэнэ. Ийм боломж байгаа юу?

-Байгаа шүү дээ. Энэ талаар ажиллах л хэрэгтэй. Бид хүүхдийг онлайнаар сургахын тулд шилдэг багш нарын 300 орчим хичээлийг хөрөнгө гаргаж, онлайн болгосон шүү дээ. Зарим эцэг, эхчүүд олоод хүүхдэдээ харуулдаг юм билээ. Боловсролын яамны сайт руу ороход бүх холбоосууд нь бий. Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Монголд арван жилийн өмнө жилд сургуульд орж байсан элсэгчийн тоо 40 орчим мянга байсан. Сүүлийн арван жилд шинэ хүүхэд жилд 70 мянгаараа мэндэлсэн. Удахгүй 100 мянга болно. Арван жилийн дараа Монголын сургуулиуд сая хүүхэд багтаах шаардлагатай болно. Сүүлийн хэдэн жилд 100, 200-гаар нь сургууль барилаа. Суудлынхаа тоог 10-20 хувиар нэмж байхад л хүчрэхгүй байна шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *