Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанцэцэг: Татварын дарамт үйлдвэрлэлийн хөгжлийг тушчихаад байна

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас “Ноолуур хөтөлбөр” батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөр батлагдсанаар ноолуурынхны толгойны өвчин болсон эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж байна уу?

-Татвар санхүүгийн таатай орчин бүрдээгүй үед үйлдвэрлэл хөгжүүлж дэлхийд өрсөлдөх талаар ярих нь учир дутагдалтай. Арилжааны банкуудаас жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан үйлдвэрлэл хөгжих аргагүй л дээ. Үйлдвэрүүдийн маань хувьд түүхий эд бэлтгэлийн үед эргэлтийн хангалттай хөрөнгөтэй байна гэдэг нь чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх таатай орчин бүрдэнэ гэсэн үг. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн зорилт дэвшүүлснээс гол асуудлын нэг нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байгаа юм. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалт, татварын таатай, тогтвортой орчинг бүрдүүлнэ гэж хөтөлбөрт тусгасан. Үүнээс гадна хөтөлбөрт ямааны үржил селекц, ноолуурын чанарыг сайжруулна, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ, хүний нөөцөд анхаарна гэх мэт салбарын гол асуудлууд тусгагдсан. Энэ жилийн хувьд түүхий эд бэлтгэлийн хугацаа нь хожимдсон ч 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага эргэлтийн хөрөнгийн зээл аваад байна. Дараа дараагийн жилүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг хугацаанд нь олговол мэдээж үндэсний үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болно.

-Ноолуурын салбар өнөөдрийн байдлаар түүхий эдийнхээ 20 гаруй хувьд нь л эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн үү?

-Бид нийт түүхий эдийнхээ ердөө 16-18 хувиар л эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Ноолуур” хөтөлбөрийн гол зорилго бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувьд хүргэх юм. Ноолуурын салбар одоогийн байдлаар жилдээ 900 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дэлхийн 30 гаруй оронд экспортолж байна.

-Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспорт яагаад бага байдаг юм бэ. Гол шалтгаан нь юу байна?

-Хамгийн гол шалтгааны нэг нь компаниудын эргэлтийн хөрөнгө дутмаг байгаа явдал. Тиймээс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа өрсөлдөж чадахгүй байна.

-Эргэлтийн хөрөнгө дутуу гэсэн зовлон олон жилийн угшилтай учраас ойрын хугацаанд шууд шийдэгдэнэ гэдэг юу л бол. Экспортод үнэ өндөр эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд танай холбооноос ойрын үед эхлүүлсэн, эхлүүлчихсэн яваа ажлууд бий юу?

-Манай холбооноос бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Ойрын үед нэлээд ажил хийхээр төлөвлөж заримыг нь эхлүүлээд явж байна. “Дизайны төв” байгууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор шинэ коллекц бий болгож бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Салбарын дизайнеруудыг чадавхжуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоод багштай дизайны сургалт явуулсан. Мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран ур чадвартай боловсон хүчин бэлтгэх гадаад худалдаа, экспортыг дэмжих сургалт хийлээ. Үүнээс гадна технологи дамжуулах төвтэй болохоор ажиллаж байна. Италийн Засгийн газрын 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологи дамжуулах төв буюу лабораторийг холбооныхоо дэргэд байгуулах юм. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрлэгчдэд төв болон лабораторидоо ирж туршилт, судалгаа хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Бас Европын холбоотой хамтраад “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Зөвхөн ноолуураар зогсохгүй сарлагийн хөөвөр, ботго торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд гаргах олон ажил хийж байна.

-Энэ төсөл бэлтгэсэн ноолуураа урд хөршид алдахгүй байхад чиглэнэ гэл үү?

– Түүхий эдийнхээ 20 орчим хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал Монгол Улс түүхий эд бэлтгэгч орон хэвээр байна гэсэн үг. Угаагаад экспортолдог ноолуураа бүрэн хэмжээгээр нь дотооддоо ашигладаг болмоор байна. Ийм зорилгоор “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлэх юм. Гол нь малчидтайгаа хамтарч ажиллана. Малчид маань ноолуураа ангилж ялгаад, нэмүү өртөг шингээж, түүнийгээ үйлдвэрлэгчдэдээ нийлүүлж, гадаадад брэнд болгох тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэ төслийн хувьд малын эрүүл мэндийг хамгаалсан, бэлчээрийн даац дээр суурилсан багц ажил болно. Өөрөөр хэлбэл тогтвортой ноолуураар тогтвортой үйлдвэрлэл явуулж гадаад зах зээлд гаргахад голлон анхаарна.

-Төв аймагт ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийн шав тавьсан сураг дуулдсан. Хаанаас, ямар хүчин чадалтай үйлдвэр барих гэж байгаа юм бол. Ер нь үйлдвэрүүд үйлдвэрлэлээ өргөтгөх ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-“Говь”, “Гоёо” компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймагт барихаар төлөвлөж, үйлдвэрийн шаваа тавиад байна. Энэ үйлдвэр 4000 тонн түүхий ноолуур бэлтгэх хүчин чадалтай. 2000 тонн самнасан ноолуур боловсруулна. 500 ажлын байрыг шинээр бий болгоно. Үүнээс гадна “Ханбогд кашимер” компани 1200 тонн самнах хүчин чадалтай, 150 гаруй ажлын байр шинээр бий болгох үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлээд явж байна. “Кашимер холдинг” компани үйлдвэрлэлээ өргөтгөснөөс гадна Монголдоо ноолуурын томоохон дэлгүүр нээхээр ажиллаж байна.

-Монгол ноолуур дэлхийн зах зээл дээр жинхэнэ утгаараа брэнд болж чадсан уу?

-Монгол ноолуур гэдэг өөрөө брэнд шүү дээ. Нью-Йорк болоод бусад том зах зээл дээр монгол ноолуурыг сайн чанартай гэж мэдэж, худалдаж авдаг. Харин бүтээгдэхүүн нь загвартай, дизайнтай гэдэг нэмүү өртгийг үүсгэж чадахгүй байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүнээ зөв сурталчилж, жинхэнэ брэнд бий болгож чадахгүй байна. Тиймээс монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахын тулд эко органик үйлдвэрлэл гэдгээ илүү таниулж мэдүүлэхэд анхаарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь сая ярьсан “Тогтвортой ноолуур” төсөл.

-Ээрэх тоног төхөөрөмж хангалтгүй байдаг нь татварын дарамттай холбоотой гэж үнэн үү?

-Энэ төрлийн тоног, төхөөрөмж их өндөр үнэтэй байдаг. Нарийны шугам нь гэхэд л НӨАТ-гүй дүнгээрээ гурван сая гаруй евро. Бүдүүний шугам нь хоёр сая орчим еврогийн ханштай. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр худалдаж аваад үйлдвэрлэл явуулах хэцүү л дээ. Ээрэх өөрөө ашигтай бизнес биш. Эцсийн бүтээгдэхүүн дээр үр ашиг нь гарчихаад завсрын дамжлага болох ээрэх дээр үр ашиг гардаггүй. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төр засгаас НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч юм уу, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл ийм үнэтэй тоног төхөөрөмжийг бизнесийнхэн маань арайхийн оруулж ирэхэд хил гааль дээрээс шууд татварыг нь авдаг. Ямар ч үйлдвэрлэл хийж эхлээгүй байхад шууд л татвараар дарамталдаг. Ноолуурын салбар бол өндөр үнэ цэнээр бүтдэг. Түүхий эд, тоног төхөөрөмж нь үнэтэй. Гарч байгаа зардал нь их. Харин төрийн дорвитой дэмжлэг, зөв маркетинг хийж чадвал улс оронд орж ирэх үр өгөөж нь уул уурхайгаас ч илүү.

-Ноолуурын салбарынханд төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой дэмжлэг гэвэл та юуг онцлох вэ?

-Сүүлийн жилүүдэд Монголын ноолуурын салбарт дэлхийн шилдэг техник технологи нэвтэрч бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар эрс дээшилсэн ч жилд бэлтгэх ноолуураар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувь хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймээс ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхэд хил гаалийн татварыг тэглэх, НӨАТ-аас бүрэн чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Хятадын тал зөвхөн угаасан ноолуур авах сонирхолтой байгаа нь “Ноолуур хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үе шаттайгаар хангахад сөргөөр нөлөөлөх боллоо. Байдал ийм байгаа учраас Засгийн газраас самнасан ноолуур болон сэв хялгасын импортын татварыг тэглэх асуудлыг Хятадын талд тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.

-Хятад гэснээс урд хөрш ноолуурын салбарынхнаа яаж дэмждэг юм бэ?

-БНХАУ-ын төр ноолуурын салбартаа “Дэлхийд гарах бодлого” хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ ноолуурын салбарынхаа техник технологийн шинэчлэл, инноваци, зөвлөх үйлчилгээ оюуны өмчийг хамгаалахад тусгай сангаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг байна. Мөн ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшууллаас гадна технологи сайжруулах зорилгоор авсан зээлийн 30-40 хувийг орон нутгийн сангаас нөхөн олгодог, гурван сая юань хүртэлх дүнтэй зээлийн хүүг орон нутгийн сангаас төлдөг гэх мэт томоохон дэмжлэгүүд байдаг юм байна.Түүнчлэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, экспортод бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд орлогын албан татварыг тогтоосон хэмжээгээр хөнгөлдөг.

-Ноолуурын салбарт татварын таатай орчин бүрдүүлж өгөхийг “Ноолуур” хөтөлбөрт тусгасан байсан. Татвар дээр урд хөрш шиг онцгойлсон хөнгөлөлтүүд үнэхээр байдаггүй хэрэг үү?

-Татвартай холбоотой маш олон асуудал бий. Нэг жишээ дурдъя. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулдаг. Харин дамжуулан борлуулагч, зуучлагчдад ашигтай байдлыг бий болгосон тал бий. Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс ширийг НӨАТ-аас чөлөөлөгдөх бараанд хамааруулахаар хуульчилсан. Хууль боловсруулагчид тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс хэд хэдэн сөрөг үр дагавар үүсгээд байна. Экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурч байна. Үүнээс болж ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурсан. Мөн ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх сул тал ажиглагдаж байна. Ноолуур, арьс ширний дотоод зах зээл дээрх эрэлт буурч, үнэ унах шалтгаан болно гэсэн үг. Мөн хуулийн 14.1.4 дэх заалтад ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу малыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасч тооцох боломжгүй болж байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах, үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах зэрэг сөрөг тал үүсч эхэлсэн. Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад байна.

-НӨАТ-ын хуульд ямар өөрчлөлт оруулах санал гаргасан бэ. Өөрчлөлт орсноор эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх бол?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн арьс шир” гэж өөрчлөн найруулах, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх зэрэг заалтуудыг тусгасан.Энэ хуулийн төсөл батлагдвал шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэх давуу талтай.

-Ноолуурын компаниуд байнга л ажилд авна гэсэн зар тавьсан харагддаг. Хүний нөөц тулгамдсан асуудал болжээ дээ?

-Жилд ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн технологийн мэргэжлээр 20 хүрэхгүй хүн суралцаж байна. Элсэлт байхгүй болсон. Тиймээс бид “Ноолуур” хөтөлбөртөө инженер бэлтгэгч сургуулиудад тусгай тэтгэлэг олгуулах санал тусгуулсан. Салбарт ажиллах хүн байхгүй болохоор мэргэжилгүй, ажилгүй залуусыг авч ажиллуулж байна. Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд судалгаа явуулахад гуравхан хүүхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллана гэсэн байгаа юм. Ажиллах хүчнээ бэлтгэх тал дээр төрийн бодлого хэрэгтэй. Ур чадвартай хүний нөөц бэлдэхгүй бол экспортоо нэмэгдүүлнэ гэж ярихад хэцүү. Манай холбооноос салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах тал дээр голлон анхаарч ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *