Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарангуйллыг дэмжиж байгаа Элчин сайд Р.Болд гэгчийг эгүүлэн татъя

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд өглөөний есөн цагийн үед “Улаанбаатар-Эмпати” турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан билээ. Тус сургуулийн Монгол талын захирал тухайн өдөр 13 цагийн орчимд энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь орон даяар тарж жирийн иргэдээс эхлүүлээд ард түмэн, Засгийн газар хүртэл уг асуудалд яаралтай анхаарал хандуулж энэхүү хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож чадсан. Вейсел захирлыг авч явахаар тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныг цагдаа хүчний байгууллага болоод Засгийн газар мэдээгүй байсан байдаг. Одоо эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Турк сургуулийн захирлыг ямар учраас хулгайлах болов гэхээр “Фето” байгууллагыг АНУ-д амьдардаг, Туркийн сөрөг хүчний гол төлөөлөгч Гюлены байгуулсан турк сургуулиудаар санхүүжилтээ олж террорист үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглээд буй. Тийм учраас дэлхийн бусад оронд буй салбар сургуулиудын захирлуудыг ийм шалтгаанаар хууль бусаар баривчлаад байгаа юм.

Ерөнхий боловсролын “Улаанбаатар-Эмпати” сургууль нь 1994 онд Турк болон Засгийн газрын оролцоо, дэмжлэгтэйгээр Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр анх байгуулагдаж Монгол Улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийгээд 24 дэх жилтэйгээ золгожээ. Хоёр улсын иргэдийн санаачилга, хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү байгуулагдсан сургуулийг гэнэт терроризмыг санхүүжүүлэгч гэж зарлаж байгаад үнэндээ эргэлзэж байна. Турк, Монгол Улсын Засгийн газруудын байгуулсан ерөнхий боловсролын сургууль яахаараа террорист болчихдог билээ. Нэг л үнэмшиж чадахгүй нь. Террористыг баривчлах гэж байгаа юм гэсэн шалтаг хэлээд тусгаар тогтносон Монгол Улсаас хүн хулгайлах гэж оролдсон нь үнэндээ биднийг басамжилж, дорд үзсэн хэрэг биш гэж үү.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ тухай “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 31-ний дугаарт “Манай цагдаагийнхан Элчин сайдынх нь гэрт нэвтэрсэн асуудлаар Туркийн тал надаас тайлбар нэхсэн” гэх гарчигтай ярилцлага өгчээ. Тэрээр Монгол, Туркийн харилцаа их сайн хөгжсөн, Туркээс юм авах боломж бидэнд бий ч Гюленийн сургуулиудыг Туркийн Засгийн газрын эрх мэдэлд шилжүүлэхгүй байгаа нь, мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгтэй болохгүй байгаа нь хоёр орны харилцаанд саад болоод байгаа гэжээ. Хэрвээ шууд нислэгтэй болоод Гюлений сургуулиудыг хаачихвал Турк улсаас асар их хэмжээний юм авч болох юм гэсэн утгатай зүйлс ярьжээ. Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй Ардчилсан нийгмийг байгуулж байгаа орон. Гэтэл энэ хүн уг ярилцлагаараа Ардчилсан нийгмийн эсрэг үзэл бодолтой гэдгээ ийн илэрхийлж шүү.

Р.Болд нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгсч Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байгаад Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Үүний дараа 2003-2007 оны хооронд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж ирээд 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн. Түүнийг 2003-2007 онд АНУ-д Элчин сайдаар суухад Монгол-Америкийн харилцаа шалан дээр унасан гэж ажиглагчид дүгнэдэг. Учир нь түүнийг Монголын тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан мэргэжлийн хүн гэдгээс нь айж, жийрхдэг байсан болохоор америкчууд ямар нэгэн ёслол, албан ёсны арга хэмжээнд барагтай бол урьдаггүй байсан бөгөөд үүнээс улбаалж хоёрны орны албан харилцаа тэдгээр жилүүдэд унасан гэцгээдэг. Мөн Австралид Элчин сайдаар суухдаа ч хоёр орны харилцааг унагачихаад ирсэн гэх. Энэ хүн очсон газар болгондоо ингэж дипломат харилцааг сүйтгэдэг. Яагаад вэ гэвэл түүний ажлын замнал, үүх түүх нь тагнуул, хүчний байгууллагатай холбогддог болохоор гадныхан нэг л зайгаа барьсан байдалтай, зайнаас харьцдаг байсан тухай хүмүүс ярьдаг.

Бидний нэг алдаатай гэмээр бодлого бол гадаад улсад эх орноо төлөөлөх албанд тагнуулд ажиллаж байсан хүнийг томилдог нь эргээд дипломат харилцааг унагадаг талтай. Яг одоо ийм л юм болоод байна. Туркт Элчин сайдаар сууж байгаа Р.Болд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганыг дэмжиж амаа олохгүй магтаж, Монголоо газар дор ортол муу хэлжээ.

Улс эх орон нь ямар гадаад бодлого баримталдгийг, ямар нийгэм байгуулж байгааг энэ хүн огт гадарладаггүй бололтой. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм, либерализмыг байгуулах үндэсний үнэт зүйлсийнхээ эсрэг утгатай үзэл санааг нэвт ханхлуулж, коммунизм байгуулах бололтой тэнд сууж байдаг юм байна. Монгол Улсын гадаад бодлогыг энэ хүн өөрөө тодорхойлдог мэтээр өөрийгөө өндөрт өргөж монголчуудынхаа талаар ихэд бухимдаж ярьсан нь ярилцлагаас нь харагдаж байна. Туркийн Гадаад хэргийн яам болоод Монгол Улсын Гадаад харилцааны яам Вейсел Акчайг хулгайлах хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага ном журмынх нь дагуу шалгаж байгаа. Гэтэл Элчин сайд Р.Болд Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг доромж үзэн шоолж “Одоо Туркийн албаныхны хэлж буйгаар манай хууль хяналтынхан Туркийн тал террорист гэж үздэг хүн, байгууллагыг хамгаалалтдаа авсныг Засгийн газар, удирдлага нь ер ойлгохгүй байгаа гэж хэлсэн. Дээр нь манай цагдаагийн байгууллага халдашгүй дархан эрхтэй гадаадын Элчин сайдын гэрт нэвтэрсэн. Туркийн тал надаас тайлбар нэхэж байгааг яах билээ” хэмээн шогширч байна. Тэрээр мөн “Туркээс их юм авахаар тохирох гэж байхад цагдаагийн энэ тэнэг ажиллагаа саад боллоо” гэж халаглажээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагыг гадаадад суугаа Элчин сайд ингэж элдвээр хэлэх нь төрийн өмнөөс гадаад улсад тусгай алба хашиж буй хүний хувьд хэрээс хэтэрсэн алхам. 24 жилийн өмнө Монгол, Туркийн Засгийн газар хоёр талаасаа дэмжиж байгуулсан сургууль гэнэт терроримзыг санхүүжүүлдэг болчихсон гэдгийг ойлгохгүй байна гэдгээ дээр дурдсан. Засгийн газрын шийдвэрээр сургуулийнх нь захирлаар тасралтгүй ажилласан турк эрийг гэнэт террорист болчихсон гээд байгааг бүр ч ойлгохгүй юм.

Р.Болд “Фето гэдгийг террорист байгууллага гэж хэн тодорхойлсон юм бэ гэж манай өндөр албаны хүмүүс хүртэл хэлэх гээд байх шиг байна лээ. Бүрэн эрхт ямар ч улс үндэснийхээ аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн хэнийг ч болов хэрхэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал, өөрөөр хэлбэл, дотоодынх нь хэрэг. Туркийн ҮАБЗ-өөс Гюлений хөдөлгөөнийг 2015 онд террорист байгууллага гэж албан ёсоор зарласны дараа Туркт төрийн эргэлт хийх оролдлого 2016 оны долдугаар сард гарсан” гэж ярилцлагадаа дурджээ. Засгийн эрх авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс юу ч гэж ярьж, хийгээгүй хэргийнх нь төлөө хичнээн мянган хүнийг гүтгэж гүжирдэж хэлмэгдүүлж, бууны аман дор тарчлааж эцэст нь алтан амийг нь авч оддогийг бид түүхээрээ мэднэ. 36 мянган хүнээ тэр гашуун он жилүүдэд хэлмэгдүүлснийхээ горыг одоо ч амсч харууссаар байгаа. Хожим нь төр нь хэдийнэ хорвоог орхисон тэдгээр иргэдээс, ар гэрийнхнээс нь уучлал эрж бурангуй үзэл суртлын харгайгаар андуурч гэм зэмгүй олон мянган хүнийг хэлмэгдүүлснээ илэрхийлж цагаатгасан билээ. Ингэхэд шүүхийн ямар байгууллага Гюленийг террорист гэж тогтоосон юм бэ. Зөвхөн Эрдоганы Засгийн газар л түүнийг террорист гэж зарлаад байгаа. Нэг Засгийн газар хүнийг тэгж цоллолоо гээд террорист гэж үзэж болохгүй. Ядахдаа НҮБ-аас зарлавал үнэмших сэн.

Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулахын төлөө яваа. Ийм улс олон улсын хэмжээнд ямар арга барил, хандлага илэрхийлдэг вэ гэхээр Швед улсын жишээг татъя л даа. Тус улсад цаазын ялтай гадны иргэн орж ирлээ гэхэд юу ч болж байсан тухайн хүнийг эх орон руу нь буцаадаггүй. Яагаад гэвэл тус улс цаазын ялгүй орон. Тухайн хүнийг буцаавал цаазалчих учраас эрхийг нь хангаад нутагтаа байлгадаг. Ардчиллын эх орон гэх АНУ ганц иргэнийхээ төлөө улсаараа хөдөлдөг. Эрдоган улсад нь төрийн эргэлтийг зохион байгуулахад тусалсан гэдэг шалтгаанаар АНУ-ын хойд Каролинагийн оршин суугч, Загалмайтны шашны зүтгэлтэн, санваартан Эндрью Брансоныг буруутган хоёр жилийн хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр хорионд байлгаж байгаа. Үүний хариуд АНУ иргэнийг нь суллахгүй бол томоохон хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд улмаар эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарласан. Одоо Туркийн эдийн засаг маш хүнд байдалд байгаа билээ. Нэг иргэнийхээ төлөө ингэж эдийн засгийн “дайн” зарлаж байгаа нь тухайн улс хүний эрх, иргэнийхээ төлөө хэрхэн тэмцдэгийг харж болж байна. АНУ бэлгийн цөөнх, нутагтаа гадуурхагдсан хүмүүсийг хүлээж аваад эх оронд нь буцаадаггүй. Манай зарим иргэд ч иймэрхүү байдлаар Америкийн талд хандаж “Өөр нам төрд гарчихлаа. Надад шингэх газар алга. Аюулгүй байдал хэрэгтэй байна” гэж өргөдөл бичээд Ногоон карттай болоод АНУ-д айван тайван амьдарч буй жишээ ч бий.

Гэтэл гадны оронд эх орныхоо төрийн бодлогыг төлөөлөн сууж байгаа Элчин сайд хүн “Замын хэдэн хүнийг өгөөд явуулахад бид баян болох болно” гэж яриад байгаа нь бүдүүлэг алдаа гэхэд багадна. Энэ бол улстөрийн алдаа. Тийм учраас энэ хүн монголчуудыг, Монголын төрийг гадаадад төлөөлөх ямар ч эрх зүйн чадамжгүй гэдэг нь харагдаж байна.

Нэг хүнийг барьж авч алуулаад оронд нь бүтэн нэг хороолол барьж өгье гэхэд тэр хороололд нь манайхан нүүж очих уу. “Турк сургуулийн захирлыг аваачиж буудуулчихаад оронд нь энэ хорооллыг бариулж авсан юм билээ” гэвэл монгол хүн жудгаа бодоод сэжиглээд тэр хороололд гал голомтоо бадраахгүй ч үгүй, ойртох ч үгүй. Хэдийгээр жижиг орон боловч өчүүхэн эрх ашиг, эд мөнгө, бараа таваарын төлөө хүний эрхийг зөрчвөл биднийг дэлхий тоохгүй болно. Хүнийг үзэл бодлынх нь төлөө золиослохгүй, хүний эрхийг дээдэлдэг үзэл санааны төлөө бид 30 жил тэмцэж байна. Энэ бол бидний үнэт зүйл.

Тэгтэл энэ Р.Болд гэгч Элчин сайд очсон газар болгондоо Монголын дипломат бодлого, харилцааг сүйтгэхээс өөр гавьяа байгуулаагүй байж ард түмнийг элдвээр хэлэх эрхтэй гэж үү. Монгол Улсын төрөөс баримталж буй гадаад бодлогыг хэрэгжүүлж явах ёстой хүн улсынхаа төрийн бодлогын эсрэг, үнэт зүйлийг шороонд хутгасан юм яриад “Тэр муу захирлыг өгөөд явуулах байсан юм” гэж ард түмнийг загнах нь хэрээс хэтэрсэн хэрэг. Тиймээс дарангуйллыг дэмжиж Монгол төрийн үнэт зүйлийн эсрэг элдэв дэмий юм донгосч яваа энэ хүнийг даруйхан эгүүлэн татаж авчрах хэрэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *