Categories
мэдээ нийгэм

М.Даваасүрэн: Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн шүүхийн тогтоол байдаггүй

Монголын Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын (хуучнаар)Ерөнхий нарийн бичгийн дарга, Улстөрийн товчооны гишүүн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, НЗД С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын албаны хүмүүс, мөн Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, түүний үр хүүхэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ю.Цэдэнбалын Академийн Ерөнхийлөгч М.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Манай улсын түүхтэй салшгүй холбоотой, Монгол Улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын талаарх судалгаа хэр байна вэ?

-Сүүлийн 10-аад жил түүний талаар их олон бүтээл гарсан. Ялангуяа эрдэмтэн доктор Ц.Жамбалсүрэн Ю.Цэдэнбалтай холбоотой түүхийн бүх бүтээлийг биечлэн уншиж танилцан судалж докторын зэрэг хамгаалсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд манай академийн зүгээс түүний Монголын төрийг удирдсан хугацааны түүхийг аж үйлдвэр, уул уурхай, газар тариалан, ХАА гээд улс, ардын аж ахуйн тэр үеийн бүхий л амьдрал, бүтээн байгуулалтыг салбар салбараар нь цогцоор гарган судалж ном, бүтээл, кино гаргаж ирсэн. Одоогоор 5 баримтат кино гарч олны хүртээл болсон. Жишээ нь, Монголд атар газар эзэмшиж ирсний түүхийг алдаа, оноотой нь гаргаж ирсэн. Одоо боловсон хүчний талаар бид юу хийж, юунд алдаж онож ирсний судалгааг дуусгаад байна.

-Ю.Цэдэнбалыг албан тушаалаас буусны дараа, 1990-ээд оны эхээр хэлмэгдсэн гэж нэг хэсэг үздэг. Үнэхээр тийм явдал болсон уу. Хэрэв хэлмэгдсэн бол Төр, Засгаас албан ёсоор цагаатгасан уу?

-Ю.Цэдэнбал даргыг хэлмэгдээгүй гэж үздэг. Хэлмэгдүүлсэн гэсэн шүүхийн тогтоол байхгүй. Эрхзүйн хувьд ийм учир цагаатгах зүйл байхгүй гэж үздэг. УИХ-ын 2016 оны 8 дугаар 30-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Ю.Цэдэнбалыг гэр бүлийн хамтаар мөнхжүүлж, түүнээс хураан авсан бүх одон медалийг буцаан олгох шийдвэр гарсан юм гэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Улстөрийн товчооны гишүүн асан Ц.Балхаажав, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарын олны танил хүмүүс, Баян-Өлгий, Увс аймгаас төлөөлөл ирсэн байв.


Тодруулга: Ю.Цэдэнбал Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд өөрийн амьдралаа зориулсныг энэ өдөр монголчууд дурсан санаж байна. Түүний ажил, амьдрал нь Монгол оронд их бүтээн байгуулалтын ажил өрнөж, Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсад улам батжин бэхжүүлж ирснээр манай улсын түүхтэй салшгүй холбогддог. Түүний удирдлагын үе 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртэж, 1940 онд 750 мянга байсан манай улсын хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан түүхтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *