Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт маргааш болно

Өмнөд Солонгосын төрийн дээд түшмэд, сэтгүүлчид, техникийн ажилтнууд бүхий 93 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн ням гаригт Умардыг зорьжээ. БНАСАУ-ын нийслэл Пхеньянд есдүгээр сарын 18-20-ны хооронд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөөд буй. Талууд хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэх юм. Өмнөдийн төлөөлөгчид суусан 19 тусгай автобус Умардын хилээр нэвтэрсэн талаар Ёнхап агентлаг онцолсон байна. Зарим эх сурвалжид өмнө нь мэдээлэхдээ БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин дээд хэмжээний уулзалтад оролцохын тул Пхеньян руу шууд нислэгээр хүрч очино гэсэн юм. Арваад жил тасалдаад байсан хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны дээд хэмжээний уулзалтаа хийсний дараа нааштай болж ирсэн. Энэ нь гурав дахь дээд хэмжээний уулзалт болох юм. Анхны уулзалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд зэвсэггүй бүс болох Пханмунжом тосгонд хийж байв. Түүнээс хойш нэг сарын дараа хоёр дахь уулзалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар талууд Пханмунжомын тунхаглалын хэрэгжилт хэр байгааг хэлэлцэх гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн баасан гаригт хоёр орны удирдагчдын уулзалт болох гэж буйтай холбогдуулан “Зохицуулах товчоо” гэдгийг байгуулж нээлтээ хийсэн. Уг товчоо нь БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн биеллийг бүрэн гүйцэд илтгэх гэнэ. Хоёр талын харилцаа холбоог сайжруулах, цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой байгуулсан аж. Уг товчоонд хоёр талыг төлөөлж 50 орчим хүн ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *