Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Дөш” гэх газар шороон замд “Porter” автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас барсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө “Emontrade” төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагыг Монгол улсын нутагт нийт иргэд дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь зөвхөн жолоочийн дүрэм, үүрэг гэж үздэг сэтгэлгээ түгээмэл байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Явган зорчигчид гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, автобуснаас буугаад зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур зам руу орох, зорчих хэсгээр согтуу явах зэргээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байна.

Он гарсаар эхний 8 сарын байдлаарх тоон үзүүлэлтийг үзвэл улсын хэмжээнд нийт 18663 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигчийн буруутай үйдлийн улмаас 390 осол бүртгэгдсэний 327 нь буюу 84 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.

Түүнчлэн осол, хэргийн улмаас амь насаараа хохирсон хүний 73 нь буюу 21,3 хувь нь явган зорчигч байгаа нь өндөр үзүүлэлттэй тоо бөгөөд явган зорчигчдийн хөдөлгөөнд оролцох сахилга, соёлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Хичээл эхлэх, тарах цагаар нийслэл хотын гудамжаар хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд дүрэм зөрчиж улаан гэрлээр гүйх, гарцгүй газраар явахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *