Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Будзаан: Цахим гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан, Хүүхдийн элч

Б.Гүнзаяа нарЦахим гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд өсвөр насны хүүхдүүдийн дунд зүй зохистой цахим хэрэглээг бий болгох, эрх зүйн мэдлэгийг сайжруулах, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах, эцэг эхчүүдийн хяналт, оролцоог дээшлүүлэх ёстой гэж Цагдаагийн байгууллагаас үзсэн байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” ухуулга нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлэхээр болсныг мэдээллээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаанаас тодруулав.


-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт манай улсад хэр байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онд нийт 299 бүртгэгдсэн. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд үүнийг кибер гэмт хэрэг хэмээн нэрлэж, учруулж болзошгүй хор хохирол, аюул заналын түвшинг терроризмын аюулаас ч илүү бодит эрсдэлийг бий болгодог гэж үзсэн байдаг.

-Цахим гэмт хэргийн анхны тохиолдол манай улсад хэдэн онд бүртгэгдэж байв?

-Хамгийн анхны цахим гэмт хэрэг 2008 онд бүртгэгдсэн байдаг. 2010 оноос хойш энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай болж эхэлсэн. Уг нь нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 20-иод хэрэг бүртгэгддэг байсан бол одоо хагас жилийн дотор 300 гаруйд хүрч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим гэмт хэрэг үйлдсэн хэргээр 20 гаруй хүн ял эдэлж байгаа. Монгол Улсад нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2900000 хүрсэн. Харин Фэйсбүүк хэрэглэгчид 2100000 гаруйд хүрчхээд байхад хүмүүсийн цахим аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй бол болохгүй болжээ.

-Одоогоор хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 174 орноос 104 дүгээрт жагссан. Жил ирэх тусам манай улсын энэ үзүүлэлтэд эзлэх байр доошилсоор байгаа. Одоогоор дорвитой хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Анхдагч нь “Unfriend хөдөлгөөн” болж байна.

-Цахим гэмт хэрэгт ямар үйлдлүүд хамаарах вэ?

-Кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөг, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, онлайн залилан, садар самуун дүрс бичлэг тараах, интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг үйлдлийг олон улсад энэ төрлийн гэмт хэрэг гэж үздэг. Манай улсын хууль тогтоомжоор эдгээрээс зөвхөн кибер халдлагыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж, гүйцэтгэдэг.

-Хамрах хүрээ бага болохоор гэмт хэрэг дорхноо тархаад байна гэж ойлгож болох уу?

– Цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг нь нийтийн сүлжээнд маш хурдтай тархдаг. Энэ ажлыг эхлүүлэхэд хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй фэйсбүүкийн группийг илрүүлэн хаасан. Жишээ нь, Фэйсбүүк хуудсанд “ЭМО” нэртэй нууц групп хүүхэд залуусыг гишүүнээр элсүүлэн, даалгавар гүйцэтгүүлэх замаар амиа хорлох сэдэл бүхий тоглоом тоглуулж, садар самуунд уруу татаж, шашны зан үйлд уриалан дууддаг байсныг илрүүлж, хэргийг таслан зогсоосон. Мөн иргэн Б гэгч нь хуурамч хуудас үүсгэн бага болон өсвөр насны 200 гаруй охидтой нэг жилийн хугацаанд харилцаж, итгэл олон замаар хагас, бүрэн нүцгэн зургийг нь авч, түүгээрээ дамжуулан дарамтлан, бэлгийн харилцаанд ордог байсан нь тогтоогдсон. Яг энэ орчинд ажиглагдаад байгаа бас нэг зүйл нь “Санхүү өгнө”, “Санхүү авна”, “Сайн ахтай болъё” “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” гэхчлэн хүмүүсийг садар самуунд уруу татах тохиолдол юм.

-Хохирогчдын тухайд?

-Зарим тохиолдолд иргэд өөрийн мэдэлгүй гэмт хэргийг золиос, гол бай нь болчихсон байдаг. Харин үүнийгээ мэдчихээд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эцэг эхээсээ айж, бодит байдлыг нуудаг. Мөн нэр хүндээ алдахаас эмээж, гэмт этгээдийн дарамтыг хүлээж авдаг нь тэднийг улам өөгшүүлээд байдаг. Гол төлөв хохирогчид нь эмэгтэй хүмүүс эсвэл өсвөр насны хүүхдүүд байдаг нь анхаарал татдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагаас энэ чиглэлд арга хэмжээ авч цахим орчин дахь хар жагсаалтыг гаргаж үл бүтэх хаяг, хуудас, пэйжүүдийг устгаж байна.

-Хар жагсаалтад одоогоор хичнээн тооны групп, хуудаснууд багтаад байна вэ?

-Одоогоор 33856 гишүүнтэй “Санхүү өгнө авна” гэсэн нууц группийг устгасан. Мөн садар самуун сурталчилдаг 14190 гишүүнтэй “Санхүүгийн туслалцаа” болон “Санхүү өгнө авна”4408 гишүүнтэй группийг иргэдийн туслалцаатай хаасан.

-Ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна?

-Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байна. Монголын сурагчдын холбоо болон Залуучуудын холбоо хамтран ажиллахаар болсон. Мөн дуучин A Cool буюу Б.Анхбаяр нэгдсэн. Хүүхдийн элчээр олон улсын мисс, “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн Б.Гүнзаяа оролцож байна. 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 22 хоногийн турш зохион байгуулагдана. Төрийн бүхий л байгууллагуудын сүлжээгээр мэдээлнэ гэв.

“UNFRIEND хөдөлгөөний” хүүхдийн элчээр сонгогдон ажиллаж буй “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн Олон улсын мисс Б.Гүнзаяагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Энэхүү аянд яагаад нэгдэх болов?

-Нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор нэгдсэн. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйг гэрэл гэрэлтэй болгохын тулд хүүхдүүдээ хайрлах ёстой гэж боддог. Энэ аянд нэгдэхээсээ өмнө “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аян өрнүүлж, ирээдүйгээ гэрэлтэй байгаасай гэсэн бодлоор нөлөөллийн ажлууд хийдэг байсан.

-Цахим орчныг хэрхэн зохистой хэрэглэх ёстой юм бэ?

-Аяны хүрээнд иргэдэд цахим хаягийг хэрхэн хөтлөх зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Иргэд цахим аюулгүй байдлаа хангаад ажилласан тохиолдолд ямар нэгэн кибер халдлагад өртөхгүй, гэмт хэргийн хохирогч холбогдогч болохгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс ЕБС-ийн 700 гаруй сургуулиудад цахим хэрэглээний зохистой орчныг бүрдүүлэх чиглэлээр лекц уншина. Мөн “Selfie Talk”, “Nine Talk” арга хэмжээг цахим орчинд болон олон нийтийн хамарсан гудамж, талбайд зохион байгуулах болно.

-Иргэддээ хандан анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Таны хүүхэд цахим орчинд танихгүй хүнтэй найзалж, танихгүй хүний бичсэн зүйлээр хүмүүжиж байна. Мэдэхгүй хүнтэйгээ хүүхдээ найз болсноор тухайн хүнд хувийн мэдээллээ их, бага хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.

Unfriend хөдөлгөөний цаана Монголын ирээдүй болсон хүүхдүүд байгаа учир эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Аюулгүй цахим хэрэглээг бий болгохыг төлөө бид нэгдэх хэрэгтэй.Насанд хүрээгүй хүүхдүүд интернет орчинг ашиглаж байгаа. Гэтэл мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, садар самуун, аллага, хүчин, хар тамхи гэхчлэнгийн зүйлсийг хяналтгүй нийтэлж буй нь өсвөр насныхныг сэдэлжүүлж, сонирхлыг нь өдөөж байна.

-Хориглох тусам улам идэвхжээд байвал яах вэ?

-Аливаа зүйл хоёр талтай. Хийхгүй байснаас л дээр шүү дээ. Олны хүчээр бугшсан асуудалд хяналт тавихыг эрмэлзэж байна. Иргэд дор бүрнээ ухамсартай хандаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлгээнд “Болохгүй” гэх үзлийг суулгаж өгөх хэрэгтэй.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *