Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

11 сараас эхлэн томуугийн вакцин хийнэ

Хүйтний улирал эхэлж, сэрүүч байгаатай холбоотойгоор томуугийн вакцин хийгдэж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-наас дараах мэдээллийг өгсөн юм.


Томуугийн вакциныг “Сонгдо”, “Интермед” тэргүүтэй хувийн эмнэлгүүдэд хийж байгаа аж. Сонгдо эмнэлэгт томуугийн вакцин 35000 төгрөгөөр хийгдэж байгаа бол Интермед эмнэлэгт 45000 төгрөгөөр хийгдэж байгаа аж. Сонгдо эмнэлэг дээр бага насны хүүхдэд вакцин хийлгэх бол харъяа өрхийн эмнэлэгээс бичиг авчрах хэрэгтэй юм байна. Хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа вакцин нь улсын бүртгэлд бүртгэлтэй вакцин бөгөөд Германд үйлдвэрлэсэн баталгаатай вакцин юм байна.

Вакциныг ирэх 11-р сараас эхлэн дүүргийн эмнэлэгүүдэд хийгдэнэ. Дэлхий нийтээрээ хэрэглэдэг томуугийн вакциныг бид оруулж ирэх юм. Одоогоор НҮБ-д вакциныхаа захиалгыг өгчихсөн байгаа гэв.

Вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст эхэлж хийхээр болжээ.

Сонирхуулахад, томуугийн вакциныг бугалгын булчинд тарина. Уг вакцин нь дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулах бөгөөд тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталдаг. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг аж.

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс

  • Ясли, цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
  • Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс
  • Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
  • Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн
  • Уушгины багтраа зэрэг амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс

Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс

  • Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
  • Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
  • Зургаагаас доош сартай хүүхэд

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *