Categories
мэдээ цаг-үе

П.Лхагвасүрэн: Боловсролын брэндлэг чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал, боловсрол судлалын доктор Пүрэвийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улс их, дээд сургуулийн тоо, арван мянган хүнд эзлэх оюутны хувиараа дэлхийд дээгүүрт бичигддэг ч боловсролын чанарын хувьд бөмбөрцгийн хэмжээнд сүүл мушгидаг гэсэн шүүмж их байдаг. Үнэхээр тийм хэцүү байдалд орчихоод байгаа юу?

-Монголчууд бидний нэг суут соёл бол эрдмийг бишрэн дээдэлж, тахин шүтдэг үзэл. Социализмын буюу төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой нийгэмд манайх хэдхээн их, дээд сургуультай, хувийн сургуулийн тухай ойлголтгүй байлаа. Тэр үед их, дээд сургуульд элсэн орох гэдэг ойлголт жинхэнэ чанартай, шигшигдсэн, тухайн эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ суурь болсон шинжлэх ухааны үндэслэлийг ерөнхий боловсролын сургуульд чиглэл чиглэлээр үзэж эзэмшдэг байсан. Конкурс буюу элсэлтийн шалгалт маш өндөр хэмжээний ач холбогдолтой шалгалт байлаа. Улаан шугам буюу конкурсын эрэмбээр жагсаад сургуулийн хуваариа авдаг түвшинтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр дээд боловсролын тогтолцоонд маш том өөрчлөлтүүд гарч байна. Дээд боловсролын салбарт цоо шинэ хувийн их, дээд сургуулийн арми үүсэн бий боллоо. Дээд боловсролыг тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй, тодорхой ажлын байртай уялдуулаад оюутан элсүүлдэг, хяналтын тоонд багтаадаг байсан маань үндсэндээ өөрчлөгдлөө.

-Олон их, дээд сургууль бий болохын хэрээр хяналт, боловсролын салбарт хандах төрийн бодлого алдагдаж дээд боловсролтой дэлгүүрийн худалдагчид бэлтгэх болсон юм биш үү?

-Өнөөдөр дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суралцах чадварын тодорхой хэмжээний өндөр түвшинд хүрсэн бол бүгдэд нээлттэй. Стандарт гэдэг маань нэг ёсондоо элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тодорхойлогдоно шүү дээ. Хуучнаар конкурс. 2012 оноос ЭЕШ-д босго тогтоож эхэлсэн. ЭЕШ-ын босгыг давсан байхад сурагчид их, дээд сургуульд сурах боломжтой болж байгаа. Нэгэн үед их, дээд сургуулиудыг давхардсан биш тоогоор аваад үзэхэд 170 орчим хүрч байсан. Өөрөөр хэлбэл ШУТИС гэхэд 13-14 салбар сургуультай, МУИС мөн тийм салбар сургуультай, ХААИС арваад салбар сургуультай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээд боловсролын салбар тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд их, дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Зарим их, дээд сургуулиуд өөрийн гэсэн төлөвлөгөө, хөтөлбөр, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Боловсрон гарч буй оюутнууд, сэхээтнүүдийнхээ мэдлэг чадварын чанар чансаагаар, ажил эрхлэлтийн байдлаар, нийгэм болоод хүн төрөлхтөний оюуны соёлд юу бүтээж байгаагаараа, шинжлэх ухаанд юуг хийж туурвиж буйгаараа үнэлэгдэх ийм цаг үе. Дэлхийн зарим шилдэг сургуулиуд хөтөлбөрөө олон улсад нээгээд дэлгээд тавьж байна. Брэнд чанар гэдэг нь Харвардын их сургууль ч юм уу, МУИС-ийн бусдаасаа онцгойрч буй нэр хүнд л дээ. Өөрийн гэсэн том соёлыг бүтээж хүн төрөлхтөний түүхэнд оруулж буй хувь нэмэр, түүний баталгаажилт, хандлага найдвартай. МУБИС-ийн төгсөгчид гэхэд нэгэн үе манай улсын бүх ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын түвшинд ажиллаж байгаа багш нар нь заах арга зүйн хувьд онцгойрч байдаг байсан. МУИС-ийн төгсөгчид тухайн шинжлэх ухааныхаа чиглэлээр нэлээд гүнзгий мэдлэг эзэмшчихсэн, тэр мэдлэгээ хүүхдэд хүргэх талдаа гаршиж, тухайн багшийн гараас тодорхой шинжлэх ухааны чиглэлийн аваргууд төрдөг гэх мэтийн брэндлэг чанаруудыг бүтээсэн байдаг.

-Дээд боловсрол олгох сургуулиуд өндөр төлбөртэй, чанартай сургалттай байхгүй бол нийгэмд ашиггүй гүехэн мэдлэгтнүүдийн давалгаа цунамигийн хэмжээнд хүрлээ гэж халаглах хүн олон байна л даа?

-Оюутан сурагчдыг элсүүлэх өндөр төлбөртэй хувийн их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын том арми бий боллоо. Ерөнхийд нь аваад үзэхээр өндөр төлбөрөөс тодорхой түвшний эцэг эхчүүдийн нэг хэсэг нь айхаа больсон. Зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан хүмүүсийн өмчийн ялгарал их явагдаж байна. Ер нь чанартай боловсрол олгодог, хүнийг өөрчилж чадсан, шинэ нөхцөл боломжид ажиллаж чадах төгсөгчдийг бэлтгэдэг сургуульд мөнгө харамладаггүй болсон. Их, дээд сургуулиудын төлбөр харьцангуй өндөр байвч дэлхийн сургуулиудтай харьцуулбал доор байгаа. Үүнийг олон талаас нь ойлгож болно. Ард түмний амьдрал тааруу байна. Нийтээрээ их, дээд сургуульд сурах эрмэлзэл их. Суралцагсдын тоо олон болсон. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байр хуучин нийгмийн үеийнхтэй харьцуулахад тэс ондоо болсон. Одоо бол ур чадвараараа, мэдлэг чадвараараа, эзэмшсэн мэргэжлийнхээ чанар чансаагаараа, тэрнээс гадна хүнтэй харилцах, багаар ажиллах, аливаа нэг асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх, ямар нэг зүйлд дасан зохицох зэрэг цоо шинэ чадварууд чухалд тооцогдох боллоо. Хувь хүний байгалийнх нь авьяас билэгт тулгуурласан чадваруудыг ажил олгогчид нэхээд эхэлсэн. Нөгөө талаас хүн төрөлхтний шинжлэх ухааны салбар, хүмүүсийн амьдралд мэдээллийн технологи бодитойгоор ороод ирлээ. Үүнтэй холбогдуулж маш олон шинэ мэргэжлийг нээж, эзэмших хэрэгтэй болж байна. Зарим нэг мэргэжлүүдийн шаардлага алга болох хувьслын он жилүүд үргэлжилж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг үүнтэй уялдуулан яв цав чанга хатуу биш уян хатан зохион байгуулах, хөрвөх хандлагатай шинэчлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Болсон, болоогүй дипломын голууд олноор бэлтгэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Хөдөөгийнхөн гэхэд үр хүүхдээ мундаг хүн болгох гээд ноос ноолуурын мөнгөө хуу зориулаад байдаг. Нөгөөдүүл нь дөрвөн жил үлгэн салган сурсан болж хамаг мөнгө, үнэт цаг хугацаагаа салхинд хийсгэснийхээ эцэст гудманд лааз өшиглөсөн, эсвэл лангуу сахин нойрмоглосон нэгэн болох л хувь тавилан хүлээж байдаг даа?

-Үр хүүхдээ дээд боловсролтой хүн болгох гэсэн эцэг эхчүүдийн чин хүсэл эрмэлзэл дээр зарим сургууль бизнес хийж байгаа нь нууц биш. Хөдөөний хүүхдүүд найз нөхөд нь сургуульд явчихаар сонин байдалд орж болсон, болоогүй нэг сургуульд очоод ордог. Нөгөө муу эцэг эх нь төлбөрийг нь төлөхөөр “Малчны зээл” авдаг. Ноолуураа дэнчин тавиад зээл авна гэх мэтээр нийгэмд дээд боловсрол эзэмшихээс илүү өрийн сүлжээ үүсдэг. Үүнийг эмзэглэж харах ёстой юм. Үүнтэй уялдуулан төр боловсролын салбараа яаж санхүүжүүлэх вэ, яаж төлөвлөх вэ, ямар зохицуулалт, зохион байгуулалт хийх вэ гэдэгт хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Улс төргүйгээр аливаа нийгмийн амьдралыг төсөөлөх аргагүй. Гэхдээ улстөр боловсролын салбарт дэндүү соёлгүй, зөвхөн улстөрчийн араншингаар шинжлэх ухааны үндэслэлгүй орж ирсэн явдал монголчуудыг туйлдуулах үндэс болсныг нуух юун. Болсон, болоогүй борооны дараахь мөөг шиг тоймгүй олон сургуулийг байгуулсан. Энэ их хариуцлагагүй зүйл болсон. Хүмүүсийн үр хүүхдээ дээд боловсролтой болгох хүсэл сонирхол дээр маш том тоглолтууд явагдсан. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр багасч л байна. Уг нь тухайн нарийн мэргэжлээр мэргэших хүний суурь чанар, стандартыг хангах чадварыг тэр хүүхэд эзэмшиж үү, үгүй юу гэдгийг Элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтоох ёстой. Тиймээс ЭЕШ-ын босго оноог өндөрсгөх хэрэгтэй. Маш хатуу хандах учиртай. Энэ жилийн хувьд Цогзолмаа сайд “Улсын их, дээд сургуулийн ЭЕШ-ын босго 480 оноо байна” гэсэн чухал шийдвэр гаргасан. Урьд нь 400 оноо байсан. Энэ нь бас нэг том алхам байсан юм. Төр өөрийнхөө харьяа сургуулиудын оюутны чанарт өөрчлөлт хийхийг оролдож байна. Харин бусад сургуулиудын хувьд яах вэ гэдэг асуудал бий. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн энэ талаар хамтарч судалгаа хийж байгаа.

-Энэ босгыг цаашид хатуу барьчих хэрэгтэй юм байна даа?

-Тийм шүү. Чанартай сургуулиудад орох оюутнуудын хяналтын тоог яс барих хэрэгтэй. Энэнээс дээш оноо авсан хүн элсэж болно гэчихээд сургуулиудын хяналтын тоог яс барьж, сургуулиудын удирдах зөвлөлд хяналтын тоог тавиад өгчихөөр сургуулийнхаа эрх ашигт нийцүүлнэ. 480-аас дээш оноо авсан хүүхдүүд улсын сургуулиудад хуваарилагдчихаар хувийн сургуулиуд бэрхшээл үүссэн. Энэ зөрчлөөс болоод зарим хувийн сургуулиудад элсэгчийн ЭЕШ-ын босго оноог шахалтаар буулгачихсан. Энэ бол буруу. Үнэхээр чанаргүй сургуульд хүн элсэхгүй бол хүчээр элсүүлэх, сургуулиудыг хооронд нь нэгтгэх гэх нь алдаа болно. Оюутан хаалгаар нь орохгүй сургуулийг хаах нь зөв. Ийм л дүрмийг чанд мөрдөх нь зүйтэй. Чанартай сургалттай сургуулиуд төлбөрөө нэмэхэд болно. Их, дээд боловсролын сургалтын төлбөр хэт доогуур байгаагаас болж сургалтын чанар унаж байгаа нь нууц биш. Дэлхийн дундаж их, дээд сургуулиудын жилийн төлбөр 25 мянган орчим ам. доллар байна шүү дээ. Дундаж төлбөртэй сургуулийн жишгийг харахад хамгийн доод тал нь 15 мянган ам.доллар гээд бод л доо. Тэгэхэд Монголд хамгийн их төлбөр нь үүний дөрвөний нэгд ч хүрэхгүй.

-Сургуулиудыг нэгтгэснээр сургалтын чанарт нөлөөлөх болов уу?

-Сургуулиудыг автоматаар нэгтгэнэ гэхээр бас асуудал үүснэ. Жишээлбэл, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль бол Монгол Улсын ууган гурван сургуулийн нэг. Санхүүгийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль 1924 онд шаваа тавьж байсан түүхтэй. Ийм түүхтэй сургуулийг МУИС-тай нэгтгээд, буцааж салгаад холион бантан болгож байна. Төр үүнд оролцож, зохиомлоор зохион байгуулна гэдэг утгагүй. Энэ сургуулиудын түүхэн замнал, соёл нь өөр. Том концепцийн хувьд өөр хэрэг. Жишээ нь, Азийн топ том их сургуулийг бий болгохын тухайд улсын хэдэн том сургуулиа нэгтгэж болох. Тэгээд менежмэнтийг сайн хийхгүй бол бас л алдаа болно.

-Мэргэжлийн сургалттай коллежүүдийг төрөөс овоо дэмжих бодлого барьж байснаа шалд нь буулгачихав аа даа?

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа оюутнуудад 70 мянган төгрөгийн стипенд олгодог, мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар төрөөс дэмжээд явж байсан. Тэгтэл их, дээд сургуулийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэмж өгөөд эхэлсэн. Энэ барьцсан юм шиг шийдвэр том утгаараа “алдаа” болсон. Монгол Улсад мэргэжилтэй оюутан бэлтгэхэд том хөшүүрэг байлаа. Овоо гайгүй жигдэрч цэгцрээд явж байсан их аятайхан бодлого улстөр орж ирээд, сонгууль болоод сарничихсан. 2013 он буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн жил бараг оюутан болгонд 70 мянган төгрөг өгч эхэлсэн. Тэр жил 105 тэрбум төгрөг салхинд хийсээд явчихаж байгаа юм. Монгол Улсын боловсрол гэсэн том системийг шинжлэх ухааны маш их үндэслэлтэй, үндэсний соёл уламжлал дээрээ тулгуурласан, орчин үеийн дэвшилтэт технологийг гүн нэвтрүүлсэн шинэ үзэл баримтлал, амбицаар жолоодох ёстой. Үүнд Боловсролын хүрээлэн онцгой үүрэг гүйцэтгэх гол “цөм”, хөдөлгөгч хүч байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, чанарыг сайжруулах талаар, стандарт тогтооход анхааран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ЕБС 10-12 дугаар ангийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдон маш их өөрчлөлтүүд хийгдсэн. Үүнийг дагаад үндсэн сурах бичгүүд, сургалтын хөтөлбөрүүд бүгд өөрчлөгдсөн. Үүнийг дагаад багш нарт маш олон сургалтуудыг явуулсан. Мөн гадаадын олон оронд амьдран сууж буй монголчуудын үр хойчийг яаж монгол хэл, соёлтой, монгол зүрх сэтгэлтэй болгох вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд бид гадаад улс оронд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдийн багш нарт хоёр өдрийн сургалт зохион байгуулсан. Удахгүй том чуулган болно. Түүнд манай хүрээлэн голлох үүрэгтэй оролцоно.

-Нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлээр тусгай квот тогтоохгүй бол ажлын байраасаа хэдэн зуу дахин олон зааз мэргэжилтнүүд төрөн гарч байна гэдэг. Сэтгүүлч, хуульч мэргэжлийн төгсөгчид болоод ажлын байрны харьцаа тэнгэр, газар мэт болсон гэж жишээлэн ярьдаг даа?

-Олон зуун мэргэжилтнийг зааз л гэх юм. Заазлагдсан нь хэн байгаа юм бэ. Энэ үзэгдэл алсдаа хэвийн болох биз ээ. Жаахан ч гэсэн өөдрөгөөр ирээдүйгээ харъя. Тодорхой хэмжээний квот тогтоож байсан туршлага байна. Тиймээс 480-аас дээш оноо авсан оюутнуудыг авна гэсэн босгоо өндөрсгөх хэрэгтэй. Элсэгчдийн хяналтын тоог төрөөс сургууль, мэргэжил бүрээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн тогтоох хэрэгтэй. Бид сайн юмнаас татгалзах шаардлагагүй. Сайн юмнуудаа эргэж санахад гэмгүй. Их, дээд сургуулиудад “Энэ чиглэлээр сайн” гэсний дагуу элсэлтийг нь баталгаажуулбал зохино. Сургуулийн удирдах зөвлөлөөр тухайн жилд элсүүлэх оюутны тоог хянах аргыг хэрэглэж болно. Герман-Монголын хамтарсан техникийн их сургууль гэхэд инженерийн чиглэлээр цөөхөн тооны оюутнуудыг элсүүлж, дэлхийн хаана ч ажиллах мэргэжилтэн бэлтгэж байна. Дээд боловсролын энэ цагийн нэгэн гэрэлтэй үзэгдэл болсон Япон улсын Засгийн газраас БСШУСЯ-тай хамтран ШУТИС дээр хэрэгжүүлж буй “1000 инженер” гэсэн сайхан том хөтөлбөр байна. Зарим их, дээд сургуулиуд олон улсын магадланд амжилттай орж, тодорхой хөтөлбөрүүдээ ч итгэмжлүүлж байна. Энэ бас л том дэвшил.

-Дээд сургууль төгсөөгүй бол хүн биш шахууд тооцдог энэ гажиг сэтгэлгээг л хүмүүсийн ой ухаанаас авч хаямаар юм шиг санагддаг юм?

-Үнэн шүү. Тэрийг хэн гаргаад ирсэн жишиг соёл юм бэ. Бүгд дээд боловсрол эзэмшиж болно оо. Дээд мэргэжил эзэмшсэн дэлгүүрийн худалдагч олширлоо л гэж байна. Уг нь тухайн хүн өөртөө байгаа байгаль эхээс, ээж ааваасаа өгөгдсөн авьяас чадвараа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Энийг ерөнхий боловсролын сургуульд байхдаа багаасаа анхаарч, эцэг эхчүүд нь үр хүүхдээ мэргэжил сонгоход нь унаган төрөлх авьяас билэгт нь тулгуурладаг байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтон болох нь амьдралын дээд утга учир мөн үү, биш үү. Энэ бол өөрөө маш эргэлзээтэй асуудал. Бүгдээрээ дээд мэргэжилтэй болчихоор тэнгэрийн умдаг атгачихдаг юм биш. Уралдааны морьд гараанаас зэрэг гаравч барианд цувраад ордог. Олон монгол мэргэжилтэн зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн соёл, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулаад явж байна. Эднээрээ бид бахархах нь зүй. Бүгд дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг чинь магадгүй маркетингийн арга байж мэдэх юм. Хүн бүхэн өөрийн хэрэгцээтэй зүйлээ сураад хэрэгцээтэй чиглэлээрээ амьдарч чаддаг тийм нийгмийн төлөө урагшилмаар байгаа юм. Дээд боловсролын дэлхийн тэргүүлэх чиг хандлагыг шингээсэн брэнд монгол боловсролын төлөө ажиллах хэрэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *