Categories
мэдээ нийгэм

Загас судлал, гидробиологийн судалгааг хийжээ

Загас судлал, гидробиологийн судалгааг хийжээ

Монгол-Оросын Шинжлэх ухааны академи хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 1970 оноос Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Уг экспедицийн 2018 оны төлөвлөгөө ёсоор Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэмтэн судлаачид хоёр чиглэлд 8 сарын 12-ноос 9 сарын 5-ны хооронд хээрийн судалгаанд амжилттай оролцоод ирлээ.

Усан орчны хоруу чанарын судалгааны отрядад Оросын талыг Борок хотын Дотоодын усны хүрээлэнгийн доктор Удоденко Юрий Геннадьевич, ахалж Комов Виктор Трофимович, Сажнев Алексей Сергеевич нарын хамт тус хүрээлэнгээс доктор Ч. Жавзан, М. Жансагсодном, Б. Рэнчинбуд нар оролцож Бороо голын тодорхой цэгүүдээс гадна Шарын голын уртын дагуу явж усны чанар, ёроолын хагшаас, загас, усны амьтанд мөнгөн усны болон бусад хоруу чанартай элементүүдийн хуримтлалын судалгааг хийж, лабораторт шинжлэх сорьц материал бүрдүүлжээ.

Загас судлал, гидробиологийн отрядын судалгааг явуулж Монгол оронд шинээр баригдсан усан цахилгаан станцын үүсмэл усан санд биологийн олон янз байдал бүрэлдэн тогтох процессыг судлах, Их нууруудын хотгор, Говийн нууруудын хөндийн гол, нуурт тархан амьдрах Потанины Алтайн сугас, Монгол хадран, Алтайн давжаа сугасны насны бүтэц, өсөлтийг тогтоох, судалгаанд хамрагдсан нуур, голын усны экосистемийн өнөөгийн төлөв байдлыг тогтооход чиглэгдсэн байна. Ийнхүү тус экспедицийн бүрэлдэхүүн хүрээлэнгийн захиралтай уулзан судалгааныхаа ажлын үр дүнг танилцуулж ирэх онд болох Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойг угтаж цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *