Гадаад харилцааны яам АНУ-ын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сард эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян хоёрдугаар сарын ээлжийн нээлт өнгөрсөн баасан гарагт гарагт болсон байна. Иргэдийн гадаад орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд виз мэдүүлэх, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй, хариуцлагатай аялахыг олон нийтэд уриалах зорилготой уг аян хоёр дах жилдээ үргэлжилж буй юм.
Мөн гадаад оронд аялахдаа тухайн орны хууль дүрмийг зөрчихгүй, хариуцлагатай байхыг тус мэдээлэл, сурталчилгааны аянаар дамжуулан уриалжээ. Аяны хүрээнд ирэх сарын 01-нээс АНУ-д хариуцлагатай аялсан монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.
Тухайлбал, АНУ-д аялахдаа хугацаа хэтрүүлээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй, хууль бусаар ажил эрхлээгүй, иргэд ЭСЯ-нд визийн мэдүүлгээ үлдээгээд явах боломж олгох юм байна. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд визийн хүчинтэй хугацаа нь дууссан, өмнө АНУ-д хууль ёсны дагуу зорчиж хариуцлагатай аялсан виз хүсэгч заавал ярилцлага товлохгүйгээр визээ шинэчлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Визийн хугацаагаа хэтрүүлж, хууль бус үйлдэл гаргах нь монголчуудад сөргөөр нөлөөлдгийг сануулжээ.
Өнгөрсөн онд АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн монгол иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1-2.8 хувиар буурсан байна. Гэвч 2017 оны аравдугаар сард тус аян хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-д аяллаар явсан зорчигчдын долоон хувь, сурахаар явсан оюутнуудын 17 хувь нь визний хугацаа хэтрүүлж, тэнд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ.
Уг аянд Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын элчин сайдын яам нэгдсэнээ мэдэгджээ. Тус улсын визийн талаар үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх төв байгуулах төлөвлөгөөтэй буйгаа ГХЯ-наас мэдээлсэн байна. Түүнчлэн иргэд виз зуучлуулан хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.