Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд өнөөдөр эхэллээ. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү хөгжмийн наадамд улсын хэмжээний соёл, урлагийн байгууллагын 42 залуу уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн урилгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Ж.Саруулбуян, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Батбаяр нарын хүндэт зочид “Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ.

Цаашид Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадмыг орчин үеийн дуу дуулаачдын төдийгүй дан хөгжмийн наадам болгон цар хүрээг нь өргөжүүлэн, Жаргалтхаан сумын нэгэн брэнд үйл ажиллагаа болгоно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Сэрсэн тал” хөгжмийн наадамд оролцогчдод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн мэндчилгээг уламжлан, “Энэхүү хөгжмийн наадам бол төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж байгаа сайхан жишээ болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгодог урлагийг хөгжүүлэх хөтөлбөр бий. Үүнийг хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумынханд талархал илэрхийлье” гэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров,

-Би Жаргалтхаан суманд хоёр дахь удаагаа ирж байна. Хөгжмийн зохиолч Б.Шаравын ээжийг сэрүүн тунгалаг байхад ирж золгож байсан. Б.Шарав бид хоёр багшийн сургуулийн нэг үеийн оюутнууд. Би нэг ангийн дээр. Бид сургуулиа төгсөөд шууд багшилдаг байсан. Тиймээс би төгсөөд сургуульдаа үлдэж нэг жил Б.Шаравын ангид багшилсан. Түүний нэг жилийн багш байгаа юм. Харин хойшоо сургуульд би Б.Шараваас нэлээд хэдэн жилийн өмнө явсан.

“Сэрсэн тал” наадам гайхамшигтай сайхан наадам болно гэж итгэж байна. 1984 оны есдүгээр сард би улс тунхагласны 60 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар томилогдоод сургууль төгсч ирээд удаагүй байсан Б.Шаравтай уулзаж монголчуудын ололт амжилтыг илэрхийлсэн хөгжим бичээч гэж захиалга өгсөн. Б.Шарав маань тэр дагуу их цөөхөн хоногт энэ хөгжмийг бичиж надад авчирч өгсөн. Ноот дээрээ ямар нэг нэр тавиагүй, удиртгал гэж бичсэн байсан. Ардын жүжигчин Ж.Чулуун багш бид хоёр хөгжмийг нь үзээд концертдоо тохируулж нэр өгөх хэрэгтэй юм байна гээд “Сэрсэн тал” гэсэн нэр өгсөн. Ингээд 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн концертод орчин цагийн Монголд анх удаа 150 хүнтэй үндэсний найрал хөгжим ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар энэ хөгжмийг анх тоглосон түүхтэй.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн наадмыг “Сэрсэн тал”-гүйгээр төсөөлөшгүй

“Сэрсэн тал” бол сүүлийн 30-аад жил Монгол Улсын оюун санааны хөтчийн нэг болж яваа хөгжим. Бид дэлхийд хаана ч явсан “Сэрсэн тал” хөгжмөө өмнөө барьж явдаг. “Сэрсэн тал” хөгжим монголчуудын талаархи ойлголт, монгол хүн гэдэг хэдий хэр эрдэм чадалтай, ямар хүсэл тэмүүлэлтэй ард түмэн бэ гэдгийг яруу тод харуулдаг: 2011 онд Монгол Улсын хөгжим НҮБ-ын их танхимд анх дуугарах боломж олдсон. Тэр тоглолтыг бид “Сэрсэн тал”-аараа дуусгахад 120 орны дипломат төлөөлөгчид таван минут тасралтгүй алга ташиж байсныг сайн санаж байна.

Миний хоёр дахь хэлэх санаа бол та бүхэн Б.Шаравтай нэг нутгийнхан тул анзаардаггүй байх. Биднийг гадаад дотоодод явахад танайд Б.Шарав гэдэг хөгжмийн зохиолч байдаг гэсэн яаж танилцах вэ, ямар ажил хийдэг хүн бэ, язгууртан хүн үү, олон үе дамжсан хөгжмийн удамтай хүн үү гэж асуудаг. Жирийн малчны хүү гэхээр тэд гайхдаг. Б.Шарав бол Монголын хөгжмийн зохиолч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж бид бахархах дуртай. Би хөгжим судалдаг хүн байгаа юм. Иймэрхүү хүн, иймэрхүү юм бүтээдэг хүн бол хамаагүй төрдөггүй юм билээ. Тийм учраас та бүхний хайр ивээл бол Б.Шаравын бүтээлийн өөрийнх нь үр шим төдийгүй энэ нутгийнхан дэлхийн оюуны сан хөмрөгт өөрсдийн дуу хоолойг Б.Шараваар дамжуулж яваа азтай ард түмэн” хэмээн уран бүтээлийн анд нөхрийнхөө тухай сэтгэлийн үгээ хэллээ.

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нутгийн зон олон, уригдан ирсэн хүндэт зочдодоо талархал илэрхийлэн хэлсэн үгэндээ,

-Унасан газар, угаасан ус нэгтэй нутгийнхандаа, нутгийнхаа уугуул суугуул иргэддээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Сэрсэн тал” гэдэг энэ хөгжим энэ нутаг ус, энэ нутгийн ард түмэн та бүхэнтэй минь холбоотой юм шүү. Тиймээс энэ хөгжим маань Жаргалтхаан нутагт минь эгшиглэж, энэ нутагт тоглогдож, энэ сайхан хөгжмийн наадам “Сэрсэн тал”-аар минь нэрлэгдэж байгаа нь их утга учиртай гэж бодож байна. Энэ наадам Жаргалтхааны наадам гэдэг нэрээрээ нэршиж он удаан жил үргэлжлэн зохиогдоосой гэж бодож байна. Ийм том наадмыг зоригтойгоор зохион байгуулж маш их хүчин зүтгэл гаргасан нутгийнхаа удирдлагууд, энд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье хэмээв.

Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан хоёр өдөр үргэлжилнэ. Хөгжмийн наадмын нээлтийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын удирдлагууд нутгаасаа төрөн гарсан авьяас билэгт хөгжмийн зохиолчид зориулж гэр урлан байгуулснаа албан ёсоор нээсэн юм.

“Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театрын төрийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлагаар хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” аялгууг эгшиглүүлсэн юм. Тус театрынхны хувьд “Сэрсэн тал” зохиол түүхэндээ хамгийн олон удаа тоглосон бүтээл нь юм. Морин хуурын чуулга ч гэсэн “Сэрсэн тал”-ыг түүхэндээ хамгийн олон тоглосон ажээ. Гадаадад сүүлийн олон жил энэ хөгжмийг тоглож байгаа. “Сэрсэн тал” хөгжмөөр төрийн олон арга хэмжээ эхэлдэг. Тэр дотроос төрийн наадам, хурдан морины уралдаан “Сэрсэн тал”-гүйгээр эхэлдэггүй. Дэлхийг тойрч дуурьссан яруу тунгалаг найрал хөгжмийн удиртгал “Сэрсэн тал” ийнхүү “төрсөн” нутагтаа, сэрсэн талдаа эгшиглэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *