Categories
мэдээ нийгэм

Бразилийн их, дээд сургуульд магистр, докторын зэргээр Монголоос оюутан сургахаар тохиролцов

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, ойрын зорилт, төлөвийн талаар ярилцсан юм. Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг Бразилийн тал илэрхийлэв. Боловсрол, спортын салбарт байгуулагдсан хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд Латин Америкаар мэргэшсэн дипломат бэлтгэх, Бразилийн их, дээд сургуульд магистр, докторын зэргээр Монголоос оюутан сургах, спортын салбарт хөлбөмбөг, жүдо зэрэг төрлөөр харилцан дасгалжуулагч солилцох, олон улсын чанартай тэмцээнд тамирчдаа харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. 2015 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсон бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ-ыг зорих Бразилийн жуулчдын тоо нэмэгдэж байгааг харгалзан Монголд аялуулах, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд хамтарсан бизнес уулзалт зохион байгуулах боломж байгааг талууд онцлож байв. Хоёр тал НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Монгол, Бразил хоёр улс 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Бразил нь хүн амын тоогоор дэлхийд зургаа дугаарт, газар нутгийн хэмжээгээр тав дугаарт, эдийн засгийн хэмжээгээр наймдугаарт ордог. “G-20” болон БРИКС-т чухал байр суурь эзэлдэг. Латин Америкийн бүс нутагтаа улс төр, эдийн засгийн тэргүүлэгч орон билээ. Тус улстай хөдөө аж ахуй, уул уурхай, этанол био-түлш үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа юм. Тус өдөр ХБНБУ-ын тусгаар тогтнолын 196 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тус улсын төрийн тэргүүн Мишел Темерт илгээсэн баярын мэндчилгээг гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *