Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдсан “Дисковер Монголиа”

Хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэсэн нь өчигдөр ШангриЛа-д эхэлсэн “Дисковер Монголиа-2018”-аас тод анзаарагдав. 25 орны 800 төлөөлөгч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг зорьж ирээд байна. Гадаадаас ирсэн оролцогч гэхэд л 200 хол давжээ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэхэд нөлөөлсөн гэж чуулганыг зохион байгуулагчид онцоллоо.

Б.Бямбасайхан: ЗҮҮНХОЙД АЗИЙН УУЛ УУРХАЙН ТӨВ БОЛМООР БАЙНА

Хөрөнгө оруулагчид, хайгуулын том төсөл хэрэгжүүлэгчид, тэрбум ам.доллараар яригдах мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийнхэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхлээд салбар хариуцсан төрийнхөн, олон улсын судлаач, шинжээчид хамтарч суугаад асуудлаа ярьж шийдэл хайж байгаа нь энэ удаагийн “Дисковер Монголиа”-гийн онцлог гэж зохион байгуулагчид нь хэллээ. Энэ жилийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганыг Засгийн газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас гадна Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн чухал тулгуур. Энэ салбарт тодорхой бизнесүүд идэвхтэй явж байгаа. Хүрээгээ тэлэх цаг нь ирчихлээ. Бидний хамтдаа зорих гол зүйл бол Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох алхмуудыг идэвхжүүлэх явдал. Ингэхийн тулд дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг зөв шийдэж, төслүүдээ зөв явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого зөв хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжинө” гэж ярилаа. Түүнээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд юунд анхаарах учиртайг сонирхоход “Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчид төрийн бодлого ойлгомжтой, тууштай байхыг л хүсдэг. Хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэх цаг ирсэн. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал болоод байна” гэсэн хариу өгсөн юм.

Д.Сумъяабазар: ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД СААД УЧРУУЛАХГҮЙ

Үндсэн хуралдааны гол илтгэгч нь УУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н IPO-гоос босгох таван тэрбум ам.доллараар Таван толгойд авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр барина, нийтдээ арав гаруй төслийг санхүүжүүлнэ гэж сайд онцлов. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Сайдын илтгэлээс “Талуудын яриа хэлцэл хэвийн л процесс, Оюу толгойн бүтээн байгуулалтад саад учруулахгүй”, “Хамгийн гол нь төрийн бодлого ойлгомжтой, тууштай байх ёстой. Буруу бизнесийн үйл ажиллагаа болон олон улсын стандартын дагуу явж буй бизнесүүдийг ялгаж салгамаар байна”, “Зах зээлдээ хэрхэн ойртох вэ гэсэн асуудалд анхаарч хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэх мэт үгс анхаарал татаж байлаа. “Уул уурхайн мөчлөг ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсан “Лайон менежер лимитед”-ийн захирал Хэдли Виддап ийн илтгэлээс сонирхол татахаар жишээнүүд цөөнгүй дуулдав. Африкийн Буркина фасо гэдэг улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон гэнэ. Хуулийн таатай орчин, тогтвортой байдал амласан ямар ч улсад хөрөнгө оруулалт сэргэх боломжтой гэж тэрээр ярьсан юм.

П.Ганхүү: ИРГЭДЭД НОГДОХ ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААГТАВАН САЯ БОЛГОНО

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, тоймыг хүргэж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлагатайг хөрөнгө оруулагчдад дуулгав. “Эрдэнэс Монгол” иргэн бүрт очих давуу эрхийн хувьцааг таван сая болгож нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хүн ам өсч байгаа учраас ийм шийдэлд хүрсэн гэнэ. Иргэд давуу эрхийн хувьцаагаараа дамжуулж төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудаас ашиг хүртэх боломжтой юм.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн төвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд бид Монголд үйлдвэрлэв стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа” гэж ярилаа. Оюу толгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

ХАЙГУУЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭНҮҮД

Үдээс өмнөх салбар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөв. “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Пол “Улсын хойд бүс: Коксжих нүүрсний ханган нийлүүлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэдний илрүүлсэн нөөц Монголын коксжих нүүрсний экспортын 20-30 хувийг хангана гэсэн том тоо сонсогдов. Нүүрсээ тээх төмөр замын талаар ч өөдрөг мэдээ дуулгав. Дэвид Пол “Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” гэж ярилаа.

“Степп голд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаагийн илтгэл ч сайн мэдээ ихтэй юм. “Монгол Улсын дараагийн алт мөнгөний олборлогч” сэдэвт илтгэл нь хөрөнгө оруулагчдын анхаарч сонссон илтгэлийн нэг байв. “Степп голд” компани энэ оны тавдугаар сард Торонтогийн бирж дээр 25 сая ам.долларын IPO-г амжилттай хийж гүйцэтгэжээ. Зургадугаар сараас хайгуул болон олборлолтын бэлтгэл ажлуудыг хангаж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн гэнэ. Тус компани Дорнод аймагт ашиглалтын нэг, хайгуулын хоёр, Баянхонгор аймагт хайгуулын нэг буюу нийт дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Анхаарал татсан төсөл нь “Алтан цагаан овоо” юм байна. Т.Батаа “Энэ ордын маань эхлэлийн зардал бага. Нэг унц алтыг гаргах зардал нь 430-450 ам.доллар. Манай компани уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтад шаардагдах бүх санхүүжилтийг шийдчихсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Зарим нь уурхайн талбайд ирсэн. Заримыг нь захиалсан, ирж байгаа” хэмээн онцоллоо.

Зэс алтны Хармагтай төслийн танилцуулгыг “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт хийсэн юм. Компанийн зүгээс өнгөрсөн зургаан жилд 25 сая ам.долларыг хайгуулд заржээ. Хайгуулын ажил дууссан, ирэх аравдугаар сард дараагийн шат руугаа шилжинэ гэсэн мэдээлэл өглөө. Хармагтайн хувьд ерөнхийдөө Оюу толгойн ордтой төстэй гэнэ. Зэс нь эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц гэдгийг шинжилгээгээр баталжээ. Олборлолтын зардал нь ч хямд аж.

Т.ГАНБОЛД: БИРЖТЭЙ БОЛБОЛ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан “Засгийн газрын санаачилгууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөлөө. “Засгийн газрын санаачилгууд” сэдвээр өрнөсөн хуралдаанаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдын “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил” сэдэвт илтгэл сонирхол татсан юм. Тэрээр “Эрдэс бүтээгдэхүүний экспорт огцом өсөх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн. Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдэх нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

ДЭЛХИЙГЭЭС МӨНГӨ БОСГОХ ШИНЭ БОЛОМЖИЙГ ХӨНДӨВ

Өнөө жилийн “Дисковер Монголиа”-гийн нэг шинэ өнгө нь үдээс хойш 15.50 цагаас эхэлсэн “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаан байв. Салбар хуралдаанд гадны Элчин сайдууд болон Монголд суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцсон юм. Салбар хуралдааны гол илтгэлийг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан тавилаа. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг дэд бүтцийн санаачилгуудын тухай” гэсэн сэдэв сонгожээ. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ирэх 15 жилд Азийн бүс нутагт зөвхөн дэд бүтцийн салбарт жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Манай улсын хамаарах бүс нутагт эдийн засгууд тогтвортой өсөхөд ийм хэмжээний шинэ дэд бүтэц шаардлагатай гэнэ. Бүс нутгийн улс орнуудын эдийн засаг цаашид улам уялдаатай болно, худалдааны хэмжээ нэмэгдэнэ гэсэн зураг гарчээ. Манай бүс нутагт 1.7 их наяд ам.долларын өртөгтэй хэрэгжих дэд бүтцийн төслүүдэд зэс, төмөр, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй, уул уурхайн том төслүүдээ хөдөлгөчихвөл боломж хажууханд байна гэсэн санаа нь содон дуулдав. Бүс нутагт өрнөх их мөнгөний бүтээн байгуулалтад оролцож их ашиг хүртэхийн тулд бүсийнхээ зах зээлүүдтэй нийлсэн дэд бүтцийн сүлжээнд анхаарах хэрэгтэй хэмээн илтгэгч онцоллоо. Зам тээвэр, төмөр зам авто зам, агаарын тээвэр, эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтад оролцох, хамрагдах боломж бий гэнэ. Цахилгаан эрчим хүчний хувьд гэхэд л Азийн супер сүлжээнд нэгдвэл салхи, нарнаасаа цахилгаан гаргаж Хятад, Япон зэрэг өндөр эрэлттэй улсад нийлүүлээд байх боломжтой гэж Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн онцлов. Азийн супер сүлжээний судалгааны ажил ид явагдаж байгаа юм байна. Б.Бямбасайхан “Бүс нутгийн улсуудтайгаа эрчим хүчний сүлжээгээ ирээдүйд холбох боломж байна. Техникийн талаас ямар ч асуудалгүй. Арилжааны ямар нөхцөлөөр, техникийн ямар горимоор холбох вэ гэдгийг тооцоод судлаад явж байна. Бид нар, салхины төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явбал ашигтай ажиллана. Эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр нэмэгдэнэ. Монголоо Азийн супер сүлжээний төв, мэдлэгийн хаб болгох нь бидний зорилго” хэмээн ярилаа.

“Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаанд оролцсон Элчин сайдуудын байр сууриас тоймлон хүргэе.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКА:

Дэлхийн худалдаа нүсэр бүтэцтэй болж байна. Apple-ийн гар утсыг Хятадад угсарч Америк руу гаргаж байна. Дэлхийн худалдаа, бизнест ийм хэлхээ үүссэн. Япон олон үйлдвэртэй. Мексикт том хөрөнгө оруулалт хийчихсэн. Мексикт үйлдвэрлэсэн бараагаа Америкт худалддаг. Манай улсын хувьд танай олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтад оролцсон. Цаашид нь шинэ нисэх буудал дээр хамтарч ажиллана. Монголд 20 мянган япон жуулчин ирж байгаа нь чамлалттай хэрэг. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Япон болон бусад улсаас ирэх жуулчдын тоо өсөх нь наад захын үр өгөөж. Хоёр улсын хооронд хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр нэг талаас бараагаа хямд өртгөөр экспортлох боломж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хувьд хамгаалалт болж байгаа гэж ойлгодог. Японы томоохон компани хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах охин компаниа Монголд нээх гэж байна. Криптовалют олборлоход компьютер маш их халдаг. Танай улсын өвөл их хүйтэн. Энэ утгаараа дата баазыг нь Монголд нээх боломж бий.

ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ МАКСИМ ВАСИЛЬЕВ:

Би 30 жилийн өмнө Монголд ирж байсан юм. Сүүлд ирэхэд тэс өөр улс намайг угтсан. Оросын хувьд Монголтой харилцах харилцаагаа шинээр харж байна. Оросууд эргэж ирж байна. Жишээ нь бид төмөр замын шинэчлэлийг дэмжиж байгаа. Жилд 100 сая тоннын тээвэр хийх хүчин чадалтай болгомоор байна. Хятад, Орос, Монголыг холбосон төмөр замын сүлжээг өргөтгөх цаг болсон. Танай улсын цэвэр эрчим хүчний потенциалыг ашиглах боломж ч байгаа. Бид Азийн супер сүлжээг сонирхож байна.

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЭВИД СПРУЛ:

Канад дэлхийд хамгийн хүчтэй улстай хил залгаа оршдог. Танай улс ч гэсэн том хөршүүдтэй. Заантай цуг нэг оронд унтаж байгаа хулгана шиг гэсэн зүйрлэл бий. Хулгана унтаж байхдаа эргэж хөрвөөвөл заан ажрахгүй. Харин заан эргэж хөрвөөвөл хулгана хэцүүднэ. Том хөршүүдтэй жижиг улсын хувьд бодохоор л зүйрлэл. Танай улс далайд гарцгүй. Тэгэхээр хоёр улстайгаа дэлхийд гарах гарцыг хайсан гэрээнүүд хийх хэрэгтэй. Мэдээж том гүрэн жижиг улсад дарамт үзүүлэх нь нийтлэг үзэгдэл. Асуудлаас гарах хамгийн гол зам бол ерөөсөө л зөвшилцөл. Дэд бүтцийн том төсөл хэрэгжүүлэхэд өндөр хүүтэй зээл олддог нь танай улсын хувьд том асуудал. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэхээс аргагүй. Танайх Хятад, Орос гэсэн хоёр том зах зээлтэй ойр гэсэн байршлын давуу талтай. Бас байгалийн баялаг гэх мэт потенциал өндөртэй. Ийм давуу талуудтай хэрнээ урт хугацааны төлөвлөлтдөө асуудал гаргадаг тал анзаарагддаг. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. “Дисковер Монголиа” өнөөдөр үргэлжилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *