Categories
мэдээ нийгэм

Цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхлэв

Өнөөдөр өглөөний 11 цагаас эхлэн цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлага, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийнхэн уулзсан.

Тус уулзалтын үр дүнд Засгийн газар ҮЭ-ийн байгууллага цалин нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрийг судлах хамтарсан ажлын хэсэг гарахаар болсон байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын 2018 оны есдүгээр сарын 6-ны 257 дугаар тушаалаар багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийжээ. Иймд боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилд нь оруулахаар болсон аж.

Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-ийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *