Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ

2018 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны өдрийн 17.30 цаг хүртэл нийт 511 төсөл хүлээн авч ажилласан юм.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын А-76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”ын төсөлд тавигдах шаардлагын дагуу судлан наймдугаар сарын 23-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хуралд хэлэлцүүлэхээр танилцуулсан болно.

“Төсөл сонгон шалгаруулах хороо” нь төслийн шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлоготой уялдсан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хийж дүгнэжээ.

Хорооны хурлын шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/141 тоот тушаалаар баталж, нэр бүхий 82 иргэн, аж ахуйн нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дэмжигдсэн төслүүдийн үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршлыг энд дарж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *